Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

ТОП МОДЕЛЬ С.АРИУНБИЛЭГ: Миний туйлын зорилго бол олон хүнд тусалж маш сайн эмч болох

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 5
iKon.MN

Монголд 14 хүн л Топ модель гэх цолыг хүртжээ. Тэгэхээр энэ бол яах аргагүй үнэ цэнэтэй шагнал ажээ. 

Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр. Отгон топ модель С.Ариунбилэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хэн бүхний аваад байдаггүй өргөмжлөлийг хүртсэн түүнийг "Өглөөний хүн" булангаараа та бүхэнд танилцуулж байна.

С.Ариунбилэгт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэж байна.

- Төрсөн өдрийн баярын мэнд!
- Баярлалаа. Ажил их байгаа болохоор энэ удаад төрсөн өдрөө тэмдэглэж амжихгүй бололтой.

-Топ модель болоод хүн бүхэн бүчиж байгаа байлгүй. Топ модель болсонд дахин баяр хүргье.
-Баярлалаа. Тухайн үед их баярласан болохоор зарим зүйлээ ч санахгүй байсан шүү. 

-Өөрийг чинь нэлээд хэдэн жилийн өмнө загварын тал дээр их идэвхтэй байж байгаад нам гүм болсон гэдэг юм билээ. Хүүхэд гаргасантай холбоотой юу?
-Моделийн ажлаа бол цалгардуулаагүй. Загварын шоунуудад оролцож, реклам, зураг авалтуудад оролцож байгаа. Харин миссийн буюу сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцоогүй удаж байна. Учир нь миссийн тэмцээнд нөхөртэй, хүүхэд гаргасан хүн оролцдоггүй. Хүүхэд гаргахаасаа өмнө миссийн олон тэмцээнд хүч сорьж байсан.

-Загвар өмсөөд хэдэн жил болж байгаа вэ?
-13 жил. 13 настайгаасаа загвар өмсч эхэлсэн. “Агшин” нэвтрүүлэгт үсэг сольж, зөөж өгдөг охин байлаа. 

-13 нас гэдэг чинь их жаахан байна шүү.
-Тийм ээ. Гадаа тоглоод гүйж явахад маань “Ганга гоёл” компанийн Б.Дунгаамаа захирал надтай уулзаад загвар өмсөгч болох санал тавьсан. Тэр үеэс загварын ертөнцөд хөл тавьсан гэсэн үг. “Шилмэл загвар”-ийн Д.Цолмон багш маань анхны тайзны алхааг зааж өгч байсан. Цолмон багшдаа баярлалаа гэж энэ ярилцлагаар дамжуулж хэлмээр байна.

"Шинэ залуу загвар өмсөгчдөөс нэр хэлж чадахгүй нь"

-Анх загварын ямар шоунд оролцож байв?
-2002 онд өвлийн “Гоёл” наадамд оролцож байсан маань анхны тайзны гараа байсан. Ингээд бодохоор охиноо гаргасан жилийг эс тооцох юм бол “Гоёл” наадамд 12 дахь жилдээ оролцож байна. 

-Олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм билээ. Амжилтуудаасаа хуваалцахгүй юу?
-Тийм ээ. 2005 онд “Мiss Mongolia” тэмцээнд оролцоод  “Miss IQ”-аар шалгарч байсан. Энэ нь IQ-ийн тестэнд хамгийн өндөр оноо аваад авсан шагнал. 2006 онд “Мисс Интернэшнл” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс”, 2007 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцоод “Ган-Эрдэнэ” өргөмжлөл тус тус авч байсан. 

Мөн “Miss World University-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл болон вакцинжуулалтын IVI компаний нэг жилийн нүүр царай болж байлаа.  

Яг загварын тал дээр 2009 онд “Гоёл” наадмаас тусгай байрын шагнал авч байсан.  Үүний дараа хүүхдээ гаргасан. Өнгөрсөн жил хаврын “Гоёл”-оос Гран При мөн тухайн жилийнхээ өвлийн “Гоёл”-оос “Шилдэг загвар” өмсөгчөөр шалгарч байсан. 

-Охин чинь хэдэн настай вэ?
-Одоо гурван настай. Удахгүй дөрөв хүрнэ. Охиныг маань З.Цэцүүхэй гэдэг.

Миний охин маш эрх. Надаас салдаггүй хүн бий. Одоо хүртэл мөөмөө иддэг шүү.

-Хүүхдээ төрүүлээд эргээд их амархан ажилдаа орсон байна. Бүсгүйчүүдийн хувьд төрчихөөд буцаад өрийн жиндээ очно гэдэг багагүй асуудал байдаг шүү дээ. 
-Оюутан байхдаа охиноо төрүүлсэн юм. Дөнгөж нэг сартай байхад нь хичээлдээ орсон. Тийм ч болохоор буцаад хурдан жиндээ очсон. Эх хүн болно гэдэг эмэгтэй хүнд хамгийн том аз жаргал байдаг юм билээ. 

Миний охин маш эрх. Надаас салдаггүй хүн бий. Одоо хүртэл мөөмөө иддэг шүү.  Жингийн хувьд охиноо яг нэг нас хүрэх үед хуучин жиндээ очсон.

-Өөрийг чинь шүдний эмч мэргэжилтэй гэж дуулсан. Энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
-Би 2011 онд шүдний эмчээр ЭМШУИС-ийг төгссөн. Харин сүүлийн хоёр жил нарийн мэргэжлийн буюу нүүр, амны мэс засалчаар мэргэшиж төгсөөд дипломоо гардаж аваад удаагүй байна. Миний хувьд давхар баяр болж байна. Мэргэжлээрээ удахгүй ажиллаж эхэлнэ. 

-Загварын тайзаа орхино гэсэн үг үү?
-Үгүй дээ. Топ модель болно гэдэг том хариуцлага. Энэ хариуцлагыг дааж авч явахын тулд хичээж ажиллах болно. 

Гэхдээ миний туйлын зорилго бол олон хүнд тусалж маш сайн эмч болох.  Бусад загвар өмсөгч шиг фото студитэй болох эсвэл загварын агентлаг байгуулаад явах сонирхол надад үнэндээ байхгүй. Гэхдээ загварын ажлаа үргэлжлүүлнэ. 

С.Ариунбилэг: Сайн эмч болох миний туйлын зорилго

-Сайхан бүсгүйчүүдийн ард ямар эр хүн байдаг бол гэдэг их сонирхол татдаг. Гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?
-Манай нөхрийг О.Золбаяр гэдэг. Програмист мэргэжилтэй. Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мизорн технологи” гээд хувийн компанидаа ажиллаж байгаа. Манай гэр бүл удахгүй тусдаа гарах гээд хүлээж байна. Одоо аав, ээжийндээ амьдарч байгаа. Нэг талаар аав, ээжийндээ байх их тустай байдаг. Энэ их ажлын хажуугаар охиныг маань харж өгөх, зарим нэг дутуу үлдээлсэн ажилд минь тусалж арыг маань хариуцахад мөн сэтгэл санааны маш их дэмжлэгийг гэр бүл маань өгч байдаг. 

Өнөөдрийн амжилтанд хүрэх үндэс маань яах аргагүй гэр бүл ялангуяа ээжтэй маань холбоотой.  Аав, ээждээ чин сэтгэлээсээ талархаж намайг төрүүлж өсгөсөнд нь үргэлж баярлаж явдаг, та хоёртоо хайртай шүү гэж хэлмээр байна.

Мөн хадам аав, ээж хоёртой ч их хайртай. Тэд маань намайг их ойлгож, хайрладаг. 

-Аав, ээжийгээ танилцуулахгүй юу.
-Манайх нэгдүгээр 40 мянгатад байдаг байсан. Юуны түрүүнд өвөөгөө танилцуулмаар байна. Өвөөг маань Жамъяанжав гэдэг. Өвөө маань тухайн үеийнхээ 10 том эрдэмтдийн нэг нь байсан. Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг үүсгэн байгуулж анхны захирал нь хийж байсан хүн байдаг. 

Аав, ээж хоёр маань хоёулаа багш. Аавыг маань өндөр Сүхбаатар гэхээр анагаахынхан андахгүй мэднэ. Ээж маань харин гадаад хэлний чиглэлээр  доктор хүн байдаг. 

-Хүүхэд насаа дурсахгүй юу?
-Би гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийг төгссөн. Дунд сургуульд сурдаг байхдаа “Монголжингоо” тэмцээнд оролцож түрүүлж байлаа. Хүмүүс намайг “шар" Ариунаа, "ногоон" Ариунаа гэдэг байлаа. “Шар Ариунаа” гэхээр хүмүүс их таньдаг (инээв). Наймдугаар ангид байхдаа “Овжин охид” гэж кинонд тоглож байлаа.

-Загварынхны анхны охидын хамтлагыг үүсгэж байсан. “Cherful” хамтлаг яагаад тарсан бэ. Дахин дуу гаргах уу?
-Манай хамтлагийн нөгөө гишүүнийг Т.Уранзул гэдэг. Хоёроос гурван дуу хийгээд нэг дуугаа Сингапурт очиж дүрсжүүлж клип хийж байсан. Тэр дуу гарсны дараа олны анхааралд нэлээд орж, хамтран ажиллах олон санал ирж байсан. Гэвч манай хамтлагийн гишүүн маань бие давхар болоод хувийн амьдралаа зохиохоор болсон. 

Ингээд бид дууны урлагийн карьераа дуусгах нь зөв юм байна гэж ярилцсан. Надад бусад хүн шиг тийм чадалтай, хүчтэй хоолой заяагаагүй учраас цаашдаа дуучин болохыг тийм ч их хүсээгүй. Багынхаан л хүслийг биелүүлээд өнгөрсөн.

-Топ модель гэргийтэй байх нөхөрт чинь мэдээж тааламжтай байгаа байх даа?
-Топ модель цолыг авсны дараа нөхөр маань намайг тэвэрч аваад Монголын 14 топ моделийн нэгийг тэвэрч байгаадаа би их азтай юм гэж хэлсэн. Тэр үг надад их урам зориг өгсөн.

-Топ модель болонгуут Ц.Мянганбаяртай холбон тайлбарладаг. Энэ мэдээлэл гэр бүлд чинь хэцүү л байгаа байх даа.
-Сайтуудад гарсан мэдээллийн доод талд тиймэрхүү сэтгэгдэл их бичигдэж байна гэсэн. Миний хувьд сэтгэгдэлд тийм ч их анхаарлаа хандуулдаггүй. Гол нь тухайн сэтгүүлчийн мэдээлэл үнэн, худал дээр нь л санаа тавьдаг. 

Ц.Мянганбаяртай холбоод бичихэд инээд ч хүрэх шиг. Эмзэглэх ч шиг болсон. Ц.Мянганбаяр гэж хүнийг би хүндэлж явдаг. Монголын загварын ертөнцөд үнэтэй хувь нэмэр оруулсан. 

Ц.Мянганбаяр гэж хүнийг би хүндэлж явдаг.

Хоёр, гурван хүнтэй холбогдсон түүх тэр хүнд байгаа байх. Харин хүн болгон ялангуяа загвар өмсөгч болгоныг холбож бичих нь байж болохгүй зүйл. Хүмүүс магадгүй намайг сайн танихгүй, мэдэхгүй учраас тэр хүнтэй холбож бичсэн юм болов уу даа.

-“Гоёл” наадам топуудыг сонгохдоо анхдагч загвар өмсөгчдийг шалгаруулах хандлага их байна гэсэн шүүмжлэл байдаг. Бараг л ажилласан жилийг нь үнэлээд энэ шагналыг олгоод байна уу даа гэж харахаар байна. Харин өөрөө үүнийг юу гэж бодож байна вэ?
-Тийм шүүмжлэл байсан. Үүнтэй би санал нийлэхгүй байгаагаа хэлмээр байна. Яагаад гэхээр топ модель гэсэн цолд зөвхөн ажилласан жил чухал үзүүлэлт биш. Олон шалгуур үзүүлэлт байдаг. Загварын ертөнцийг сайн мэдэхгүй өнгөц харж байгаа хүмүүс л ийм дүгнэлт хийж байгаа байх. Туршлага, хийсэн бүтээсэн зүйл, оролцсон тэмцээн, уралдаан, биеэ авч яваа байдал, цаашид энэ нэрийг хэрхэн авч явах вэ гээд олон үзүүлэлт бий.

-Энэ жил хэрвээ өөрөө топ модель болоогүй бол өөр хэн байх байсан бэ? 
-Би энэ шагналыг авах болзол хангасан байсан учраас дотоод сэтгэл зүйн бэлтгэлийг нэлээд өмнөөс хийсэн. Гэхдээ энэ цаг мөч хэзээ гэдгийг мэдэхгүй байсан. Битүүхэндээ өөртөө итгэлтэй байлаа. Гэхдээ яг тэр шагнал авах мөчид бас л гэнэтийн цочролд ордог юм билээ.

Миний хувьд шинэхэн загвар өмсөгчдөөс нэрлэж чадахгүй нь. 

-14 топ моделиос хамгийн их хүндэлдэг бас үлгэр авдаг нь хэн бэ?
-Бүгдийг нь хүндэлдэг. Хамгийн түрүүнд “мөнхийн залуу” гэгдэх топ модель Э.Одгэрэлийг нэрлэмээр байна. Гоо сайхан байдлаа гайхалтай авч яваа тэр бүсгүйгээс үлгэр авахгүй байхын аргагүй шүү дээ.

Мөн топ Д.Цолмон багш, Ч.Туяацэцэг, Г.Уранцэцэг гээд бүгдээрээ хүндлэм хүмүүс шүү дээ.

-Монгол дизайнеруудаас тэрний л хувцасыг өмсөх дуртай гэсэн хүн байдаг уу?
-“Торго” салоны О.Болдыг их хүндэтгэдэг. Түүний загваруудаас өмсөх дуртай.

"Шар" Ариунаа, "Ногоон" Ариунаа гэдгээр маань хүмүүс намайг илүү мэддэг

-Хүнээс цалинг нь асуух их бүдүүлэг гэдэг. Гэхдээ сонирхмоор санагдаад байдаг юм. Монголд өдөр тутам загварын шоу болоод өдөр болгон зураг авалтанд ороод байх хэрэгцээ, шаардлага байдаггүй байх. Монголд загвар өмсөөд амьжиргаагаа залгуулна гэдэг байж болох зүйл үү?
-Энэ асуултад шууд л хариулах нь зөв байх. Монголд угаасаа өдөр тутам загварын шоу болоод байдаггүй учраас бидэнд тогтмол орлого байхгүй гэсэн үг. Гэхдээ Дизайнеруудын холбооноос тогтмол цалин өгдөг байсан ч сүүлийн хэдэн сар цалингаа аваагүй. Загвар өмсөгчдийг нэг, хоёр, гуравдугаар түвшингээр ангилаад цалин өгдөг байсан. Ингэлээ ч энэ бол хангалттай цалин биш. Тиймээс заавал давхар өөр ажилтай байх шаардлагатай байдаг.

-Дизайнеруудын холбоо чинь өөрөө хаанаас санхүүждэг байж таарах уу. Ц.Мянганбаяр санхүүжүүлдэг гэдэг бил үү?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Ямартай ч сүүлийн нэг жил цалингаа аваагүй. 

-Гадны загварын шоуг харж байхад моделиуд нь их дүнсгэр харагддаг. Харин манайхан их цоглог байдаг. Гэтэл саяны “Гоёл” наадамд манай загвар өмсөгчид их дүнсгэр байлаа гэцгээж байгаа. Таныхаар яг ямар байдалтай тайзан дээр алхах ёстой вэ?
-Яг л дизайнерийнхаа гаргахыг хүссэн тэр загварыг үзүүлэх ёстой. Бид олон жилийн туршлагатай гадны загварын ертөнцөөс суралцаж бас нэг талаар хөл нийлүүлэн алхаж байна. 

Яг алхалтын хувьд орон орны бас тив тивүүдийн онцлог гэж байдаг. Европчууд нэг өөр алхаж байна. Тэгэхэд азиуд шал өөр алхаж байх жишээтэй. Тэгэхээр тухайн хүмүүсийнхээ онцлогоос л хамаарч байна гэсэн үг. Энэ жилийн “Гоёл”-ыг тэгж шүүмжилж болохгүй. Бид цаг үетэйгээ л хөл нийлүүлж алхаж байгаа.

- Монгол моделиуд гадны агентлагуудтай их хамтарч ажиллах болсон. Өөрт чинь тийм боломж гарч байв уу?
-Би арван жилээ төгсөөд л шууд их сургуульдаа суралцсан. Надад гадагшаа явж ажил хийх завдал огт гараагүй. Тэр тал дээр миний сонирхол ч бага. 

- Миний ярилцлагын булангийн уламжлалт асуулт. Өглөө хэр эрт босч, ямар ямар ажил амжуулдаг вэ?
-Миний хамгийн хийх дуртай ажил бол унтах. Гэлээ гээд унтаад байдаггүй л дээ. Ямар ч байсан өглөө нар мандах үед  босоод нарандаа сүүгээ өргөж, залбирдаг. Түүний дараа гэр бүлдээ зориулж өглөөний цай бэлддэг. Энэ бол гэр бүлдээ барьж байгаа хайрын илэрхийлэл байдаг.

-С.Ариунбилэгийг гурван үгээр илэрхийлвэл?
-Гуравхан үгэнд үү. Хэцүү юм байна. Тэнгэр, хайр, чадвар гэж хэлмээр байна.

-Яагаад тэнгэр гэж?
-Үүнийг хоёр, гурван жилийн дараа тайлбарламаар байна. Надтай хоёр жилийн дараа холбогдоод асуугаарай.

 

Ярилцсан: Ч.Болортуяа bolortuya@ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.