Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ариунцэцэг: Тус гэдгийг материаллаг бус илүү оюуны талдаа түлхүү хөгжүүлэх нь зөв ...

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 14
iKon.MN

iKon.mn сайт “Өглөөний хүн” ярилцлагын булангаа эхлүүлж байгаад таатай байна.

Энэ булангийн анхны зочин Д.Ариунцэцэг. Хэвлэл, мэдээлэлд төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг түүнийг бид “нууцлаг нэгэн” гэж хардаг. Харин түүний яриа бодож төсөөлж байснаас тань өөр хүнийг санагдуулахыг үгүйсгэхгүй юм.

Олон нууцын тайлал ил болох болов уу ...

- Бидний ярилцлагын булан “Өглөөний хүн” нэртэй. Тиймээс хоёулаа өөрийн тань өглөө хэрхэн эхэлдэг тухай яриагаа эхэлье. 
- Өглөөг хэрхэн угтсанаар тухайн өдөр үргэлжилдэг гэдэг. Миний хувьд өдөр болгон өөр өөрийн онцлогтой ч өглөө бүрийг инээд хөөртэй, эрүүл хоолтой эхэлдэгээрээ өдөр бүхэн ижилхэн. 

Ц.Саранцэцэг багшийн бясалгалын хичээлд сууж иогоор олон жил хичээллэж байгаа. Тиймээс зарим өглөө хэрэв хангалттай цаг байвал дасгал хийж мөн өглөө босохдоо өмнөх өдөр уншиж байсан номноосоо ганц, нэг хуудас унших дуртай. 

Д.Ариунцэцэг: Уншиж мэдсэн, дуулсан бүхнээсээ сайн сайхныг нь бусадтайгаа хуваалцах дуртай.

- Өглөө хэр эрт босдог вэ? 
- Аав, ээж маань их эртэч хүмүүс. Эрдэнэтэд өглөөний 6.30 гэхэд айлуудын цонх гэрэлтэй болчихсон байдаг. Харин 7.00 цагт аль хэдийнэ өдөр болчихсон юм шиг гудамжаар нь хүмүүс холхиод эхэлдэг сэн. Тэр хүмүүжлээрээ ч юм уу өглөө эрт босч сурсан. Мэдээж амралтын ѳдѳр болон зарим өглөөд онцын ажилгүй бол хангалттай сайхан амраад босдог. 

- Сүүлийн үед өөрийн чинь олон нийтийн сүлжээнүүд дэх хуудсуудаар сургаал үгс, ухаарал хайрласан мөртүүд их хөврөх болж. Энэ сурч, боловсорч байгаатай чинь холбоотой юу? 
- Багаасаа өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн ном, сэтгүүлийг сонирхож унших дуртай байсан. Tэр дундаа өвөг дээдсээс уламжлагдан ирсэн сургаал, номлол , шүлэг, аффоризмуудыг багтаасан ном товхимол миний ширээний ном. Учир нь тэдгээр үнэн үгсийг хэсэгхэн хугацаанд уншаад хэрэгтэй зүйлсийг нь амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал санагддаг юм. 

Ажиглаад байхад олон нийтийн сүлжээ, интернэт орчин зарим хүний хувьд бусдын нэр төрд халдах эсвэл бүдүүлэг авираа гаргах хэрэгсэл болгож ашиглаад байх шиг. Харин миний хувьд энэ цахим сүлжээгээр дамжуулан бусдад илүү гэгээлэг зүйлсийг түгээж байвал зүгээр санагддаг. Тиймээс уншиж мэдсэн, дуулсан бүхнээсээ сайн сайхныг нь бусадтайгаа хуваалцах дуртай. Түүнээс ямар нэгэн байдлаар сургаал айлдаад, ийм байх ёстой, энэ бол цорын ганц үнэн юм гэсэн дүгнэлтээр бичиж оруулдаггүй ээ.

- Та олон улсын нислэгийн компанид ажиллаж гадаадад бас багагүй хугацааг өнгөрөөсөн. Одоо эх орондоо ирж суурьшаад ажиллаж, амьдарч байна. Гадаад хүмүүстэй ажиллах, Монголдоо амьдраад ажиллаж байхад залуучуудын хувьд ямар ялгаа байна вэ?
- Дэлхийн олон орны залуустай хамтран ажиллаж олон хүнтэй харьцаж байхад үндэстнүүдийн зан чанар, үзэл бодол их тодорхой харагддаг юм билээ. Би тэдгээр залуусаас олон сайхан чанаруудыг олж мэдэж өөрсдийн дутагдалтай талуудаа олж харсандаа баяртай байдаг.

Тухайлбал, Монгол залуучууд маш чадварлаг болж байгаа . Бид яагаад тэднийгээ дэмжээд дэлхийн хүнийг Монголоосоо гаргаж ирж болохгүй гэж. Яг үнэндээ биднээс бусдад их атаархуу, бусдыгаа гоочлох, доош татах гэсэн байдал дэндүү илт харагддаг. Бусад орны залуучуудтай харьцуулахад шүү дээ..

Манайд юм хийж бүтээж байгаа нэгнээ заавал өөнтөглөдөг байдал газар авсан юм шиг. Бид үргэлж улстөр, нийгэм болохгүй бүтэхгүй байна гэх зэргээр бусдад алдааг тохож шүүмжилдэг. Харин тэр нийгэм гээд байгаа чинь бид өөрсдөө биз дээ. Хэн нэгэн мундаг хүн гарч ирээд бидний амьдралыг, Монгол улсыг өөрчилнө гэж хүлээх хэрэггүй. Өөрөө өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчилж нийгмээ дотроосоо эрүүлжүүлэх хэрэгтэй байх.

Солонгосчуудаас жишээ авахад, тэд “бид”, “бидний”, “бидний улс эх орон”, “бидний ажил” гэж ярьж, асуудалд ханддаг.
Хятадад гэхэд, дунд сургууль, их сургуульд сурч байгаа залуус “би сайн сурах юм бол эх орон маань илүү сайхан хөгжинө” гэж боддог. Багш нар нь ч мөн адил “чи муу сурвал улс орны хөгжил саарна” гэж сургадаг нь хэдий хүн амын тоо их ч гэсэн “Улс чинь чамаар дутдаг” гэх эх оронч үзлээр аль багаас нь хүмүүжүүлдэг нь гайхалтай санагдсан.

Харин манайд эсрэгээрээ “чи муу сурвал чи л ядуу, ажилгүй нэгэн болно. Харин сайн сурвал чи баян хангалуун амьдарна” гэсээр байгаад амиа хичээсэн хүмүүс болгочихдог юм шиг. Тэгэхээр үүнээс харахад жаахан юм шиг хэрнээ ийм асуудлаас эхлээд өөрсдийнхөө төлөвшилд анхаарч эхлэх хэрэгтэй болов уу.

Гадныхан ийм тийм гэж муу бүхнийг нь ярихаас түрүүнд тэд яагаад биднээс түрүүлж хөгжил дэвшилд хүрээд байна вэ гэдгийг судалж, сайнаас нь эхлээд суралцаасай гэж хүсэж байна.

-Товчхондоо бол бид асуудлыг төр засгаасаа нэхээд байх биш өөрсдөөсөө эхлэх ёстой. 
- Тийм шүү. Нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй байх. Би төр засагтаа үнэтэй хувь нэмэр оруулаад, гавьяа байгуулсан хүн биш ээ. Өнөөдөр миний ярьж байгаа зүйл бол Монгол улсын жирийн нэгэн иргэний дуу хоолой юм шүү гэж хэлмээр байна. 

- Олны танил байгаа тань жирийн нэгэн биш гэдгийг харуулж байгаа болов уу. Ер нь олны танил байхын эерэг, сөрөг талыг та яаж мэдэрч байна вэ? 
- Миний хувьд загвар өмсөх болоод миссийн тэмцээнд оролцож эхлэх үед олны танил болох зорилго байгаагүй. Хүүхэд насны хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орсон тэмцээн, уралдаандаа түрүүлж урам зориг авч өөрийгөө нээж хөгжүүлээд явж байсан. Харин энэ бүгдийн дараа миний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлүүд угтаж авсан. Өөрийнхөө тухай хэвлэл мэдээллээр үнэн, худал бичсэн зүйлсийг харж, алхам тутмыг маань сонжоод эхлэхэд түүнийг хүлээж авахад надад хүнд байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам үүнээс би их зүйлийг сурсан. Мэдээж муу зүйлийн ард сайн сайхан зүйл ч байдаг гэж боддог. 

Сайн тал гэвэл өнөөдөр би тантай ярилцаж хэвлэл мэдээллээр дамжуулан өөрийн үзэл бодлоо олон нийтдээ хуваалцах боломж олгогдож байгаа маань яалт ч үгүй бусаддаа дуу хойлоогоо хүргэхийг хүссэн мянга мянган залуучуудаас илүүтэйгээр олгогдсон давуу тал юм болов уу гэж бодож байна. 

Өөрийнхөө тухай хэвлэл мэдээллээр үнэн, худал бичсэн зүйлсийг харж, алхам тутмыг маань сонжоод эхлэхэд хүлээж авахад надад хүнд байсан.

- Д.Ариунцэцэгийн явуулж байгаа хүмүүнлэгийн ажлуудыг олонтаа харах, үзэх болсон. Голдуу хүүхэд, багачууд руу хандан ажиллаж байгаа харагддаг. Хүмүүнлэгийн ажилд хэзээнээс оролцож эхэлсэн бэ. Цаашдын зорилго чинь юу вэ? 
- Амьдрал маань хангалуун байгаад бусдад өгч, туслах гээд байгаа хэрэг биш. Харин байхгүй байхын зовлонг мэддэг, ойлгодог хүмүүс хүмүүнлэгийн ажилд илүү идэвхтэй оролцдог болов уу гэж боддог. Туслах гэдэг нь хүний чин сэтгэлээс гардаг, эргээд хариу нэхээгүй байх ёстой гэдэг үүднээс бусдад тусалж, дэмжсэнээ зарлаад байх нь тийм зохимжтой биш гэж хүмүүс хүлээж авдаг. 

Би ч саяхныг хүртэл ингэж боддог байлаа. Харин найз нөхөд маань энэ сайн үйлсийг илүү хүчтэй, хүртээмжтэй болгох, олон хүнийг хамруулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Тиймээс ч жил гаруйн өмнөөс хийж байгаа ажлуудынхаа зарим нэг зургийг фэйсбүүк дээрээ тавьсан. Үүний үр дүнд чимээгүй бусдад тусалдаг олон залуутай холбогдож чадсан. Цаашдын маань үйл ажиллагаа ч энэ залуустайгаа хамтраад илүү их үр дүнтэй ажлууд хийнэ гэж бодож байгаа. 

Энэ жилийн “Өгөх өдөр” -өөр бид өөрсдийн зорьсон Саажилттай хүүхдийн 10-р цогцолборт шаардлагатай байгаа зүйлүүдээр туслах эхний ажлууд эхэлсэн байгаа.

- Тусламж дэмжлэг өгч байгаа зүйлсийг та бүхэн хувиасаа гаргаж байна уу. Эсвэл байгууллагууд үүнд оролцож байгаа юу?

- Янз бүр. Сүүлийн жилүүдэд байгууллага гэхээсээ хувь хүн, залуучууд түлхүү оролцдог болсон. Саажилттай хүүхдийн цогцолборт эхний ээлжинд хамгийн хэрэгтэй байсан угаалгын машин аваачиж өгсөн. Цаашдаа тус гэдгийг материаллаг бус илүү оюуны талдаа түлхүү хөгжүүлэх нь зөв юм байна гэж үзээд байгаа. 

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн арга хэмжээ болон амжилттай яваа нэгнээсээ бусад нь суралцах зэрэг оюунлаг ажлуудыг зохион байгуулах төлөвлөгөөтэй бий. 

- Өөрийн чинь хийж байгаа ажлууд илүү хүүхэд рүү хандаж байгаа харагддаг. Ээж болсонтой чинь холбоотой болов уу? 
- Анх 2006 онд манай байрны доод давхрын рестораны үүдэнд 10-11 насны таван хүүхэд бусдын машиныг угааж, арчиж, харж өгөөд амьдардаг байсан. Тэр хүүхдүүдэд туслахыг хүсч холбогдох хүмүүстэй нь уулзаж тэдэнд яг юу шаардлагатай байдаг талаар судалж эхэлсэн. 

Хүйтний улиралд тэд хаяг тогтоох байранд олноороо очдог бөгөөд эцэг, эхийн анхаарал дутсан тэдгээр хүүхдүүдэд хамгийн том тулгамдсан асуудал нь эрүүл мэнд байсан. Тэдний эрүүл мэндэд төсөвлөгдсөн мөнгө бага учраас эрүүл мэндийн үзлэгт хамруулан, шаардлагатай эм тариаг авч өгч энэ ажлаа эхэлж байсан. 

Үүнээс хойш анхаарал халамж дутсан эдгээр хүүхэд болон эцэг эхтэйгээ амьдардаг ч хүнд хэцүү амьдралтай айлын үр хүүхдүүдэд нь туслах болсон. 

Туслах гэдэг маань зөвхөн эд зүйлс өгөхдөө биш хүүхэд, багачуудынхаа сэтгэлгээ, боловсролыг хѳгжүүлэх тал дээр мѳн анхаарлаа хандуулж байна. Үрчийсэн цаасыг тэнийлгэх гэж оролдож байснаас тэнэгэр цаас шиг байгаа багачуудтайгаа бид түлхүү ажиллах нь зөв болов уу. 

Д.Ариунцэцэг: Үр хүүхдээ сайн сайхан бүхэнд сургаж хүмүүжүүлнэ гэдэг их чухал үүрэг

- Охиныхоо хүмүүжилд яаж анхаарч байгаа вэ? 
- Хүүхэд эхээс төрөхдөө дүүрэн хайр, энхрийлэл дунд төрдөг. Харин тэр өшөө хорсол, муу муухайг бусдаас харж, амьдралаас сурдаг. Тэгэхээр хүн хүнээ л эвддэг. 

Тийм учраас эцэг, эх болсон хүн үр хүүхдээ хараад хайрлахаас гадна сайн сайхан бүхэнд сургаж хүмүүжүүлнэ гэдэг их чухал үүрэг.

Сингапурт байхад ажигласан зүйл бол тэнд сургуулийн бүх хүүхэд төрийн дууллаа дуулаад хичээлдээ ордог байсан. Жижигхэн юм шиг хэрнээ энэ нь хүүхдүүдэд эх орноо хайрлах том суурь хүмүүжил олгодог юм шиг.

Манай охин эмээ, өвөөтэйгээ ихэвчлэн хамтдаа байдаг. Охинд маань эмээ, өвөөгийнх нь бидэнд суулгаж өгсөн аливаад чин сэтгэлээсээ ханддаг тэр зан чанар өвлөгдөж ирээсэй гэж хүсдэг. Охинтойгоо ярилцах их дуртай. Хүүхдүүдийг хайраар л дүүрэн өсгөх ёстой болов уу.
Саяхан манай нэг эгч нэг зүйл ярьсан нь миний сэтгэлийг их эмзэглүүлсэн.

- Юу гэж ярьсан юм бол? 
- Байрны гадаа хүүхдүүд овоороод байхаар нь очоод харсан чинь шархадсан тагтаа байсан гэсэн. Тэгтэл тэр хүүхдүүд тагтаанд туслахын оронд бүгдээрээ гар утсаараа зургийг аваад, “энэ байранд байдаг мууранд өгчихье, муур тагтааг яаж барихыг харъя” гээд яриад зогсож байсан гэнэ лээ. 

Үүнийг сонсчихоод их сонин санагдсан. Намайг жаахан байхад шархадсан амьтан таарвал бид нар эмчилж, эдгээх гээд л явдаг байсан. Үхчихсэн амьтныг бол оршуулаад л гүйдэг байлаа. Тэгсэн одооны хүүхдүүд шал өөр сэтгэлгээтэй. Яаж бие биенээ барьж идэж байгааг харахыг хүсдэг болж. Тиймээс л бид хүүхдүүддээ бусдыг хайрлаж, байгаа орчиндоо зөв хандлагатай хүн болгож хүмүүжүүлэхэд илүү анхаарах ёстой цаг юм шиг санагдаж байна. 

-Танай охин одоо хэдэн нас хүрч байгаа билээ? 
- Дөрвөн настай. 

- Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? 
- Эмэгтэй хүний хамгийн чухал үүрэг бол сайн ээж, сайн гэрийн эзэгтэй байх гэж ойлгодог. Тиймээс ч эмэгтэй хүний хамгийн чухал, нандин үүрэг учраас олон хүүхэдтэй байх сайхан шүү дээ. Бурхан надад хэдэн хүүхэд заяана түүнийг л би хүлээж авна. 

- Хэвлэлээр таныг Ц.Мянганбаяр, Д.Пүрэвсүрэн хоёрыг салгаж амьдралаа эхлүүлсэн гэх зэргээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл бичигдэх юм. Энэ бүгдэд та албан ёсоор хариулт өгөх цаг нь болсон гэж боддоггүй юу? 
- Өөрийгөө би бусдад ойлгуулахын тулд хоёр хүний өнгөрсөн амьдралыг олонд яриад байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин гэр бүл үймүүлж амьдрал салгасан уу гэвэл албан ёсоор үгүй гэж хэлье. Өнөөдөр бүх юм ард хоцорсон хойно нь энэ тухай яриад сууж байгаа нь утгагүй ч таныг асуусан болохоор хариуллаа. 

Энд нэг зүйлийг тодруулж бас хэлэх ёстой. Өдийг хүртэл би энэ талаар хэвлэл мэдээлэлд нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Тухайн цаг үед нэг өдөр, нэг цаг ч бидний дэргэд байж бодит байдлыг хараагүй хэрнээ зарим нэгэн сэтгүүлч бусдын болон өөрсдийн бодол төсөөллөөрөө элдэв зүйл зохиож бичих, түүгээр ч зогсохгүй өмнөөс минь ярилцлага хүртэл зохион нийтэлж байсан нь өнөөдөр бусдад миний тухай хий хоосон ойлголтыг бий болгосон. Энэ мэтчилэн ёс зүйгүй үйлдэл өнөөдөр хэчнээн олон хүний амьдралыг хохироож байгааг хэн ч мэдэхгүй. 

Гэр бүл үймүүлж амьдрал салгасан уу гэвэл албан ёсоор үгүй гэж хэлье. 

- Худал мэдээлэл таны эргэн тойрны хүмүүсийг чинь багагүй бухимдуулдаг байх даа. Та бол их тайван хүн шиг санагдлаа. 
- Гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүс маань намайг мэддэг, ойлгож хайрладаг. Энэ л надад хангалттай болохоор өөрийн тухай гарсан худал мэдээнд нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Харин зарим нэгэн бүхнийг мөнгөөр үнэлж дүгнэдэг, зоосны нүхээр амьдралыг хардаг хүмүүсээр эцэг эх, үр хүүхдээ доромжлуулахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Элдэв гарч байгаа мэдээ бүрт няцаалт хийж тэр болгон тайлбар өгөх дургүй,тэгэх ч шаардлагагүй гэж бодож байна.

-Ярилцлагын эхэнд таныг танилцуулахдаа фото мисс үү, ард түмний мисс гэх үү гээд олон байдлаар тодорхойлж болж байна. Яг таны хүсч байгаа имиж юу вэ? 
- Монгол улсын иргэн. Ингэхэд л хангалттай. 

- Өөрөө бас оюутан. Цаашдаа ямар салбарт ажиллахаар төлөвлөж байгаа вэ? 
- Тийм ээ. Би сургуульдаа байхдаа оюутан хүн шиг, гудамжинд гараад иргэн хүн шиг, гэртээ байхдаа ээж, эзэгтэй хүн шиг л байхыг хүсдэг. 
Харин цаашдаа юу хийхийг хүсч мөрөөдөж байгаагаа урьдчилж ярих дургүй. Амьдралд өгч болдоггүй амлалт гэж байдаг юм байна гэдгийг ойлгож мэдэрсэн шүү.

Бага байхдаа эмч болохыг хүсдэг байсан. Энэ тухайгаа хүмүүст ярьсан чинь “Ариунцэцэг эмч болохоор сурч байгаа” гээд биччихсэн байсан. Ингээд хүмүүст буруу ойлгогдоод байдаг болохоор би энэ талаар ярьмааргүй байна.

- Өөрийг тань “Ард түмний мисс” гэсэн өргөмжлөл яваад байдаг. Энэ ямар учиртай цол, гуншин бэ? 
- 2003 онд Эрдэнэт хотыг төлөөлж Монголын сайхан бүсгүй тэмцээнд өрсөлдөх саналыг тавьж байсан. Үүний дагуу гэр бүл, сургууль хамт олон маань дэмжээд энэ тэмцээнд ирж оролцсон. Тэмцээн дуусах мөчид шүүгчдийн шийдвэр, үзэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр үед үзэгчдийн надад өгсөн үнэлгээ, алга ташилт, дэмжлэгийг хэвлэлүүд бичихдээ “Ард түмний мисс” гээд бичээд эхэлсэн. Тэгэхээр энэ нэрийг надад хэвлэлийнхэн өгсөн гэсэн үг. Түүнээс ямар нэгэн байдлаар тодорхойлж гардаж авсан шагнал биш. Тэр өдрийн үзэгчдийн өгсөн алга ташилт, дэмжлэг өнөөдрийг хүртэл олон зүйлийг хийхэд урам авчирсан. Эерэг энерги, хүч чадал өгдөг. Миний хувьд энэ миний маш том ялалт, урам зориг байсан. 

- Хэвлэлээр бичигдэж байсанчлан загварын ертөнцөд эргэн ирэх болов уу гэсэн асуулт олон хүнд байдаг байх? 
- Өмнө нь би ярьсанчлан би загварын ертөнц рүү хүсч тэмүүлж ороогүй. Магадгүй би загварын ертөнц рүү орсон гэж ярих нь учир дутагдалтай байх. Тийм учраас энэ салбараас явсан, гарсан ч гэж ярих нь утгагүй байж магадгүй. Иймээс ч буцаж ирнэ гэсэн ойлголт ярих нь бас утгагүй байж мэднэ. 

Тухайн цаг үед загвар, урлагаас би олон сайхан зүйлийг суралцсан. 

Одоо чөлөөт цаг заваараа зураг авалтуудад оролцож түүнээс олсон орлогоо хүмүүнлэгийн үйлст зарцуулж байгаа. Түүнээс загварын шоунд оролцоод загвар өмсөөд алхана гэвэл “Би үгүй” гэж хариулна. 

- Загвар, урлагт ойр байсны хувьд ээж болсныхоо дараа өөрийн гоо сайхандаа хэрхэн анхаарсан бэ. Бүсгүйчүүд маань сонирхож байгаа байх. 
- Би охиноо төрүүлсний дараа бага зэрэг жин нэмсэн. Жиндээ буцаж очихын тулд багагүй хөдөлмөрлөсөн. Иогийн дасгал, фитнесээр идэвхтэй хичээллэж хөдөлгөөнөөр жингээ хаясан. Охиноо удаан хугацаанд хөхөөрөө хооллосон болохоор хоолны дэглэм бол бариагүй. 

- Одоо ямар нэгэн хоолны дэглэм барьдаг уу? 
- Айхтар хатуу дэглэм барьдаггүй. Ямар ч байсан өглөөд чанарлаг хөнгөн ногоо, жимс эсвэл өглөөний хоол иддэг. Өдөр хүссэн хоолоо идчихдэг. Харин нар жаргасанаас хойш элдэв хүнд хоол иддэггүй. Цагаан идээ түлхүү хэрэглэхийг боддог. Охин маань ч цагаан идээнд их дуртай. Их баяртай байгаа шүү. 

Д.Ариунцэцэг: Миний хийж байгаа бүхэн хүсч, зорьж байгаа зүйлүүдийн маань нэг мөн

- Таныг олон сайхан номын цуглуулгатай гэж сонсож байсан. Энэ цуглуулгаа танилцуулаач? 
- Биднийг жаахан байхад айл болгон их сайхан номын сантай байсан. Харин одоо ийм зүйл бараг үгүй болсон юм шиг. Нийгэм хувьсан өөрчлөгдөж байхад бид яагаад сайн сайхан байсан зүйлсээ үргэлжлүүлээд аваад явж болохгүй гэж. Манай аав, ээж хоёр маань олон сайхан номын цуглуулгатай. Үүнийгээ надад өвлүүлж өгсөн. Одоо би энэ цуглуулгаа өөрийн унших дуртай номнуудаар баяжуулж байгаа. Сүүлийн үед түүхэн номнуудыг унших их дуртай болсон. Олон улсад бестселлэр болж байгаа номнуудыг аваад уншихаар яах аргагүй бидний өвөг, дээдсийн сургааль, үндсэн санаанууд нь явж байдаг. Тиймээс бид түүхэн номнуудыгаа уншиж, танилцах хэрэгтэй гэж боддог. 

- Одоо ямар ном уншиж байгаа вэ? 
- Дэн Сенор, Сол Сингерийн Израилийн тухай “Хэрмэл жүүдээс хүчирхэг Израиль”-г уншиж байгаа. Инновацийн тухай. Жүдүүд хэрхэн дэлхийн оюуны эх үндэс болсон талаар гардаг. Их сонирхолтой ном байна лээ. 

- Сүүлийн асуулт. Бид бүгд өөрийн намтрыг бичээд явж байгаа. Д.Ариунцэцэг гэх бүсгүй өнөөдрийг хүртэлх өөрийн намтартаа сэтгэл хангалуун байдаг уу. Чиний хийж, бүтээж байгаа бүхэн мөрөөдлийн чинь дагуу байгаа юу? 
- Би амьдралаас суралцаж хүсэж, мөрөөдөж түүндээ хүрэхээр тэмүүлж яваа залуу хүн. Мэдээж заримдаа бодож, итгэж байсан зүйл маань хэзээ ч хүсэж байгаагүй үр дүнд хүргэсэн нь ч бий. Гэхдээ аль болох болгож, бүтээхийн төлөө амьдарч яваа бусадтай адил жирийн л нэг эмэгтэй.

Одоо миний хийж байгаа бүхэн хүсч, зорьж байгаа зүйлүүдийн маань нэг мөн гэж хэлмээр байна.

 

Ярилцсан : Ч.Болортуяа bolortuya@ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.