Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Пүрэвбаатар: Хүмүүст сэтгэлийн дэм өгч, эрмэлзлэл төрүүлнэ гэдэг чинь их буян шүү дээ

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Зураач, лимбэчин Т.Пүрэвбаатар: Би олны дунд очиж байж л хүмүүсээс гоё энерги, урам авдаг

“Hi –Fi”  рекордсыг зорьсон маань учиртай. “Хэрвээ хүмүүс...” нэртэй цомгийг худалдан авлаа. 

Энэ цомгийг борлуултанд байгааг мэдэнгүүтээ худалдан авсан минь энэ. Цомгийн эхний аяыг анхаарал тавин сонсоход л нүдийг нулимс бүрхэх юм. 

“Үүрд хамт байгаач ээж ээ” гэх энэ дууг зөндөө сонсч байсан ч лимбэний аялгуунд гайхамшигтай эгшиглэж дууны утга агуулгаас илүү энэ цомгийн эзэн Т.Пүрэвбаатарын амьдрал төсөөлөгдөж, нүдэнд харагдах шиг. 

iKon.mn сайт “Өглөөний хүн” ярилцлагын буландаа Т.Пүрэвбаатарыг урьсан юм. 

Уншигч авхай Та ярилцлагыг маань уншиж байх явцдаа Т.Пүрэвбаатарын “Үүрд хамт байгаач ээж ээ” дууны аялгууг тайзан дээр амилуулсан бичлэгийг үзээрэй. 

Надад төрсөн тэр мэдрэмж ТАНД лав мэдрэгдэх буй за.  

"Хүний тэвчээр, эр зориг гэдэг бидний бодож байгаагаас илүүг дааж чаддаг" Ник Вуйчич

Энэхүү ярилцлагыг "BEST WESTERN PREMIER TUUSHIN" зочид буудлын 25 давхарт хийлээ. Ярилцлага хийх боломжоор хангаж өгсөн тус зочид буудлын хамт олонд талархсанаа илэрхийлье.


- Юуны түрүүнд уншигчдад маань зориулж өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Намайг Т.Пүрэвбаатар гэдэг. Зураач мэргэжилтэй. Лимбэ хөгжим тоглох хоббитой. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. 

- Тантай өмнө нь уулзаж байхад “2013 онд амьдралдаа анхны гэгдэх олон үйл явдал тохиож, амжилтаар дүүрэн байсан” талаар ярьж байсан. Энэ баяртай үйл явдлуудаасаа хуваалцахгүй юу?
- Өнгөрсөн жил анхны бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргасан. Мөн анхны цомгоо гаргасан. Анх удаа тайзан дээр гарч үзлээ. Анхны бүхэн гайхалтай сайхан байлаа. 

- Зураач хүний хувьд бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэдэг их том амжилт шүү дээ. Та ямар төрлөөр зурдаг вэ?
- Ямар нэгэн стиль жанарт баригдаггүй. Голцуу авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр зурдаг. Гэхдээ яг өөрийгөө гүйцэд “олоогүй” байна. Яваандаа нэг чиглэл барих байх. Одоо бол янз бүрээр л оролдоод байна.  

- Таны фэйсбүүк хуудас дээр өөрийн тань хөрөг зураг байсан. Их бодолд автсан зураг. Харин тэр зургийн нэр “Тэмүүлсээр” гэсэн нэртэй. 
- Тийм ээ. Би өөрийгөө зурж өөрийн дотоод ертөнц, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэхийг хүссэн. Хүний хөргийг зурахдаа янз бүрээр эвдэж зурж болдог. Гэхдээ бусдын хөргийг таллаад зурахаар хэн нэгэнд таалагдахгүй байх. Харин өөрийнхөө зургаар хүсч, бодож байгаа зүйлээ харуулахыг хүссэн. 

Нэрний тухайд хүн болгон өөр өөрийнхөөрөө хардаг. Тэр нь ч их сонирхолтой. Миний олж хараагүйг, надаас илүү зургийг минь ойлгосон, шал өөр өнцгөөс харсан хүмүүс ч байдаг.  Энэ сэтгэгдлүүдээс би янз бүрийн сэдэл олж авдаг. 

 Голцуу авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр зурдаг. Гэхдээ яг өөрийгөө гүйцэд “олоогүй” байна.

- Үзэсгэлэнгээ “Сонгох уу, эс сонгох уу” гэж зургийнхаа нэрээр нэрлэсэн байсан. Яагаад?
- Хүний амьдрал тэр чигээрээ сонголт байдаг. Хүмүүс тэдэн жилийн өмнө тэгчихсэн бол тэгэх байсан гээд л ярьдаг. Сонгох гэдэг үг Ерөнхийлөгч, УИХ-ын сонгууль шиг дөрвөн жилд нэг удаа хэрэглэдэг  зүйл биш. Хүн цаг, өдөр тутам сонголт хийж тэр нь амьдралд янз бүрээр бууж байдаг.  Энэ утгаараа үзэсгэлэнгээ  “Сонгох уу, эс сонгох уу” гэсэн зургийнхаа нэрээр нэрлэсэн. 

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд бусад шиг дээд сургуульд сурна гэдэг хэцүү. Дээд сургуульдаа хэрхэн сурсан тухай ярьж өгөхгүй юу?
- Дунд сургуульд багшилдаг байсан н.Түмэнгэрэл багштайгаа олон жилийн өмнө таарсан юм.

Багш маань “зургаа яагаад зурахгүй байгаа юм бэ” гээд загнисан. “Гайгүй зурдаг хүүхэд байсан. Яагаад хаа хамаагүй юм хийгээд яваад байгаа юм” гэсэн. 

Шалгалт өгөөд сургуульд ор гээд намайг дагуулж яваад СУИС-д шалгалт өгүүлсэн. Тэгээд шалгалтандаа тэнцээд сургуульдаа орсон доо. Багшдаа их баярлаж явдаг. 2002 онд сургуульдаа элсээд таван жил сураад төгссөн. 

- Гудамж, талбай эхнээсээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зам, шатаа өөрчилж байна. Гэхдээ хангалтгүй зүйл их байгаа. Ялангуяа сургуульд тэр бүр зориулалтын шат, гишгүүр, хаалгатай байх нь ховор биз?
- Тийм ээ.  Оюутан байхдаа анги хамт олныхоо тус дэмээр сургуулиа төгссөн. Дээш доош давхар луу гарах гээд тэр бүрт маань ангийнхан маань тусалж, дэмжиж сургуулиа төгссөн. Ер нь их дээд сургуулиуд цахилгаан шаттай болчих хэрэгтэй юм байна лээ. 

Арван жилдээ өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ мэдрээгүй л өссөн. Ангийн хамт олон маань үүрэх үедээ үүрээд, тэврэх нь тэврээд л тоглоод явдаг байсан. 

Ер нь их дээд сургуулиуд цахилгаан шаттай болчих хэрэгтэй юм байна лээ. 

- Дээд сургуулийн сургалтын төлбөрөө та тухайн үед яаж төлж байсан бэ?
- Улсаас даасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг улсаас нэг удаа буюу төгсөн төгстлөө үнэгүй их, дээд сургуульд сургадаг. Энэ боломжоо ашигласан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдийг нэг удаа улсаас их, дээд сургуульд улсаас сургаж өгдөг юм билээ. 

- Тэгвэл та хамгийн түрүүнд том хүүхдээ сургах эрхтэй юм байна. 
- Тийм ээ. Тиймээс ч би хүүдээ хэлдэг. Миний хүүд боломж байгаа шүү. Сонирхолтой салбартаа хичээгээд сураарай гэж захидаг. 

- Цомгийн тань тухай яриагаа үргэлжлүүлье. Хэдий өдөр тутам сонсдог дуунууд ч лимбэний аялгуунд маш гоё сонсогдож байсан.
- Би өөрийнхөө цомгийг сонсох маш их дуртай. Хүн болгон сонсох дуртай дуутай, сэтгэлдээ, амандаа ямар нэгэн дуу аялж байдаг. Үгийг нь мэдэхгүй ч аяыг нь аялаад явж байдаг. Цомогтоо хүмүүсийн сэтгэлд чихэнд хоногшсон сонсох дуртай, өөрийн тоглох дуртай хуучны сайхан дуунуудыг сонгож оруулсан. 

Лимбэ хөгжим өөрөө их уянгалаг, хүний сэтгэлийг хөдөлгөдөг хөгжим. 

- Энэ хөгжмийг багаасаа сонирхож эхэлсэн гэж байсан. Өөрөө хөгжмөө урлачихдаг ч гэж бас сонссон юм байна. 
- Бага байхад “Хон гил дон” гээд кино гардаг байлаа. Тэр киног үзсэнээс хойш л лимбэ хөгжмийг сонирхох болсон. Орны цагаан төмрийг ухаж, нүхлээд  л лимбэ хөгжим болгочихдог байсан. Хүүхэд наснаасаа шохоорхон сонирхож явсан энэхүү аялгуу уянгат лимбэ хөгжим миний дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж ирсэн анд нөхөр минь болж дээ.

- Анх удаа тайзан дээр гарахад ямар байсан бэ. Таны бичлэгийг үзэхээр ямар ч сандарсан зүйлгүй их тайван харагдаж байсан. 
- Их сандарсан. Аль болох хичээгээд биеэ бариад л гарсан. Олон хүний алга ташилт, сэтгэл хөдлөл тайзан дээр байхад илүү ихээр мэдрэгдэж маш их урмыг авсан. Амьдралын маань мартагдашгүй сайхан өдрүүдийн нэг байсан.  

Т.Пүрэвбаатарын анхны тайз, бичлэг:

 

- Энэ жил хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаа юу?
- Шууд төлөвлөсөн гэж хэлж чадахгүй. Бодол бол байгаа. “Санаж явхад бүтнэ.Сажилж явахад хүрнэ” гэдэг дээ. 

- Анхны цомгоо гаргахад “Анир” студи их тус болсон гэж байсан. Цомгийн борлуулалт хэр явж байна ?
- Одоо цомгоо хүмүүст таниулж, хүргэх буюу сурталчилгаа их чухал юм билээ. Энэ тал дээр миний чадвар муу юм шиг байна лээ. Гэхдээ бага багаар зарагдаад амьдралд маань нэмэр их болж байгаа.

“Анир” студи маань энэхүү цомгийг гаргахад студид хийгдэх бүхий л талд ивээн тэтгэж тусалсан. Мөн энэ цомгийг олшруулахад, хавтас дизайн дээр олон хүн чин сэтгэлээсээ тусалсан. Бүх хүмүүсдээ баярлалаа.

Түүнээс цомог гэдэг чинь нэлээд өндөр өртөгтэй бүтдэг юм байна лээ. 

- Та одоо “Меркури” зах дээр очиж байгаа юу?
- Очиж байгаа. 

- Өдөр болгон очих уу?
- Долоо хоногтоо нэг, хоёр удаа очдог. 

“Меркури” зах дээр очиж хүмүүстэй их танилцдаг. Бас амьдралаа залгуулна шүү дээ. 

- Манай Монголд л гудамжинд хөгжим тоглоод суух нь эвгүй ойлголт байдаг болохоос хөгжингүй оронд энэ чинь бүр урлагийн нэг төрөл болоод хөгжчихсөн байдаг. 
- Тийм ээ. Гудамжиндаа урлагаа хийгээд явж байгаа хүмүүс хүртэл байдаг. Би олны дунд очиж байж л хүмүүсээс гоё энерги, урам авдаг. Мөн тэндээс хүмүүстэй их танилцдаг. Бас амьдралаа залгуулна шүү дээ. 

- Цомог гаргах нь таны санаа байсан уу. Эсвэл танд тусалсан найзын чинь санал байв уу?
- Цомог гаргах тухай олон жилийн өмнөх яриа байсан. Гудамжинд лимбээ үлээж байгаад “Анир” студийн Б.Алтанхуяг болон түүний гэргийтэй танилцсан. Тухайн үед Хуягаа маань намайг цомог гаргавал чамд амьдралд чинь их хэрэг болно доо гэж хэлсэн. Тийм л сайхан сэтгэлтэй хүмүүс дээ.  

Олон жилийн өмнөх яриа. Тэр үед яагаад ч юм боломж, нөхцөл бүрдээгүй. Би оюутан ч байсан. 

Тэгээд өнгөрсөн жил зургийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөөд явж байхад багын найз Баатраа маань энэ тухай сануулж  зөвлөсөн. Баатраа маань сэтгэл санаа болон бусад эд материалын тал дээр үзэсгэлэн гаргахад надад тусалсан гол хүн. Сайн залуу, сайн найз. Миний хүндэлж явдаг хүний нэг. Үүний дагуу Хуягаатайгаа очиж уулзтал найз маань намайг бүрэн дэмжсэн. Студийнхээ бүх талаар тусалж, дэмжье гэсэн. Ингээд л цомог маань үзэсгэлэн гаргах өдөр бэлэн болоод гар дээр маань ирсэн. Цомгийг маань олшруулах ажилд  “Mottoo” компани маш их туслаад хөнгөлөлт үзүүлээд үлдсэн өртгийг нь сайн санаатай хүмүүс, найз нөхөд маань туслаад цомог маань “босоод” ирсэн дээ.

Үндсэндээ би бараг лимбээ л үлээсэн. Бусад нь сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр бүтсэн гэж хэлж болноо.

- Танд лимбэ хөгжим тоглох хэцүү байдаг уу?
- Би өөрөө мэргэжлийн хөгжимчин биш. Лимбэ хөгжмийг тоглоход маш их хурд, амьсгаа, мөн сэтгэл шаарддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд боломжгүй зүйлийг боломжтой болгосноороо л хүмүүс намайг жаахан тоодог байх. Түүнээс би тийм мундаг лимбэчин биш гэж боддог. 

- Зургийн тухайд бүх ажлыг нэг гараараа амжуулна гэдэг мөн л хүнд байдаг байх. Будгаа найруулах зэрэгт гэргий тань тусалдаг уу?
- Үгүй ээ. Би эхнэрээ гар хүргүүлдэггүй. Бүгдийг өөрөө л хийдэг. Зургийнхаа хостыг хүртэл өөрөө ганцаараа татчихдаг. 

Т.Пүрэвбаатарын уран бүтээлээс ...

- Эрхтэн бүтэн, эрүүл саруул хэрнээ ажилгүй, “амьдралгүй” хүмүүс их. Тэр хүмүүс намайг хараад урам зориг аваасай гэж та боддог уу?
- Яг ингэж боддоггүй. Хүмүүс ярьдаг л юм. Чамайг хараад урам авлаа гэх сэтгэгдэл их байдаг. Мэдээж хүнд хэрэг болоод ямар нэгэн хэмжээгээр тус болж байвал сайхан шүү дээ. Гэхдээ би өөрийгөө тийм мундаг хүн болчихсон гэж бодохгүй байна. 

Над шиг мөртлөө хүмүүст урам зориг өгөөд явж байгаа жишээнүүд байдаг л даа. Австралийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ник Вуйчич хүмүүст лекц уншаад урам зоригтой амьдрах итгэл хайрлаад явдаг.

Энэ хүн шиг ажил хийвэл бас сайхан санагддаг. Хүмүүст сэтгэлийн дэм өгч, эрмэлзлэл төрүүлнэ гэдэг чинь их буян шүү дээ. 

Гэхдээ би өнөөдөр лимбэ үлээгээд, зураг зураад, ярилцлага өгөөд яваад байгаа маань нэг их мундаг хүн болох гээд байгаа хэрэг биш. Би амьдрахын төлөө зүтгэж байгаа хүн.

- Та аав, ээжээсээ хэдүүлээ вэ. Аав, ээжийнхээ тухай танилцуулахгүй.
- Аавыг маань  Д.Бизъяа гэдэг. Олон жил био үйлдвэрт ажилласан хүн. Ээжийг маань Ж.Төмөрчөдөр гээд сайхан эмэгтэй байсан.  Аав, ээжээс долуулаа. Би өөрөө айлын дундах. Дээрээ нэг ахтай, доороо нэг эрэгтэй дүүтэй. Бусад нь эмэгтэй. 

Анх гэргийтэйгээ гэр бүл болж байхад эцэг, эх хоёр маань хоёулаа өөд болсон байсан. Тиймээс дүү нар маань бүгд манайд байдаг байсан. Том хүү маань гарчихсан өнөр өтгөн л амьдардаг байлаа. 

Дүү нараа “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд” хүргэсэн. Одоо бүгд тус тусдаа айл болчихсон өөрсдийгөө аваад явж байна. 

- Эхнэртэйгээ танилцсан түүхээсээ ярьж өгөхгүй юу?
- Эхнэрийг маань Мөнхтуул гэдэг. Манай хүн чинь найзын маань дүү. Тухайн үед найзынхаараа орж гардаг байхад эхнэр маань надад тусалж, дэмжээд намайг энд, тэнд хүргэж өгдөг байлаа. Ингэж явж байгаад л бид хоёр бие биедээ татагдаж суусан даа. 

Дүү нараа “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд” хүргэсэн. Одоо бүгд тус тусдаа айл болчихсон өөрсдийгөө аваад явж байна. 

- Анх гэр бүл болж байхдаа гэрээсээ оргож хүртэл үзэж байсан гэсэн. Их сонирхолтой хайрын түүхтэй юм билээ. 
- Мэдээж хэн ч над шиг хүнтэй охиноо суулгахыг хүсэхгүй. Тэр үед оргож, босоод янз бүрээр үзсэн.

- Оргоод хайчсан бэ?
- Оргоод эгчийндээ очоод учир байдлаа хэлсэн. Тэгсэн эгч шууд очоод бэр гуйя гэхээр нь бид хэд дэмжсэн. Ээжийн талынхаа хамгийн настай хүнийг дагуулаад хадаг яндар болоод ороход хадмууд маань “үгүй” гэж хэлж чадаагүй. 

Ингээд л бид хоёр гэр бүл болсон доо. 

- Одоо хадмууд тань танд сайн биз дээ?
- Над шиг сайн хүргэн байхгүй шүү дээ /инээв/.

- Бага хүүхэд чинь дөрвөн настай. Гурван сайхан хүүхэдтэй. Ер нь хэдэн хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бэ?
- Дахиад нэг хүүхэд гаргавал болно гэж бодож байна. Гэхдээ яг ойрын нэг, хоёр жилдээ хүүхэдтэй болох талаар төлөвлөөгүй байгаа. 

Т.Пүрэвбаатар: Хөгжлийн бэрхшээл гэдэг үгийг оносон үг биш гэж боддог

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх тал дээр яаж анхаараасай гэж хүсдэг вэ?
- Яг хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хийж бүтээе гэсэн хүмүүсийгээ дэмжих нь чухал. Мэдээж тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжээсэй гэж хүсдэг. Гэхдээ алгаа тосоод зүгээр суухыг хэлээгүй. Өөрөө амьдралаа босгоод ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа хүмүүст жаахан туслаад өгвөл илүү сайн сайхан амьдрах боломжтой. 

Сайхан сэтгэлтэй үнэхээр хүнийг ойлгодог хэсэг хүн надад тусалж байна. Гэхдээ хүн болгон ардаа ажилтай, амьдралтай. Надад нэг удаа тусална. Хоёр дахь удаагаа тусална. Гурав дахиа тусална нь гэдэг хэцүү. Бүгд амьдралын төлөө тэмцэж байгаа шүү дээ 

- Танд яг одоо юу хэрэгтэй байгаа вэ, юун дээр туслаасай гэж бодож байна вэ?
- Миний хувьд төрөөс байр, орон сууц хүсэхгүй. Харин урлангийн л ганц өрөөтэй болмоор байна. Одоо утаатай ч гэсэн гэр хороололд амьдраад болоод л байна. 
Орон сууц гээд хүсээд байхгүй. Харин ажлаа хийх боломжтой сайхан урлантай л болмоор байна. 

- Одоо байгаа урлан тань бүтэхгүй болсон гэсэн үг үү?
- Тэр урлан маань айлын хажуу өрөөг бага өртгөөр түрээслэж хийдэг юм. Харин сүүлийн үед урлан маань үнээ нэмэх гээд янз бүрийн асуудал их байгаа. 

Миний хувьд төрөөс байр, орон сууц хүсэхгүй. Харин урлангийн л ганц өрөөтэй болмоор байна.

- Гудамж, зам талбай, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын шат, явган хүний зам, гишгүүр гээд нэг үеэ бодоход овоо бий болж байна. Гэхдээ яг та бүхний өдөр тутмын амьдралд хүндрэл бэрхшээлтэй зүйл олон л байгаа байх. 
- Дэд бүтцийн асуудлууд нэлээд шийдэгдэж байна. Энэ бол төрийн бус байгууллагуудын гавья. Тодорхой хэмжээнд ажлууд хийгдэж л байна. Гэхдээ л анхаарах зүйл олон байдаг. Жишээ нь, бид нарт зориулсан зориулалтын шатаар нь гарахад хэтэрхий огцом, амьдралд нийцэхгүйгээр хийчихсэн зүйлүүд байдаг. “Хийсэн” гэж нэр зүйх төдий зүйлүүд их. Үнэхээр сэтгэлээсээ хандсан ажлууд ч мөн зөндөө. Нэгэнт л мөнгө, цаг, заваа зарцуулаад хийж байгаа юм чинь яг стандартаар нь тэр шат, гишгүүр, хаалгаа хийгээсэй гэж хэлмээр байна. 

- Одоогийн байдлаар нийтийн тээврээр зорчих ямар ч боломжгүй байгаа. Гадаадад бол шатаа буулгаж өгөөд тэргэнцэртэй иргэд болон хүүхдээ тэргэн дээр түрж яваа эцэг, эхчүүдийг суулгадаг. 
- Насаараа хөгжлийн бэрхшээлтэй байгаа хүний хувьд олон бэрхшээл зовлон туулсан. Нийтийн тээврийн хэрэгсэл маань гэхэд орох хаалганы голд төмөртэй байдаг. Тэр төмөрний хажуугаар бид нар багтдаггүй. Уг нь хүмүүс тэр төмөрнөөс хүмүүс татаж суудаг юм билээ. Харин бид нар тэр төмөрний хажуугаар багтаж ордоггүй. 

Мөн хамгийн наад зах нь үйлчилгээний байгууллагын ариун цэврийн өрөөний хаалга гэхэд тэргэнцэртэй хүн багтахааргүй байх жишээтэй. Гэтэл бид ч гэсэн биеэ засах эрхтэй хүмүүс биз дээ. 

- Нийгмийн хариуцлага сайтай байгууллагууд чинь тэргэнцэртэй хүмүүст зориулсан ариун цэврийн өрөөтэй хүртэл болж байгаа. Гэхдээ цөөхөн л дөө. 
- Тийм ээ. Тэр бол сайшаалтай. Ариун цэврийн өрөө байтугай хаалгаар нь багтаж ордогггүй байгууллага олон шүү дээ. 

Нийтийн тээврийн тухайд нэмээд ярихад, автобус маань угаасаа хүрэлцээ багатай. Тиймээс микро автобус иргэдэд үйлчилдэг. Бид нар микрод суухад хэцүү. Нэг хүний мөнгө илүү төлж суувал их юм. Харин том автобусанд намайг нэг хүн өргөж суулгах хэрэгтэй болохоор суухад бүр ч хэцүү. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй бид нар байтугай эрүүл хүмүүс нь багтаж, сууж хүрэлцэхгүй байхад бид нарт хүртээмжгүй нь ойлгомжтой байгаа юм. 

Бас нэг алдаатай хууль дүрэм гарсан. Авто машины дугаарын хязгаарлалт гэж зүйл гарч ирээд дахиад л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг зөрчсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийн хүний машин тухайн өдөр гарахгүй бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүн нь яаж явах вэ гэсэн асуудал үүсч байгаа юм. Угаасаа нийтийн тээврээр зорчих эрхийг нь хангаж өгөөгүй байж дахиад авто машинд зорчих боломжгүй болгож байгаа юм. Үндсэн хууль зөрчсөн юм шиг санагддаг. 

Уг нь энэ алдаагаа ойлгоод нэг шийдвэр нэмж гарсан байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй мөртлөө жолооч хүн байвал дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн заалт гарна гэж байсан. Гарсан үгүйг сайн мэдэхгүй байна. Гэтэл мэдээлэлийг уншаад үзэхээр хөгжлийн бэрхшээлтэй 40 жолооч байдаг. 

Харин цаана нь байгаа 40 мянган хүн яах вэ.Тэр тусмаа тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүс яах вэ 

Бид нар гараад такси барих хэцүү. Гурван хүн байхад эхний хоёр хүнийг авсны дараа намайг авах жишээтэй. Дийлэнх жолоочид нь. Гэхдээ яг намайг зорьж ирээд хүргээд өгдөг жолооч нар байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. 

Ингээд л бид энэ хүйтэнд яах аргагүй алхаж явах хэрэгтэй болдог. Ингэхээр бидний нөгөө ажиллаж, хөдөлмөрлөх эрхэд дахиад л бэрхшээлийг бий болгоод байдаг. 

- Та хэдэд нэгэнт байгаа бэрхшээлийг нэмж бэрхшээлээр дараад байгаа юм байна шүү дээ. 
- Тийм гэсэн үг. Дээрээс нь би энэ хөгжлийн бэрхшээл гэдэг үгийг оносон үг биш гэж боддог. 

Хөгжлийн бэрхшээл гэхээр тухайн хүн тэр чигээрээ бэрхшээл болж харагдаад байдаг. Хуучны тахир, дутуу гэдгээ арай зөөллөсөн юм шиг байгаа юм. 

Гэтэл энэ үг утгын хувьд биднийг хөгжих эрхгүй хүн шиг харагдуулаад байдаг. 

- Таны ярьж байгаа энэ бэрхшээл, тулгамдаж байгаа асуудлыг сонсдог хүн гэж ер нь байна уу?
- Нийгмийн ажилтнууд бий. Гэтэл нэг хороонд нэг л нийгмийн ажилтантай. Тэр хүмүүс чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, амьжиргааны түвшин доогуур өрхүүд, өнчин, өрөөсөн хүүхдүүдийг харж хандах гээд маш олон асуудалтай.

Ингээд харахаар нэг нийгмийн ажилтан хаанаа хүрэх вэ дээ. Нэг хороо хэдэн хүнтэй билээ. Тэгээд л бодох хэрэгтэй. 

Үүнийг би төрийн бас нэг алдаатай бодлого гэж хардаг. Уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хариуцсан, өндөр настан, хүүхдүүдээ тус бүрт хариуцсан нийгмийн ажилтан байх хэрэгтэй санагддаг. Нийгмийн ажилтнуудын мэргэшил дээр ч гэсэн сургуулиуд анхаарах ёстой. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хариуцсан нийгмийн ажилтан тэргэнцэртэй хүнээ дээш, доош буулгах дээр анхан шатны мэдлэгтэй баймаар. 

Манай эхнэр тийм бяртайдаа намайг түрээд явдаггүй. Ерөөсөө арга, эв дүйг нь олоод түрээд явдаг

Ингээд төрөлжөөд явбал нийгмийн ажилтнууд маань хариуцаж байгаа хүмүүсийнхээ зовлон жаргалыг илүү мэдэрч тэр чинээгээрээ төр засагт дуу хоолой маань хүрэх байх гэж бодоод байна. 

Дээрээс нь олдмол байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс маань нийгмээс илүүтэй тусгаарлагддаг. Учир нь тэд өөрийнхөө байгаа байдалтай эвлэрч чадахгүйгээс болоод сэтгэлээр илүү их унаж гэрээсээ ч гардаггүй. Амьдралд нь маш том өөрчлөлт орчихоор тэр хүмүүс их эмзэг болчихсон байдаг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн идэвх бага байх хандлага их. Тиймээс бидний дуу хоолой тэр чинээгээрээ бага байна гэсэн үг. 

Зарим нэг нь төрийн бус байгууллага байгуулаад идэвхтэй байгаа хүмүүс байдаг ч хүн л болсон хойно сайнтай, муутай янз бүрийн л юм сонсогддог. Иймээс төрийн бодлого дутагдаж байна гэж ойлгодог.

- Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын уулзалтанд очдог, оролцдог уу?
- Би тэнд ажилладаг хүмүүсийг заримыг нь танина. Одоо бол тийм ч идэвхтэй байдаггүй. 

Харин гэр бүлтэй болохоосоо өмнө нэлээд идэвхтэй байж суулт зарлахад хүртэл оролцдог байлаа. 

- Протез хийлгэхийг хүсдэггүй юу та?
- Ихэнх хүмүүс протез хийлгэхийг хүсдэг. Бас байгаа байдалтайгаа зохицоод хийлгэхийг хүсдэггүй хүн ч бий. Улсаас гурван жил тутамд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэ төлбөргүй протез хийлгэх боломж олгодог. Миний хувьд одоо хийлгэх сонирхолгүй. 

Тэртээ тэргүй хийлгэхгүй хүмүүс нь хууль байдаг юм чинь тэр мөнгийг нь авах сонирхол байна. 

Яагаад болохгүй гэж. Тэр мөнгийг нь аваад амьдралдаа хэрэглэмээр байна. 

Т.Пүрэвбаатар гэргийн хамт

- Таны энэ тэрэг ямар үнэтэй вэ?
- Энэ тэргийг нэг хүн бэлэглэж байсан. Хятадаас Америк руу экспортоор хийгддэг тэрэг. Хятадаас Монгол руу ирдэг тэрэгтэй харьцуулахад стандарт шал өөр. Энэ тэргийг би зургаан жил унаж байна. Яагаа ч үгүй. 

Миний тэрэгнүүдээс хамгийн их удаж байгаа нь энэ.  Урдаас орж ирж байгаа тэргийг унахад үсрээд хагас жил болдог.

- Тийм хурдан эвдэрдэг юм уу?
- Тэгэлгүй яах вэ. Монголын зам талбай ямар билээ. Янз бүрийн юм их болно шүү дээ. Хагас жил болвол их юм. Гэрээсээ гардаггүй хүмүүс арай жаахан удах байх. 

- Та хоёр дандаа алхаж байна уу?
- Янз бүр. 

- Такси барихаар зогсох нь ховор байх.
- Шууд тэгж хэлж болохгүй ээ. Ихэнх нь зогсдоггүй. Гэхдээ л бүр зорьж ирээд бид хоёрыг хүргэж өгдөг хүмүүс байдаг. 

- Одоо улсаас ямар хэмжээний тэтгэмж авдаг вэ?
- Улсаас сард 103 мянган төгрөг өгдөг. Намайг бага байхад энэ их бага мөнгө байсан. Хүүхэд байхдаа хэдэн төгрөг өгдгийг ч сонирхдоггүй байсан. Аав, ээж маань аваад л надад зарцуулдаг байсан. 

Харин тусдаа айл болоод гарсан хойноо анх удаа өөрөө мөнгөө авсан нь сард 10 мянган төгрөг байсан. 2000 оны эхээр шүү дээ. Үнэхээр гайхсан. Энэ мөнгө баг багаар нэмэгдэж явж байгаад сүүлд 50 мянган төгрөг байсан. Гурван жилийн өмнө огцом нэмэгдсэн нь Т.Ганди сайдын үед хоёр дахин нэмээд 100 мянган төгрөг болсон. 

Гэсэн ч 100 мянган төгрөгөөр амьдрахад хэцүү шүү дээ. Тиймээс өөрөө давхар хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. 

Лимбэ хөгжмөө үлээж л олны хүний туслалцаа, дэмжлэгээр амьдралаа авч явж байна. 

- Та захиалгаар зураг зурдаг уу?
- Зурж байгаа. 

- Үнэ хөлсний хувьд ямар байх уу?
- Бүтээлээсээ л хамаарна. 

- Хөрөг зурж өгөх үү?
- Зурна. Гэхдээ хөрөг зурна гэдэг тийм амар зүйл биш. Тухайн хүнийг хараад төстэй зурж болно. Харин яг тэр хүнийг зурна гэдэг бол тухайн хүний энерги рүү нэвтэрч байж зурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хөрөг зурж байгаа хүн өөрөө нэлээн эрчим, энергитэй байх хэрэгтэй. 

- Зарим хүн тэгж ярьдаг. Хараагүй хүний сонсгол их сайн байдаг. Эсвэл сонсголгүй хүний хараа их сайн байдаг гэдэг. Тэгэхээр таны баруун гар их хүчтэй бас авъяастай байх. 
- Хоёр гараараа хийдэг зүйлийг нэг гараараа хийдэг болохоор илүү чадвар хөгжсөн байдаг болов уу. 

Арван жилийн сургуулиа төгссөний дараа наймаа хийж үзсэн. Мод хагалдаг ажил хүртэл хийж байсан. 

Том том модыг жижиг сүхээр ганц цохиод л хагалдаг байлаа. Хүмүүс гайхдаг байсан. Ер нь л аливаа зүйл хийхэд хүч чадал гэхээсээ илүү эвийг нь олох их чухал. 

Гэхдээ л мод хагалахаар хүч бяр суулгүй яахав. Найз маань нэг машин модыг хагалаад өг гэхээр нь гурван өдрийн дотор л нэг “30” машин модыг хагалаад шуудайлчихдаг байсан. 

Ажлыг голохгүй л хийдэг. “Хүн ажлыг голдоггүй. Ажил хүнийг голдог” гэж ёстой үнэн үг шүү. 

- Та гэр бүлтэй болохоосоо өмнө муу зуршил ихтэй байсан гэж ярьсан.  Яаж муу зуршлаасаа салсан бэ?
- Эхнэртэйгээ суухаасаа өмнө хаяа нэг бор дарс хүртчихдэг байснаа нуухгүй ээ. “Буруу сонсоогүй бол буцахгүй” гэдэг шиг гэр бүлтэй болохоосоо өмнө найзуудтайгаа наргиж, цэнгэх үе байсан. Бас тамхи их татдаг байсан. Одоо бол хоёуланг нь хэрэглэхээ больсон. Архийг бол болъё гээд л шууд уухаа больсон. 

Харин тамхинаас гарах гэж нэлээд оролдож байж гарсан. Одоо бол бодогдох ч үгүй байна. Хүний амьдрал дандаа сонголт байдаг гэж дээр хэлсэн. Сайныг нь сонгоод явахад маргаашийн мандах нар өнөөдрийнхөөс ч илүү сайхан санагддаг үе байдаг шүү дээ. 

- Танд нэмж хэлэх зүйл бий юу. Ярилцаад байвал суугаад л байхаар байлаа. 
- Чи яагаад надаас алдартай асуултаа асуухгүй байгаа юм бэ?

- Ямар асуулт билээ?
- Өөрийгөө гурван үгээр тодорхойлооч гээд өмнөх ярилцлагууд дээр чинь байсан.  Гэхдээ тэгж асуусан бол би хариулахгүй байсан байх. 

- Яагаад?
- Би энэ асуултыг бодоод хариулт олоогүй.      

 

Ярилцсан Ч.Болортуяа bolortuya@ikon.mn 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.