Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Хүн насан туршдаа суралцсаар л байдаг ...

Ч.Болортуяа
2014 оны 3 сарын 21
iKon.MN
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Өглөөний хүн" ярилцлагын булан, 2014

Монголчууд бид архины хор уршгийг хангалттай л ярьсан. Харин энэ хорт зуршлыг бууруулах зорилготой хууль энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. 

Энэхүү хууль хэлэлцэгдэх гэж байгаатай холбоотойгоор эсрэг байр суурьтай байгаа лобби бүлгүүд хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр улам бүр идэвхжиж байгаа нь ажиглагдсаар байна. 

Тэд хуулийн ямар учир утгатайг сайн мэдэхгүйдээ ингэж байна уу эсвэл мэдсээр байж Архины хяналтын тухай хуулийг санаатай баалахаар шаргуу бичиж байна уу гэдэг сонирхолтой. 

Яах аргагүй цаг үеийн халуун сэдэв болоод байгаа энэхүү хуулийн гол санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг бид "Өглөөний хүн" ярилцлагын буландаа урьсан юм. Бидний ярианы дийлэнх хэсэг архи, тамхитай холбоотой. 

Ярих л ёстой асуудал. Нэг талдаа гарах учиртай. 

Ингээд iKon.mn сайтын шинийг санаачлагч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал "Өглөөний хүн" ярилцлагын булангийнхаа ээлжит зочныг хүлээн авна уу. 

МЭДЭЭЛЛИЙН ТОДОРХОЙ ХЭРЭГСЛҮҮД АРХИНЫ ЛОББИСТУУДАД АВТАГДСАН БАЙГАА НЬ АЖИГЛАГДАЖ БАЙНА

- Олон нийтийн сүлжээгээр Архины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор янз бүрийн дайралтууд тань руу ирж байгаа нь ажиглагдлаа. Үүнийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

- Миний хувьд хуулиудын санаагаа иргэдтэй уулзах уулзалтаас түлхүү олж авдаг. Жишээ нь, өчигдөр, өнөөдөр гээд энэ долоо хоногт өдөр бүр гурван удаагийн уулзалтыг иргэдтэйгээ хийж байна. Тэдэнтэй уулзахад хамгийн түрүүнд архины асуудлыг ярьдаг.

Архины тухай ярихын тулд архины хэрэглээ хаана илүү хүндрээд байгааг бодох хэрэгтэй. Нийслэлийн хувьд архины асуудал хотын захын хорооллуудад маш хүнд байдалтай байгаа.  

Дундаж болон дундаас дээгүүр амьдралтай өрхөд архины асуудал тэр бүр мэдрэгддэггүй. Тэр хүмүүс ихэнх тохиолдолд архиа тохируулж хэрэглээд, хор хохирол нь нэг их мэдрэгдэхгүй байх жишээтэй. Харин тэд захын хороололд, дундаас доогуур орлоготой өрхийн амьдралыг мэддэггүй. 

Олон нийтийн сүлжээг ашигладаг хүмүүс ихэвчлэн дунд болон түүнээс дээш амьдралтай хүмүүс байгаа учраас энэ хүмүүст архи, тамхины хэрэглээ тийм хурц асуудал биш мэтээр харагдаад байх шиг байна. Өөрөөр хэлбэл тэд Монголын эдийн засаг, уул уурхай, Оюу толгойн асуудлыг илүү сонирхдог хүмүүс байдаг учраас архи, тамхийг дэмий асуудлаар хөөцөлдлөө гэж хүлээж авдаг юм байна гэж ойлгосон. 

Дээрээс нь эрэгтэй, эмэгтэй хүний бодлын ялгааг харж болно. Жишээ нь архи, тамхины асуудлыг эмэгтэйчүүд эрс эсэргүүцэж байхад эрэгтэй хүмүүсийн хувьд энэ нь тийм том асуудал мэтээр харагдахгүй байх шиг.
 
Архины хяналтын тухай хуулийг хэлэлцээд явж байхад хүчтэй эсэргүүцэл надад ирдэг. Тиймээс үүнийг би илүү философи талаас нь олж харахыг хичээж хүлээж авч байгаа нь энэ.

Хоёрдугаарт, энэ дайралтууд дунд тодорхой хэмжээний лобби яваад байгаа нь харагддаг. Мэдээллийн тодорхой хэрэгслүүд энэ архины лоббистуудад автагдсан байгаа нь ажиглагдаж байна.

Дэлхийн олон улс оронд архи, тамхитай холбоотой хуулийг боловсруулах явцад маш олон бэрхшээл тохиолддог талаар энэ хуульд зөвлөгөө өгч байгаа олон улсын байгууллагын мэргэжилтнүүд хэлдэг.

- Архины хэрэглээтэй холбоотой дотооддоо хийсэн судалгаа болон олон улсын байгууллагын судалгаа нэлээд зөрүүтэй байдаг юм билээ. Энэ ямар учиртай вэ?
- Манай улсын хувьд нийт хүн амд оногдох согтууруулах ундааг литрээр нь үздэг. Олон улсын судалгаагаар бол цэвэр спиртийн хэмжээгээр ихэнхдээ авч үзэж байгаа. Ингээд үзэхээр манай улсад нэг хүнд оногдох цэвэр спиртийн хэмжээ есөн литр орчим байдаг.

Олон нийтийн сүлжээг ашигладаг хүмүүст архи, тамхины хэрэглээ тийм хурц асуудал биш мэтээр харагдаад байх шиг байна.

- Найман литрээс дээш гарвал аюултай түвшинд байна гэж үздэг.
- Тийм ээ. Дотоодын болон олон улсын байгууллагын судалгаагаар ч тэр манай улс архины хэрэглээ өндөр орон.

- Архины хяналтын тухай хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн эсрэг тавих шинжлэх ухааны үндэслэлтэй тоо бэлэн байна шүү дээ. 
- Нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бид Монгол хүн. Ямар гентэй ард түмэн билээ. Энэ тухай байнга л ярьдаг. Монгол хүний биед архи задлах фермент байхгүй. Энэ алкогольдегидрогеназа  фермент Монгол хүнд байхгүйг судлаачид тогтоочихсон. Тиймээс бид жишээ нь европ хүмүүсийн уух хэмжээний архийг ууж чадахгүй. Нэгэнт хүний бие тухайн архийг уугаад хоргүйжүүлээд гаргачихдаг зүйл нь байхгүй учраас гадаад хүн нэг литр шар айраг уугаад хордох, Монгол хүн 100 гр шар айраг уугаад хордох адил гэсэн үг. Тэгэхээр олон улсын жишгүүдтэй бид өөрсдийгөө дүйцүүлж үзэж болохгүй. Үүний тод жишээ бол Монголд өнөөдөр элэгний өвчнөөр хэчнээн хүн өвдөж, нас барж байгааг харахад хангалттай. 

Мөн Монгол эрэгтэй, эмэгтэй хүний насны зөрүүг давхар харах хэрэгтэй. Монгол эрчүүдийн дундаж наслалт 64, эмэгтэйчүүдийнх 72. Тэгэхээр насжилтын халгаат хүчин зүйлүүдэд яах аргагүй архи, тамхи хоёр болчихоод байна. 

Хэрвээ бид Монгол эрчүүдийгээ урт наслуулъя л гэж бодож байгаа бол архины хэрэглээгээ багасгахаас өөр арга байхгүй.

- Архины хяналтын тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хууль батлагдвал нэлээн олон өөрчлөлт орох хэрэгтэй. Тухайлбал архи худалдан авагч заавал иргэний үнэмлэхээ шалгуулах, тусгай дэлгүүрүүд бий болох гэх мэт. Иргэний үнэмлэх шалгах асуудал гэхэд тэгээд л замхрах юм шиг санагдаад байх юм. 
- Хууль гарахаас өмнө энэ чиглэлийн хяналтын байгууллагууд ажлаа эрчимжүүлээд эхэлсэн. 15, 16 настай хүүхэд 21 настай хүнээс ялгагдана. Ихэнх дэлгүүрүүд хүүхдэд архи зарахаа больчихсон юм билээ. Яагаад гэхээр цагдаагийн байгууллага нэлээд хяналт тавьж байгаа. Тэгэхээр иргэний үнэмлэх шалгаж согтууруулах ундаа худалдах заалт хэрэгжихэд нэг их хүндрэл учрахгүй болсон гэж бодож байна. 

Мэдээж баар, цэнгээний газруудад 21 нас хүрээгүй залуучууд үйлчлүүлж, согтууруулах ундаа ууж байгаа энэ тал дээр илүү түлхүү хяналт, шалгалт хийх хэрэгтэй байх. Үүнд хэрхэн хяналт тавих тал дээр бид ч бас анхаарч байгаа. Шалгалт ирж байна аа гэхээр байгууллагууд маань ямар нэгэн байдлаар бэлдчихдэг. Тиймээс зарим орны хуульд бүр тусгайлан заасан байдаг “цагдаагийн байгууллага хяналт, шалгалт хийх эрх мэдэл бүх байгууллага хүүхдийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулж болно” гэж заасан байдаг. 

-Туршилт хийх эрхтэй гэсэн үг үү?
- Тийм. Туршилт хийж болно. Хүүхдийг татан оролцуулж иргэний үнэмлэхийг шалгаж байгаа эсэхэд туршиж болно гэсэн үг. Үүнийг бид хуульд зааж өгөөгүй. Харин бид холбогдох журамд тусгаж өгөхөөр ярьж байгаа.

Хууль хэрэгжүүлэх журмууд бас давхар боловсруулагдаад явж байна. 

- Худалдан авагч тал дээр ийм хяналт хийх юм байна. Харин худалдаа, борлуулалт тал дээрх өөрчлөлтийг та танилцуулахгүй юу. Архи зарах дэлгүүрийн тоо багасгаж тусгай дэлгүүрүүд нээнэ гэж байгаа.
- Бид хуулийг боловсруулах явцад олон орны туршлагыг судалсан. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Архины хяналтын тухай хуулийг үр дүнтэй батлуулах зөвлөмжийг бидэнд өгсөн. 

Монгол эрчүүдийгээ урт наслуулъя л гэж бодож байгаа бол архины хэрэглээгээ багасгахаас өөр арга байхгүй.

Мэдээж хэрэглээг бууруулахын тулд худалдан авагчийн насыг зааж өгнө. Үүнийг бид тусгачихсан. Хоёрдугаарт архи худалдаалах цэгийг бууруулах хэрэгтэй гэж заасан байсан. Ингэснээр бид архи худалдаалахыг 100 хувь хориглоно гэсэн үг биш. Хуурай хууль гарах гээд байгаа юм биш. 

Бид нарын барьж байгаа гол бодлого хүн амын тоонд заасан архины тусгай дэлгүүрийг бий болгоно. Гадаадад “Ликёр шоп” гэж нэрлэж заншсан байдаг. 3000 хүн ам тутамд нэг ийм тусгай дэлгүүртэй байна гэж тусгасан. Энэ мэдээж хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.
 
Тухайн тусгай дэлгүүрүүд нь 18 градусаас дээш хатуулагтай архийг зарна. Тусгай дэлгүүрт архинаас өөр зүйл зарахгүй. Архитай холбоотой хундага ч гэдэг юм уу тийм зүйлээ зарж болно.  Тодруулбал, согтууруулах ундаагаа хоёр ангилалд оруулж байгаа. Нэг нь 0- 18 градусаас хүртэл буюу зөөлөн градустай архи, 18-аас дээш буюу хатуулаг өндөртэй архи гэж хоёр хуваана. Тусгай дэлгүүрт нь 18 градусаас дээш өндөртэй архиа л зарна. Эдгээр дэлгүүрт тавигдах шаардлага нэлээн өндөр байна. Ажиллах цагийг богиносгоно. Оройн 20.00 цаг гэхэд хаагдсан байх ёстой.  Амралтын өдөр ажиллах уу, үгүй юу гэдгийг орон нутгийн Засаг даргад нь эрх мэдлийг нь үлдээж байгаа. Мөн архины дэлгүүр байнгын камержуулсан байх ёстой бөгөөд хяналтын байгууллага дурын цагт орж ирж камер, бичлэгийг шалгах эрхтэй байх юм. 

Яг өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 320 хүн тутамд нэг архины дэлгүүр ногдож байгаа.

Архины дэлгүүр байнгын камержуулсан байх ёстой бөгөөд хяналтын байгууллага дурын цагт орж ирж камер, бичлэгийг шалгах эрхтэй байх юм. 

- Тусгай дэлгүүрүүд байгуулагдсанаар өнөөдрийн архи худалдаалдаг дэлгүүрийн тоо 10 дахин багасна гэсэн үг юм байна.
- Тийм ээ. Архины дэлгүүрийн тоо цөөрөөд, холдоод эхлэхээр хүмүүс тодорхой хэмжээний төлөвлөлт хийж эхэлнэ. Хоёр, гурван буудал газар явж байж дэлгүүртээ хүрнэ. Архи авах зам холдоод ирэхээр хүмүүсийн шийдвэр гаргалтанд нөлөөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл иргэд өндөр градустай архи авч байхаас хажуугийн дэлгүүрт байгаа дарс, шар айрагнаас авчихъя гэдэг бодол төрнө. Хүмүүсийн хэрэглээ өндөр градустайгаас бага градус руу шилжих нэг алхам болно.

- Найман нэрийн дэлгүүрүүд бага градустай согтууруулах ундаагаа худалдаалсан хэвээр байна. 
- Найман нэрийн барааны дэлгүүр эрхлэгчид энэ хуулийг маш их эсэргүүцэж байгаа. Олон гэр бүлийг энэ найман нэрийн барааны дэлгүүр тэжээж байгаа. Эдгээр дэлгүүр ихэнх ашгаа архинаас олдог гэцгээдэг.  "Эхлээд тамхийг нь хязгаарлачихлаа. Одоо архийг нь хаах гэж байгаа юм байна. Бид нарыг яа гэж байгаа юм бэ" гэсэн хүмүүс байгаа.

Хууль хатуулаг өндөртэй архиа л тусгай дэлгүүрээр зарах тухай ярьж байгаа. Харин одоогийн архи зарах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд маань дарс, шар айргаа зардгаараа зарна. 

"ДОМОГТ" ГЭЖ АРХИЙГ БИ ХАРИН ХАРСАН. ШИНЭ ЖИЛЭЭР НАДАД БЭЛГЭНД ИРСЭН БАЙСАН.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Өглөөний хүн" ярилцлагын булан, 2014

- Танай намд архины бизнестэй холбоотой улстөрчид бий. Тэднээс янз бүрийн дарамт шахалт ирж байгаа юу?
- Одоогоор тийм зүйл байхгүй. Энэ төрлийн бизнест хувьцаа эзэмшдэг гишүүдийн зүгээс энэ хуулийг дэмжиж ажиллах хүсэлт хүртэл тавьдаг. Үүнээс би юу харж байгаа вэ гэхээр тэртээ тэргүй дэлхийн чиг хандлага хаашаа явж байгааг хэн хүнгүй харж байгаа. Энэ өндөр градустай архины хэрэглээг бууруулах зорилго хаа хаанаа байна. 

Тэгэхээр архитай холбоотой бизнес эрхлэгчид ч ийм бодолтой байхыг үгүйсгэхгүй. 

Эсэргүүцэл хаанаас хамгийн их гарч ирэх магадлал их байдаг вэ гэхээр импортлогч нар. Гадаад архи оруулж ирж байгаа хүмүүсээс эсэргүүцэл ирэхийг үгүйсгэхгүй. Тамхины хяналтын тухай хууль дээр ажиллаж байхад иймэрхүү байдал ажиглагдаж байсан. Архи, тамхи үйлдвэрлэгчид нефть олборлогчдоос илүү их мөнгөтэй болчихсон тооцоог олон улсад хийж байгаа.  Эдгээр үндэстэн дамнасан том корпорациудын хийдэг зүйл нь хамгийн хууль зөөлөнтэй орнууд руу нүүдэллэж байна. Одоо харж байхад дэлхийн хэмжээний архи, тамхины бизнес эрхлэгчид Латин Америк, Африк, Азийн улс орнууд руу чиглэчихсэн байгаа. Яагаад гэхээр бусад газар хатуу хууль эрх зүйн орчинтой болчихсон. Манай улс яг энэ дайралтаас өмнө тамхиныхаа хуулийг шинэчилж чадсан. Тэгэхээр тамхины томоохон лобби манай улсад орж ирэхэд хэцүү болсон гэсэн үг. Одоо харин бидэнд гадаадын архи үйлдвэрлэгчид орж ирэх эхлэл явагдаад байна. Ялангуяа шар айрагны импорт эрс нэмэгдэж байгаа бид харж байна.

Энэ төрлийн бизнест хувьцаа эзэмшдэг гишүүдийн зүгээс энэ хуулийг дэмжиж ажиллах хүсэлт хүртэл тавьдаг. 

- Архийг хорьж цагдаад эхлэхээр хуурамч бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр гараад ирдэг. Найрка, шаг гээд л. Гэхдээ ОХУ-д архины үнийг өндөр болгосноор найрка гарсан ч хэрэглээ буурсан гэдэг судалгаа байдаг юм билээ. 
- Бидэнд ч өмнөх туршлага бий. Намайг залуу байхад ч хуурай хуультай байсан. 1987 онд би хуримаа хийж байхад архигүй л тэмдэглэж байлаа. Үүнтэй холбоотойгоор шаг дэлгэрээд эхэлдэг. 

Энэ бол хуурай хууль. Бидний одоо ярьж байгаа хууль бол үүнтэй харьцуулах боломжгүй. Та 20.00 цаг хүртэл дэлгүүрээс архи худалдаж авах эрх тань нээлттэй. Баар, ресторанууд ажиллах цагаараа ажиллана. 24 цагаар ажилладаг дэлгүүрүүдэд шар айраг, дарс нь байж байгаа. Тиймээс шаг гарч ирнэ гэж би бодохгүй байна. Дээрээс нь Монголчууд харьцангуй соёлжчихсон. Шагийн архи авч уудаг нь хэд билээ. Та жишээ нь шагийн архи авч уух уу. Танай гэр бүл авч уух уу. Үгүй ш дээ. Бид нар амь насандаа хайртай. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг боддог нийгэм бий болчихсон. 

Шагаар хамгийн чанар муутай л цагаан архи л зарагдана. Зарагдлаа гэхэд тэрийг авч уух хүн нь ховор байх болов уу. 

- Үнийн хувьд өөрчлөхөөр төлөвлөсөн зүйл байгаа юу. Онцгой албан татварыг нэмэх зэргээр. 
- Олон улсын зөвлөмжөөр архины доод үнийг тогтоох нь зөв гэдэг. Гадаадад энэ үнийг нэлээд өндөр тавьдаг. Жишээ нь Монголд 500 гр, 38 градус цагаан архийг  6000 төгрөгөөс доош архи зарахыг хориглоно гэж зааж өгнө гэсэн үг. Гэхдээ бид одоогийн хуульд үүнийг зааж өгөөгүй. Цаашдаа хийж өгөх ёстой. Яагаад гэхээр архи өндөр үнэтэй байх тусам хэрэглээ багасдаг. Үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ 10 хувиар буурдаг гэсэн олон улсын судалгаа байдаг. 

Одоо доод үнийг тогтоохдоо архи үйлдвэрлэх өртөг болон онцгой татвар нэмсэн үнээс доош үнээр архи борлуулахыг хориглоно гэж зааж өгч байгаа.

Жишээ нь бид хотын зах хорооллоос 500 гр, 38 градустай архийг 3000, 4000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. Гэтэл онцгой албан татвар төлсний дараа архи хэзээ ч 3000, 4000 төгрөгт гарах боломжгүй. Онцгой албан татвараа төлсний дараа нэг шил архи доод тал нь 5000 төгрөг байна гэж бид нар тооцоолсон. Түүнээс гадна жил бүр архины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрыг шахаж ажиллана.

- Та хэд хууль боловсруулж байх үедээ багагүй судалгаа хийдэг байх. Хэрвээ хаврын чуулганаар энэ хууль батлагдаж чадвал архины хэрэглээ төдий хэмжээгээр буурна гэсэн судалгаа байгаа юу?
- Архи, тамхитай холбоотой хуулийн үр дүн гурваас таван жилдээ л гардаг. Ихэвчлэн эрүүл мэндийн судалгаан дээр үүний илрэл нь гарч ирдэг. 

- Ардчилсан намын Засгийн газар гарч ирснээрээ бүх зүйлийг хааж боож байна гэцгээх нь бий. 
- Үйлчилгээний байгууллага буюу баар, ресторан одоогийн хуулиар 24.00 цаг хүртэл ажиллаж байна. Баар, рестораныг үүрийн 04.00 цаг хүртэл сунгах асуудлыг ярьж байгаа юм билээ. Би хувьдаа үүний эсрэг байгаа. Бид ухарсан хууль хийж болохгүй л гэж бодож байна. 

- Танай намын залуучууд сонгуулиар анх баар, цэнгээний газрыг шөнөжингөө ажиллуулдаг болгоно гээд рекламдаад байсан санагдаж байна. Үүнтэй лав таны хувийн бодол зөрчилдөж байгаа гэж ойлгож болох уу?
- Баар, цэнгээний газар архигүйгээр шөнөжингөө ажиллаж болно ш дээ.

- Архины хяналтын тухай хуулийн гол санаачлагч Ерөнхийлөгч мөн биз?
- Энэ хуулийн цаана нэгдүгээрт Ерөнхийлөгч байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсруулагдсан. Боловсруулагдах явцад бид оролцоод явж байсан. Хоёрдугаарт, Хууль зүйн яам байгаа. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд оролцож байна. Дээрээс нь Нийслэлийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн яам, ЦЕГ гээд маш олон газраас ажлын хэсгээ бүрдүүлж ажилласан. Хуулийн төсөл бэлэн болчихсон. 

- Орон, сууцны доор үйл ажиллагаа явуулж байгаа баар, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудыг цэгцлэх талаар та твиттер дээрээ бичсэн байсан. 
- Тийм ээ. Би энийг гэхдээ шийдэж чадахгүй байна. Хүмүүс ихэвчлэн орон сууцны доод талд баар, уушийн газар байхыг эсэргүүцдэг. Эдгээр хүний эрх ашгийг хангахын тулд мөн дээрх шиг тухайн оршин суугчдын зөвшөөрлийг авч байж үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг хуульд оруулж магадгүй юм. Тухайн рестораны эзэн айлын хаалга тогшоод айлаас зөвшөөрөл авах хэрэгтэй гэсэн үг. Үүнтэй холбоотой Польш улсад очиж туршлага судалсан. Тус улсад есөн давхар орон сууцны нэгдүгээр давхарт байрлах пиццаны газар шар айраг зарахын тулд тэр байрны оршин суугчдын 100 хувийн саналаар зөвшөөрөл авна гэж байгаа. Нэг хүн л эсэргүүцэх юм бол үйл ажиллагаа явуулах боломжгүй.

Тухайн орчны оршин суугчдын зөвшөөрлийг авч байж үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг хуульд оруулж магадгүй юм.

- Тэгж хүний эрхийг хамгаалдаг байх нь.
- Тийм ээ. Бид нар 100 хувиа байг гэхэд 60 хувийн санал авах хэрэгтэй. 60 хувь нь зөвшөөрвөл үйл ажиллагаа явуулах эрх өгөх гэх мэт заалтуудаа түлхүү хийж өгөх бодол байна.

- Тусгай дэлгүүр нээгдэнэ гэж байгаа. Эдний тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор бөөн хээл хахууль үүснэ гэсэн хардлага бас бий.
- Үүнд бид илүү ард иргэдийн оролцоог нэмээд өгчих хэрэгтэй гэж үзэж байгаа. Архины тусгай дэлгүүр нээхийн тулд тухайн хорооны иргэдийн нийтийн хурлын тогтоол гарах ёстой. Иргэдийн нийтийн хурал гэдэг маань тухайн хороонд амьдарч байгаа иргэдийн санал хураалт. Иргэн хүний хувьд би 15-р хороонд байгуулагдах хоёр тусгай дэлгүүрийн хуралд очих ёстой. Эсэргүүцэж байгаа бол саналаа өгөх үүрэгтэй. Ингэж хуралдаа оролцож санал өгөөгүй бол танай гэрийн хажууд архины дэлгүүр нээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ зөвшөөрөл авах гэж байгаа хүмүүс төрийн албан хаагчдыг биш иргэдийг хахуульдах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Жишээ нь архины бизнес эрхлэгчид иргэдэд “танай байрны гадаа тоглоомын талбай байгуулаад өгье. Харин бид нар энэ хавьд архины дэлгүүрээ ажиллуулъя гэдэг саналаа хэлж болж байна” харин үүнд тухайн иргэн, өрх яаж хандахаа шийднэ. 

- "Монос" группийг архины бизнест орох гэж байна. Л.Эрдэнэчимэг гишүүн өөрийн ашиг сонирхолд нийцүүлсэн хууль гарах гэж байна. "Арван ундарга" гэж "Монос"-ийн охин компани "Домогт" хэмээх 24 градустай архи үйлдвэрлэж буй талаар хэвлэлээр гарлаа. Тайлбар өгөхгүй юу?
- Нэгдүгээрт надад "Арван ундарга" гэж компанийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Тэр компанийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж мэдсэн. "Домогт" гэж архийг би харин харсан. Шинэ жилээр надад бэлгэнд ирсэн байсан.

Яагаад хэвлэлээр ийм мэдээлэл гараад байгааг "Монос" компаниас асуусан чинь тэр архи олон эмийн ургамалтай архи юм билээ. Тэгээд салимон, алтаргана гээд 12 төрлийн ургамлаа "Монос"-оос авдаг гэсэн. Үүнээс өөрөөр манайтай ямар ч холбоо байхгүй. Дээрээс нь тэр архи чинь 24 билүү, 25 ч билүү градусын архи юм билээ. Тэгэхээр бидний санаачилсан энэ хуультай ямар ч холбогдолгүй болчихож байгаа юм. Харин ч хуулийн заалт маань энэ архины эсрэг байгааг харж байгаа биз дээ. 
    

БИТҮҮ ОРЧИНД ТАМХИНЫ ЦЭГ БАЙГУУЛАХЫГ ТАМХИНЫ ХЯНАЛТЫН КОНВЕНЦЭЭР ХОРИГЛОДОГ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Өглөөний хүн" ярилцлагын булан, 2014

- Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор сая нэлээд асуудал үүслээ. Үйлчилгээний байгууллагууд тамхи татах цэг байгуулсныг нь торгочихлоо гэцгээж байсан. Анхнаасаа татах цэгээ тодорхой зааж өгөөгүй байж цэг гаргасан байгууллагуудыг торгож байна гэж байсан. 
- Хууль маань өөрөө дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх гол зорилготой. Яагаад дам тамхидалтын асуудал анхаарал татсан зүйл болж байна вэ гэхээр дэлхий нийтэд тамхи татдаггүй хэрнээ уушгины хавдартай хүний тоо ихсээд байгаатай холбоотой. Хажууд татаж байгаа тамхины утаа надад нөлөөлөөд хавдар үүсгээд байна. Тэгэхээр бид Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэснийхээ хүрээнд энэ Тамхины хяналтын тухай хуулийн гол утга учир оршиж байгаа юм. 

Битүү орчинд тамхи татахыг л хориглож байгаа. Битүү орчинд тамхины цэг байгуулахыг Тамхины хяналтын конвенцээр хориглодог. Бид Тамхины хяналтын тухай конвенцэд нэгдэн орсон улс. Тэгэхээр дотоод орчиндоо тамхины цэгтэй газар хуулиа зөрчиж байгаа л гэсэн үг. Яагаад үүнийг эсэргүүцэж байна вэ гэхээр дотоод орчинд байгаа тамхины цэгийн хаалга онгойх, хаагдах үед тамхины утаа шүүрсээр л байдаг. Ямар ч хүчтэй агааржуулагч тамхины хорноос хамгаалж чаддаггүй.

Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэснийхээ хүрээнд энэ Тамхины хяналтын тухай хуулийн гол утга учир оршиж байгаа юм. 

- Анхнаасаа татах газраа тодорхой зааж өгөөгүй байж цэг байгуулсан газрыг торголоо гэж хүмүүс гайхаж байх шиг байна. 
- Гадаад орчиндоо тамхи татах цэгүүдээ нээлттэй бий болгож болно. Бид татахыг хориглосон газруудаа заагаад өгчихсөн. Тэгэхээр хориглосноос бусад газар цэгээ байгуулах, тамхи татах нээлттэй ​шүү дээ. 

- Нэг жилийн өмнө энэ хууль хэрэгжиж эхлэх үед хяналт их өндөр байсан гэдэг. Одоо бол их суларчихсан санагддаг.
- Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын маань хүчин чадал муу байгаад байгаа юм. Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газар хяналт тавьж ажиллаж байгаа. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар маань өөрөө аж ахуйн нэгжүүдээрээ л явж шалгана уу гэхээс орцонд тамхи татаад зогсож байгаа хүнийг торгоно гэдэг хэцүү. Хууль хэрэгжүүлэгчид маань хаа хаанаа хүрэлцэхгүй байна. 

Одоо харин нэгэн шинэ хууль гарсан. Олон нийтийн цагдаатай болж байгаа. Олон нийтийн цагдаа хориотой газар тамхи татаж байгаа иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох эрхтэй.

- Хуулийг хэрэгжүүлээд явж байхад үүн дээр бид алджээ гэж бодож байгаа зүйл байгаа юу?
- Надад бол тийм зүйл байхгүй. Олон улсын конвенцийн дагуу хийгдсэн хууль. 

Олон нийтийн цагдаа хориотой газар тамхи татаж байгаа иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох эрхтэй.

- Архины хяналтын тухай хуулийн дараагаар төлөвлөж байгаа томоохон хуулийн төсөл бий болов уу?
- 2014 онд Архины хяналтын тухай хуулиас гадна Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг  хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байгаа. Энэ гурав миний гараас гарах ёстой хууль. Эдгээр хуулийг батлуулж чадвал миний энэ жилийн зорилго биелж буй хэрэг юм.

- Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн гол санаа нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болох гээд байгаа. Бас л их эмзэг асуудал. 
- Тийм ээ. Гэр бүлийн хүчирхийлэгчийг өмнө нь захиргааны арга хэмжээ аваад зөрчил гэж үздэг байсан. Гэтэл эмэгтэй хүн нөхөртөө алгадуулахад зөрчилд тооцогдоно. Харин гадаа гараад өөр хүнд алгадуулчихаар гэмт хэрэгт тооцогддог. Тэгэхээр ийм ялгаатай байдлаар бид асуудалд хандаж болохгүй. Хэрвээ энэ зөрчил юм бол бид эмэгтэй хүнийг тухайн нөхрийн өмч, аяга, халбага нь юм аа гэж хэлж байгаатай яг ади​лх​ан болчихоод байгаа юм. 

- Энэ хууль хаврын чуулганаар батлагдаж амжих болов уу. 
- Энэ хаврын чуулганаар батлуулах гэж үзнэ. Мөн л их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Эмэгтэй, эрэгтэй гишүүдийн ялгаа их гарч ирдэг. Эрэгтэй гишүүдийн зүгээс алгадахыг гэмт хэрэгт тооцоод байхдаа яадаг юм гэсэн санаа цухалзаад л байдаг  байхгүй юу. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ, ЕРӨНХИЙ САЙДЫГ АВААЧИЖ ҮЗҮҮЛНЭ ГЭЖ БОДОЖ БАЙГАА

- Хүүхэд харах үйлчилгээний тухай асуудал ямар шатанд явж байгаа вэ. Олон ээж нар хүлээлттэй байгаа байх. 
- Энэ асуудлыг шийдэх сонирхол надад их байгаа. Энэ жил 35 цэцэрлэг барихаар төсөвт тусгагдсан. Гэтэл бид нарт 800 цэцэрлэг хэрэгтэй байна. Жилдээ 35-аар явахаар 20 жилийн дараа л хэрэгцээгээ хангаж дуусах нь байна ш дээ. Тиймээс бид хүүхэд харах үйлчилгээ буюу шийдэж болох хувилбар гаргасан. Энэ бол дэлхийн олон оронд байдаг туршлага. 

Төрөөс нэг хүүхдэд ногдох хоолны мөнгө буюу 116 мянган төгрөгийг цэцэрлэгүүдэд өгдөг. Гэтэл гэртээ сууж байгаа хүүхэд энэ мөнгийг авч чадахгүй байна. Гэртээ цоожтой, хоолтой, хоолгүй өнжиж байгаа хүүхэд олон мянга байгаа. Тэгэхээр үүнд яах аргагүй тэгш бус байдал үүсээд байна. 

- Хувийн цэцэрлэгүүд бол хүүхдийн хоолны мөнгө авч байгаа биз дээ?
- 70 мянган төгрөг авч байгаа. Гэхдээ улсын стандартаар жишээ нь таван метр кв тутамд нэг хүүхэд байх ёстой гээд заасан байдаг.  Тэгэхээр хувийн цэцэрлэгүүд түүнээсээ олон хүүхэд авчихсан байдаг. Энэ өрөөнд гэхэд стандартаараа таван хүүхэд авах ёстой байтал хувийн цэцэрлэгүүд 20 хүүхэд хүмүүжүүлдэг. Харин хоолны мөнгөө талбайн хэмжээнээсээ болоод таван хүүхдийн мөнгөөрөө л авна гэсэн үг. 

- Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгчид хэзээ эрх зүйн орчинд хүүхэд харах боломжтой болох вэ?
- Би сая дүүрэг дээрээ өөрийн хөрөнгөөр хориод сая төгрөгөөр хүүхэд харах үйлчилгээний төв байгуулчихлаа. Хүмүүс яг юу болох гээд байгааг ойлгохгүй байгаад байна. Тиймээс би ямар стандарттай зүйл яриад байгаагаа хүмүүст үзүүлж үлгэр болгох үүднээс ийм үйлчилгээ нээсэн. Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг аваачиж үзүүлнэ гэж бодож байгаа. Энэ хаврын чуулганаар шахаж байж энэ хуулийг батлуулахгүй бол намар дахиад л аав, ээж нар цэцэрлэгийн үүдэнд хонож, өнжиж байж бүртгүүлсээр зарим нь хоосон хоцорсоор байх болно. 

ХОТ ДОТОР УНАВАЛ ЗҮГЭЭР ЮМ УУ ГЭЭД НЭГ МЕРСЕДЕС АВСАН

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Өглөөний хүн" ярилцлагын булан, 2014

- УИХ-ын гишүүн болчихоод хувийн бизнесээ хийгээд яваад байдаг гишүүд бий. Таны хувьд одоо "Монос" группэд ямар оролцоо байдаг вэ?
- Ямар ч оролцоо байхгүй. Нөхөр маань ажиллаж байгаа. Мөн манай том хүү сургуулиа төгсөөд ирчихсэн. "Монос" группийн Дэд Ерөнхийлөгч гээд миний хийж байсан ажлыг үргэлжлүүлж байна. Тиймээс надад бизнесийн тал дээр санаа зовох зүйл байхгүй.

- Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
- Би нөхөртэйгээ 30 дахь жилдээ ханилан сууж байна. Би анх 17 настай Болгарт оюутан болоод очиход нөхөр маань манай дээд ангид сурдаг байсан. Тэгээд 20 настайдаа Болгарт том хүүгээ төрүүлсэн. Том хүү маань 27 нас хүрчихсэн. Гэр бүлтэй.

Хоёр дахь хүү маань 15 настай. Том хүүгээ гаргасны дараа сургуулиа төгсөөд, наймаа хийгээд завгүй явсаар 12 жилийн дараа хоёр дахь хүүгээ төрүүлсэн. Гурав дахь хүүхэд маань 10 настай, охин маань байгаа. 

- Эмээ болчихсон юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Эмээ болчихсон. Ач охиноо бид нар өөрсдөө бас хардаг. Том хүү маань сая Австралид нэг жил магистрт сураад ирэх хооронд ач охиноо харсан. Одоо Монголд ирчихсэн ч гэсэн ач охин маань манайд дасчихсан бидэнтэй л байж байгаа. 

Эмээ болчихсон. Ач охиноо бид нар өөрсдөө бас хардаг.

- Нэг сайт дээр таныг хүүхдүүдтэйгээ хамт гээд нэг хүү, хоёр охины зураг байсан. Таны ач байсан юм болов уу
- Би бас хоёр хөөрхөн охинтой. Холын хамаатныхаа хоёр охиныг өөрийн хүүхдүүд шигээ өсгөн, хүмүүжүүлж байгаа. 

- Өнөр өтгөн гэр бүл байх нь. Та УИХ-ын гишүүний ажлаа хийнэ. Хөдөө, гадаадад томилолтоор их явна. Ар гэрийн ажлаа яаж амжуулж байна вэ. Эхний уулзалтаас хойш би тантай уулзах гэж арав гаруй хоног хүлээлээ. 
- Тийм ээ. Бизнес хийж байх үед ч би бас л завгүй байсан. Бизнес хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Гадаад харилцаа гээд маш их томилолтоор явдаг байлаа. Манай гэрийн амьдрал 20 жилийн турш ийм л байна. Гол нь хэн нь ч үүнд түүртээгүй. Улс төрийн ажил хийгээд явж байхад 2006 оноос эхлээд бүтэн гурван жил Сүхбаатар аймагт ажиллаж байсан. Нэг явахаараа 10 гаруй хоног болно. Энэ байдал амьдралын хэвшил болсон доо. Хүүхдүүдийн маань амнаас заримдаа "эгч ээ" ч гэдэг үг гарах нь бий шүү. 

- Та олон нийтийн сүлжээнд "Бенз гишүүн" гэж нэртэй болсноо сайн мэдэж байгаа байх. Машиныхаа тухай яриач. Та хэдэн машинтай вэ?
- Өчигдөр /2014.3.19/ манайд "MN-25-р суваг" телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлгийнхэн ирж хоносон. Хоёр залуу ирээд намайг биш машиныг маань л сонирхож байгаад явсан ш дээ /инээв/.
 
Би Лексус унадаг. Харин саяхан хот дотор унавал зүгээр юм уу гээд нэг Мерседес авсан. Сүүлийн үед ухаалаг гар утас, телевиз гээд олон гайхамшигтай технологийн дэвшил гарч байгаа. Үүнтэй адил машин хүртэл ухаалаг болсон байна. Техник технологийн дэвшлийг л гайхширч байгаа маань тэр. 

- Үүнийгээ бичсэн чинь буруудсан юм биш үү. Та?
- Ийм ийм шинэ технологи энэ машинд байгаа юм байна л гэж бичсэн. Хүмүүс янз бүрээр л хүлээж авсан. Ялангуяа УИХ-ын гишүүдийг их өөрөөр хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Гишүүдийгээ аль болох жирийн, ард түмнийхээ амьдралыг мэддэг байгаасай, болж өгвөл алхдаг байгаасай гэсэн хүлээлт байдаг байх. 

- Ер нь Та хэр алхдаг вэ?
-  Дулаарахаар би өглөөдөө ихэвчлэн ордон руу алхаж ирдэг. Мөн би спортоор хичээллэх дуртай. Цанаар гулгах, усанд сэлэх, фитнесст явдаг. Ууланд авирах спортыг ч бас их сонирхож байгаа. Мөн долоо хоногт хоёр удаа өглөө эрт газрын теннисээр хичээллэдэг.

САЯ ЧАМТАЙ ЗӨРСӨН ХҮН МИНИЙ АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ БАЙГАА ЮМ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, "Өглөөний хүн" ярилцлагын булан, 2014

- Та өглөө хэдэн цагт босож ямар ажлууд амжуулдаг вэ?
- Ажлын таван өдөр маань өглөө 08.00 цагаас эхэлдэг. Тийм болохоор 06.30 цагт босдог. Хүмүүсийг хоёр ангилдаг ш дээ. Болжмор, шар шувуу гээд. Би бол болжмор байхгүй юу. Өглөө эрт босоод өдрийг дуустал эрч хүчтэй ажилладаг. Харин орой миний хувьд аль болох эртхэн амрахыг боддог. 

Олон хүүхэдтэй болохоор өглөө босоод хүүхдүүдээ сэрээнэ. Охиныхоо үсийг самнана. Нялх нь цэцэрлэгт явна. Уйлаан, майлаан болно. Өглөөний цайгаа ууна гээд л олон ажлыг амжуулаад 7.20 -7.30 цагийн хооронд буюу замын хөдөлгөөн сийрэг байх үед ажил руугаа гарна даа. 

УИХ-ын чуулган 09.00 цагаас эхэлдэг болохоор долоо хоногийн хоёр өдөр өглөө 08.00 цагаас теннисээр хичээллэдэг. Харин үлдсэн гурван өдөр нь 08.00 цагаас өрөөндөө англи хэлний хичээл авч байгаа. Сая чамтай зөрсөн хүн миний англи хэлний багш байгаа юм. 

- Та англиар сайн ярьдаг ш дээ.
- Би өдий хүртэл англи хэлний хичээл авч байгаадаа ичдэггүй. Хүн насан туршдаа л суралцдаг. Миний англи хэл тийм муу биш. Би чөлөөтэй ярьдаг. Гэхдээ улс төрийн чиглэлээр илүү мэргэшиж гүнзгийрч сурч байгаа. 

- Та одоо хэдэн хэлээр ярьдаг билээ. Мэдээж Болгар, Англи хоёр.
- Орос хэлээр мөн ярьдаг. Эдгээрээс хамгийн сайн нь мэдээж Болгар хэл. 

- Та хамгийн сүүлд хэзээ гоо сайханд орсон бэ?
- Гоо сайханд орж нүүрээ илүүлэх тухай ойлголт надад байдаггүй. 

-Хамгийн сүүлд хэзээ орсон бэ?
- Ерөөсөө гоо сайханд ордоггүй. Нүүрийг бол таван минутан дотор супер хурдан буддаг. 

- Одоогийн УИХ - ын нэг онцлог бол яах аргагүй хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Эмэгтэй гишүүдийн бүлгийг та даргалж байгаа. Олон намаас бүрдсэн бүлгийн гишүүдэд амбиц их биз. 
- Манай бүлэг их онцлогтой. Таван намын гишүүдээс бүрдэж байгаа. Бид олон зүйлд санал нэгдэж чадвал их зүйлийг бүтээх боломжтойгоо эмэгтэй гишүүн болгон маань ойлгож их хариуцлагатай хандаж байгаа. Олон намын төлөөлөл учраас бүх асуудалд санал нэгдэж чадахгүй. Гэхдээ бидний нийтлэг анхаарах ёстой хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр санал нэгдээд нэлээд олон асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хэд хэдэн асуудлыг шийдэх гээд хүлээж байна. 

- Сая Цэргийн баяраар гэхэд эрчүүдийн асуудлыг хүртэл ярих шиг боллоо.
- Тийм ээ. Эрчүүдийн эрүүл мэндийн асуудлаар уулзсан. Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө эмэгтэйчүүд бид л ажиллах хэрэгтэй байна. Нэг эмэгтэй хүнд нэг эрэгтэй хүн ногдож байгаа. Нэг эмэгтэй маань нэг эрэгтэйгээ л бариад ажиллах хэрэгтэй байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдэд хоол хүнсээ худалдаж авах эрх нь байна. Хоол хийх эрх байгаа. 

Тэгэхээр эрүүл хоолыг бид гэр бүлдээ бэлтгэж өгөх боломжтой. Дээрээс нь нөхрөө жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт оруулахыг эмэгтэйчүүд л ятгаж чадна. 

Тэгэхээр эмэгтэйчүүдтэйгээ илүү сайн ажиллавал эрчүүдийн маань дундаж наслалт уртсах боломжтой.

- Өнөөдөр /2014.3.20/ та ямар ажлаар Австрали явах гэж байгаа вэ?
- Төсвийн байнгын хороо болон Сангийн яамны төлөөлөлтэй хамт уул уурхайгаас улсын төсвөө хэрхэн бүрдүүлдэг талаар туршлага судлахаар явна. 

- Бизнес эрхлэгчид улс төрд их орж байгаа. Тэд улс төрд ороод өөрийн талын бизнесээ дэмждэг гэх яриа бүр улиг болж дээ. 
- Үүнд би нэг зүйлийг хэлмээр санагддаг. Монгол чөлөөт зах зээлтэй улс. Бизнес эрхлэгчдийн татвараар улсын төсөв бүрдэж байгаа. Манай улсыг авч яваа хүмүүс. Тэгэхээр эдгээрийн эрх ашгийг хамгаалсан сайн хуулиуд гаргаж өгөх ёстой. Бизнес эрхэлж үзээгүй хүн энэ чиглэлийн хуулийг гаргана гэдэгт би хэзээ ч итгэхгүй байна. Угаасаа ч энэ чиглэлийн хүмүүсийг нь оролцуулаагүй гаргасан хуулиуд тэнэг байсаар ирсэн. Асар дарамттай салбар шүү дээ. Бизнес эрхэлнэ гэдэг. Би хамгийн түрүүнд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль гаргах хэрэгтэй гэж боддог. Зах дээр оёсон зүйлээ зараад зогсож байгаа бизнес эрхлэгчдийг дэмжихэд Монголын эдийн засагт том нөлөөлөл үзүүлнэ гэж боддог. Жижиг бизнес эрхлэгчдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр тэднийг хэн ойлгох вэ. Бизнес эрхэлж байсан хүмүүс нь л хамгийн сайн ойлгоно. 

-Тэднийг дэмжих яг тодорхой ямар ажил хийх хэрэгтэй вэ?
- Жишээ нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан банк байгуулж болж байна. Бизнес эрхлэх гэхээр хамгийн чухал асуудал нь зээл, зээлийн барьцаа байдаг. Өөрт нь байгаа үл хөдлөх хөрөнгө нь нөхрийнх нь нэр дээр ихэвчлэн байдаг эсвэл үл хөдлөх хөрөнгөгүй байх жишээтэй. Тэгэхээр дан эмэгтэйчүүдэд зориулсан зээлийн банк байгуулж болно. Ийм туршлага олон улсад байдаг. Эрэгтэйчүүд зээл авахаараа аваад зугтчихдаг тохиолдол их байдаг бол эмэгтэйчүүд илүү найдвартай зээлдэгч байдаг ч гэсэн судалгаа бий. 

- Энэ хариултыг чинь уншаад эрэгтэйчүүд жаахан дургүйлхэх байх даа. 
- Би ч угаасаа эрчүүдтэй дандаа үзэж тардаг юм чинь. 

-  Магадгүй. Бие даасан эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүд төдийлөн дуртай байдаггүй байх.
- Эмэгтэйчүүдийн эрх ашигтай холбоотой хуулиудаа батлуулахын тулд эрэгтэй гишүүдэд бас долигонох үе гарна шүү дээ.  /инээв/

 

Ярилцсан: Ч.Болортуяа  bolortuya@ikon.mn

Гэрэл зургийг: Б.Мөнх-Эрдэнэ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.