Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.ДҮҮРЭН: Стандарт муу учраас үйлдвэрлэгчид сайжиръя гэж бодохгүй байна

Ч.Болортуяа
2014 оны 6 сарын 10
iKon.MN

Гарц хайсаар …

Монголчууд бид улстөрчдийн шийдэл, тэдний тоглолтыг хангалттай үзэж, сонсож иржээ.

Харин тэд мухардалд ороод ирэхээрээ эргээд хэн нэгнээс тусламж эрж байна. Одоо бидний сонсох ёстой хүмүүс бол бизнес эрхлэгчид буюу хувийн хэвшлийнхэн. Тэд өнөөгийн эдийн засаг, зах зээлийг унаж, босч бүтээсээр ирсэн. Тэдэнд ямар нэгэн шийдэл, саналууд байна.

iKon.mn сайтын “Өглөөний хүн” ярилцлагын буланд энэ удаад бидний хамгийн чухал асуудлын нэг болох хүнсний салбарын талаар нэгэн эрхэм хүнтэй ярилцлаа.

Спирт Бал Бурам, UFC зэрэг Монголчуудад хэдийнээ танил брэндийг өдий зэрэгт өөрийн нөхдийн хамт босгосон Түмэнжаргалын Дүүрэн бидний зочин.

Яг өнөөдөр та амандаа хийж ходоодондоо оруулж байгаа бүхнийхээ талаар хэр зэрэг мэдлэгтэй вэ…

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилж байна.

Энэхүү ярилцлагыг Улаанбаатар хотын хамгийн өндөр цэг болох  "BEST WESTERN PREMIER TUUSHIN" зочид буудлын 25 давхарт хийлээ.

"Өглөөний хүн" булангийн зочин UFC группийн Дэд захирал Т.Дүүрэн, сэтгүүлч Ч.Болортуяагийн хамт,

- Твиттерт та онигоочин гэдгээрээ алдартай. Энэ их онигооны санаагаа хаанаас олдог юм бэ?

- “Урд өдөр нь твиттер, фэйсбүүкээс мэдээлэл авч чадаагүй хүнд зориулж маргааш орой нь зурагтаар мэдээ гардаг” гэдэг онигоо байдаг даа. Энэ үүднээс твиттерийг мэдээ авах гэж ашигладаг байлаа.

Тухайн үед толгойд онигооны санаа ороод ирэхээр хүмүүст дараа нь ярьж өгнө дөө гээд мартчихдаг байсан юм. Харин энэ бүхнээ хаана тэмдэглэж байх вэ гэж бодож явсаар хамгийн хурдан, товч, тодорхой суваг бол твиттер гэж ойлгосон. Анх өөртөө зориулж ашигладаг байж байгаад яваандаа хүмүүст таалагддаг болсон байна.

- Хамгийн сүүлд бичсэн онигоогоо сонирхуулаач?

-  Онигоо гэхээсээ ухаарлын чанартай бичсэн зүйлээ хэлчье. "Архи ухаан нэмэх ч үгvй, хасах ч үгүй. Ер нь чамд ухаан байна уу л гэж шалгадаг юм"

МОНГОЛЧУУД ХҮНСЭНДЭЭ ХОРДООД ДУУСЧ МАГАДГҮЙ ГАМШГИЙН ТҮВШИНД ОЧЧИХСОН БАЙНА

- Бидний өнөөдрийн ярилцлагын гол сэдэв хүнсний аюулгүй байдал. Хүнсний салбарт ажиллаж байгаа таны хувьд та бид өнөөдөр эрүүл, аюулгүй хүнс хэрэглэж байгаа эсэхэд та хэдэн оноо өгөх вэ?

- Арваас хоёр оноо л өгнө. Гурваас хэтрэхгүй ээ.

- Чухам ямар алхам хийж байж аюулгүй хүнс хэрэглэх вэ?

- Бид мэдээж бүх зүйлийг Монголдоо үйлдвэрлэх боломжгүй. Монгол өөрөө жижиг зах зээл учраас импортын нийлүүлэгчид ч бас манай зах зээлийг онцолж үздэггүй. Энэ бүхнийг шийдээрэй гээд хувийн хэвшлийнхэнд даатгах зүйл ч биш. Манай улсын стандарт өөрөө өндөр байх ёстой. Улсаас тавьж байгаа стандарт нь сул байгаа учир түүндээ таарсан зүйлийг л бүгд хийнэ гэсэн үг. Стандарт муу учраас хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчид сайжиръя гэж боддоггүй. Дээрээс нь хэрэглэгчиддээ сургадаггүй учир тэд нар ч шаардлага тавьдаггүй.

Ингээд бид өрсөлдөөнгүй болоод байна. Хэрэглэгчээ өнгөн хийсвэр аргаар хуурах чиглэлдээ хөгжөөд судалгаа, шинжилгээ рүүгээ бага анхаараад эхэлдэг. Энэ нь урт хугацаандаа компаниудад хортой.

Стандарт муу учраас хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчид сайжиръя гэж боддоггүй.

Яагаад гэвэл амархан дампуурах, өрсөлдөөнд ялагдах тийм л хувийн хэвшлүүд бий болоод байна гэсэн үг. Өөрөө мэдэхгүй ч гэсэн багшийгаа аргалаад гурав авчихдаг хүүхдүүд шиг л яваад байна. Яагаад гэхээр улс нь тоохгүй байгаа учраас хүмүүс мөнгө төгрөгөөр аргалаад бүтээгдэхүүнээ мэргэжлийн хяналтаар баталгаажуулчихдаг. Эсвэл тухайн хүнсний бүтээгдэхүүнд байгаа нэмэлтүүдийг шошго дээр заавал дурдах байтал түүнийг нь дурдахгүй байх гэх мэт арга саам л хөөгөөд байдаг болж.

- Хувийн хэвшлийнхэн энэ олон хяналтыг их байна багасгаад өг гээд байхад та эсрэгээр нь яриад байдаг.

- Их байгаа хяналт чинь дандаа буруу өнцөг рүү харчихсан. Тухайн бүтээгдэхүүний чанар, өрсөлдөөнийг дэмжсэн хяналт байхгүй. Үйлдвэрлэлийн чанар биш, үйл ажиллагааны доголдлыг хянах гэсэн хяналт нь их болчихоод байна.

"Өглөөний хүн" булангийн зочин UFC группийн Дэд захирал Т.Дүүрэн,

- Иргэдийн хүнсний тухай танин мэдэхүйн мэдлэгийн талаар таны ярианд дурдагдлаа. Хэрэглэгчийн мэдлэгийг хэрхэн сайжруулах вэ?

- Хүнс үйлдвэрлэх технологийг сурталчлах, арга барилыг үзүүлэх хэрэгтэй. Тухайн хүнсний бүтээгдэхүүн ямар нэмэлттэй вэ, ямар аргаар боловсруулсан бэ гэдгийг шошгон дээр нь тусгасан байх шаардлагатай гэдгийг хэрэглэгчид мэддэг байх ёстой.

Өнөөдөр би тарвас авахдаа юугаар хэмжиж авах ёстой вэ. Тарвасыг гаднаас нь хараад муудаагүй, амт чанар сайтай гэдгийг хэрхэн мэдэх вэ. Амтыг нь нэмэгдүүлэх янз бүрийн нэмэлт шахчихсан байгааг хэн ч мэдэхгүй.

Гэтэл хойд хөрш маань үүнийг шийдэхийн тулд жимсэн доторх химийн гаралтай нэмэлтүүдийг хэмжих багажийг худалдаанд гаргачихсан байх жишээтэй. Нэг гэр бүл таван мянган төгрөгөөр тийм багаж худалдаад авчихаж чадна шүү дээ. Гэтэл үүнийг Монголын хэрэглэгчид одоо болтол мэдэхгүй байж байна.

- Бүх төрлийн жимсийг тэгээд хяначих хэрэг үү?

- Тийм. Тухайн жимсэнд нэмэлтээр янз бүрийн юм нэмчихсэн байна уу гэдгийг л хянадаг гэсэн үг. Энэ бүх мэдээллийг бусдад түгээх хэрэгтэй. Бүр тодорхой журам гаргаад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд талбайн ердөө таван хувьтай тэнцэх хэсгийг хүнсний аюулгүй байдлын танин мэдэхүйн мэдээлэлд зарцуулдаг болмоор байна.

Өнөөдөр бид өргөн, нарийн царигийн тухай яриад үндэсний аюулгүй байдалд аюултай юу, үгүй юу гэж ярьж байна. Гэтэл дарга нарын яриад байгаа өргөн, нарийн царигаар гадныхан орж ирээд Монголчуудыг эзлэхээс чинь өмнө Монголчууд хүнсэндээ хордоод дуусч магадгүй гамшгийн түвшинд оччихсон байна.

Үйлдвэрлэлийн чанар биш, үйл ажиллагааны доголдлыг хянах гэсэн хяналт нь их болчихоод байна.

- Гамшгийн түвшин гэж аймшигтай сонсогдож байна шүү.

- Тийм ээ. Манай улсад маш их хүнсний нэмэлттэй, зарим улсад хориглочихсон бараа бүтээгдэхүүнийг зарж байна. Монголд хэрэглэгчид бараа худалдаж авахдаа үнэтэй нь л гоё, сайн гэсэн ойлголттой байдаг. Ийм л жишиг манайд тогтож байна. Хямд мөртлөө сайн бүтээгдэхүүн байхыг үгүйсгэхгүй.

Хүмүүс тухайн бүтээгдэхүүн чанар, мэдээлэлд тулгуурлаж биш зөвхөн үнэнд нь дүгнэлт хийх л сонголттой байна гэсэн үг.

Дээрээс нь бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гээд байгаа юм бол манай бараанууд гадны бүтээгдэхүүнээс ямар давуу талтай юм бэ гэдгээ сайн гаргаж ирэх ёстой. Жишээ нь “Өгөөж”-ийн печень чанарын хувьд гадаадын ижил төрлийн сайн бүтээгдэхүүнтэй чанарын хувьд ялгаагүй, дүйцэж очно. Гэтэл хүмүүс үүнд хэрхэн итгэлтэй байх вэ. Үүнийг л бид сурталчилж таниулж байх хэрэгтэй. Хэрэглэгч өөрөө тухайн бүтээгдэхүүнд ямар нэмэлт хийсэн байна, түүний учир холбогдлыг сайн мэдэж байвал сонголтоо зөв хийдэг болно. Тэгэхээр хэрэглэгчийг боловсруулна гэдэг маш олон эерэг талтай. Тэд мэдлэгжвэл үйлдвэрлэгчдээс чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг шаардана. Үйлдвэрлэгчид ч шударга өрсөлдөж эхэлнэ.

Одоо Монголд хамгийн наад зах нь импортын хүнсний бүтээгдэхүүний шошгыг заавал Монгол хэл дээр болгох хэрэгтэй байна.

- Гэхдээ тийм шаардлага тавьдаг биз дээ?

- Хэрэгжүүлж байгаа нь хэд байгаа вэ. Тун цөөхөн. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр тэр олон хяналтаа зөв газраа хийхгүй байна.

Дээрээс нь бүтээгдэхүүний шошго дээр ямар ямар мэдээлэл байх ёстой талаар стандарт байх ёстой. Ийм шаардлага байхгүй болохоор нөгөөдүүл чинь хүний нүд хуурсан, илүү сайхан мэдээллүүдийг нь тавиад өгчихдөг.

Технологи хөгжчихсөн энэ үед бүх бүтээгдэхүүн өөрөө QR кодтой болж байна. Түүнээс нь ухаалаг утастай хүмүүс бүх мэдээллийг авчихдаг.

Хүнсний аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал нь хэрэглэгчийн боловсрол. Хоёрдугаарт стандарт, шаардлагыг өндөр болгох хэрэгтэй байна.

- Манайд гэхдээ хүнсний бүтээгдэхүүний тодорхой стандарт байдаг байлгүй дээ.

- Хяналт, стандарт бий. Тэр нь гэхдээ хоцрогдоод байна. Стандартыг өндөр болгоно гэдэг дээр нэг л жишээ хэлье.  ОХУ гэхэд GMO буюу (Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн)-ийг хориглож байна.

Мөн тийм, тийм төрлийн хүнсний нэмэлт ашигласан бүтээгдэхүүнийг Монголд хэрэглэж болохгүй гэсэн стандартууд байх ёстой.

Үүнээс улбаатайгаар энэ бүхнийг хянаж байх ёстой лаборатори байх ёстой. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа лабораториуд яадаг вэ гэхээр найзан дундаа л байдаг.

- Лабораторийн тухай бид ч бас хангалттай ярьж байгаа л даа.

- Олон улсын стандартад нийцсэн лабораторитай болохын тулд хамгийн түрүүнд эхний ээлжинд энд ажиллах хүмүүсийг бодлогоор сургах хэрэгтэй. Сургах явцдаа тэднийг хянах хэрэгтэй. Буцаад заавал Монголд ажиллуулах хэрэгтэй байна. Мөн гадны сайн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах шаардлагатай байна. Япон, Швед хүн авчраад ажиллуулахад тэд авлига аваад янз бүр болохгүй. Олон улсад ажилладаг ийм хүмүүс чинь дараа дараагийнхаа ажлыг бодоод бохир зүйл хийдэггүй.

Тэд шинэ сэтгэлгээг бий болгоно. 10 мэргэжилтэн авчраад нэгийг нь гурван мянган ам.доллараар цалинжуулаад сарын 30 мянган ам.доллар зарцуулахад одоогийн ямар ч хяналтгүй байгаагаас үүдэн иргэдийн эрүүл мэнддээ зарцуулж байгаа тэр их мөнгийг хэмнэх боломжтой. Энэ нь иргэнд ч, улсад ч ашигтай байгаа биз.

- Хэрэглэгчийг танин мэдүүлэх тухай та ярьж байсан. Яг та амьдрал дээр хүнсний бүтээгдэхүүн сонгох, хэрэглэхдээ юуг анхаардаг вэ?

- Хамгийн энгийн жишээ нь орой хүүхдүүдийнхээ идсэн чихрийн цаасыг нь шалгадаг. Хүүхдүүд мэдэхгүй учир нүднээс далдуур юу ч идчих юм билээ. Тэдний идсэн чихэр чухам ямар хүнсний нэмэлттэй байна, тэр нь хүний биед ямар нөлөөлөл байдгийг л мэддэг байх ёстой. 

Хамгийн энгийн жишээ нь орой хүүхдүүдийнхээ идсэн чихрийн цаасыг нь шалгадаг.

Хэнтийд хоёр хүүхэд арван төгрөгөөр чихэр авч идсээр байгаад хордлогонд ороод ирсэн байсан. Энэ бол тод илрэл нь болохоос үүний цаана их, бага хэмжээгээр хүмүүс хүнснээсээ хордоод л яваад байгаа гэсэн үг. Чанаргүй хүнс явсаар явсаар хүний оюун ухаанд давхар нөлөөлж байгаа. Бид сүүлийн 30 жил маш чанар муутай, хяналтгүй хоол идсэн гэж бодоход л Монгол хүний гень тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байгаа гэсэн үг.

ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ НЬ ХҮНСЭНД ЯМАР НЭМЭЛТҮҮД БАЙХ ЁСТОЙ, ЁСГҮЙ ВЭ ГЭДЭГ ТУХАЙ ЮМ

"Өглөөний хүн" булангийн зочин UFC группийн Дэд захирал Т.Дүүрэн,

- Бид европ стандарт гэж уг нь их ярих дуртай. Харин хүнсэндээ энэ стандартыг огт ярьдаггүй нь харамсалтай. ОХУ  гэхэд л генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хорилоо гэж байна.  Монголд ч бас үүнийг хориглож болохгүй юу?

- Хориглохын тулд энэ генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн юм  гэдгийг нотлох лаборатори буюу бие даасан хөндлөнгийн хүмүүс байж байх ёстой. Гадны мэргэжилтнүүдийг эхний ээлжинд авчрах нь зөв гэж ярьсан нь ийм учиртай.

1990 ээд онд Польшийн Лех Валенсо нийгмийн сэтгэхүйд өөрчлөлт хийх хэрэгтэй гээд бүх дээд сургуулийн багш нараа халаад Германы багш нарыг тавьчихсан. Тухайн үед хүмүүс маш их эсэргүүцэж байсан ч тэд барууны шинэ мэдлэгийг олж авсан. Гэтэл өнөө үеийнхэн нь 20 жилийн өмнө Лех Валенсогийн хийсэн энэ ажлыг бүгд шагшиж гайхдаг. Одоо хүнсний аюулгүй байдал тал дээр ийм шинэчлэл хийхэд ердөө сэтгэл л дутаж байна. Өөр саад болж байгаа зүйл юу ч байхгүй.

- Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж таны ярианд олон гарлаа. Таны мэдүүлэх гээд хүсээд байгаа тэр зүйл рүү түлхүү яръя. Жишээ нь генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний тухай та танин мэдэхүйн чанартай зүйл ярьж өгөхгүй юу?

- Био технологи 1980-аад оноос өндөр хөгжиж эхлэх үед генетикийн буюу аливаа бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах туршилтууд их хийгдэж эхэлсэн. Үүний үр дүнд арилжааны хувьд өргөн боломжууд гарч ирсэн. Бүтээгдэхүүнийг өөрсдийн хүссэн хэмжээнд болгодог, өртгийг бууруулах, ургах чадварыг сайжруулах гэх мэт үр дүнгүүдтэй. Энэ шинжлэх ухаан харьцангуй залуу учраас сайн, муу үр дагаврыг эцийн байдлаар тогтоож чадахгүй байгаа. Үүнийг дэмжиж байгаа улсууд ч олон байгаа. Дэмжихгүй байгаа орнууд ч их. Эцсийн байдлаар энэ үнэхээр муу юмаа гэдгийг тогтоож чадаагүй ч бүгд үүнд болгоомжтой хандаж байна. Сөрөг тал нь их байгаа учраас ОХУ дэмжихгүй гэдгээ зарлачихлаа.

- Сөрөг тал гэдэг дээр та жишээ хэлэхгүй юу?

- Хүний геньд өөрчлөлт оруулна. Хүний үржих чадвар, эрүүл мэндийг дордуулах гэх мэт сөрөг талуудтай. Хүний генийг өөрчилнө гэдэг чинь өчигдөр байсан Болортуяа өнөөдөр өөр Болортуяа болчихсон байна гэсэн үг. Чи биш болчихсон байна л гэсэн үг.

- Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг GMO- тэй гэдгийг мэдэхгүй. Яах ёстой вэ?

- Хараад мэдэгдэхгүй учраас үүнийг нотлох шаардлагатай болно.

Тэгэхээр надаас хамаарч байгаа зүйл биш учраас би өөрөө найдвартай эх сурвалжийн бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг.

- "Хятадууд зарах гэж тарьдаг. Монголчууд идэх гэж тарьдаг" гэдэг үг бий. Гэтэл Монгол ногоо хортой гээд л саяхан зарлаад байсан. Хэрэглэгчид бүр төөрөөд байна.

- Үүнд улсын бодлого яалт ч үгүй хэрэгтэй болж байна.

- Тогтворжуулагч, синтетик гээд хүнсний янз бүрийн нэмэлтүүдийн тухай ялгаа болоод сайн, мууг нь хэлж өгөөч?

- Аливаа бүтээгдэхүүний амт үнэрийг сайжруулах, хадгалалтын хугацааг уртасгахын тулд нэмэлтүүд хийх зайлшгүй хэрэгцээ байдаг.

Хамгийн гол асуудал нь ямар нэмэлтүүд байх ёстой, ёсгүй вэ гэдгийн тухай юм. Хүнсний нэмэлтүүд гурван янз байдаг. Байгалийн, дуураймал, хиймэл буюу синтетик бодис гэж ангилдаг. Байгалийн гэдэг нь ойлгомжтой, байгалийн ургамал, жимснээс гаргаж авсан бүтээгдэхүүнээ нэрээд хандлаад авсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэлдэг. Дуураймал гэдэг нь зарим нэг бодис нь байгаль дээр тогтвортой орших боломжгүй, эсвэл ховор байдаг зүйлийг химийн аргаар гаргаад авчихаж болдог. Өөрөөр хэлбэл байгаль дээр байдаг бодисыг яг химийн аргаар дуурайгаад хийчихдэг. Төрөл бүрийн витаминууд байх жишээтэй. Хүмүүсийн хамгийн нийтлэг хэрэглэдэг C витамин гэхэд байгалийн болон химийн аргаар гаргаж авсан гэж хоёр янз байдаг. Аарц, чацаргана гэхэд байгалийн гаралтай шим тэжээлтэй учраас бид хэрэглэж ирсэн байх жишээтэй.

- Байгалийн, дуураймал хоёр гэхдээ хүний биед үзүүлэх нөлөө адилхан байх уу?

- Өөр. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хүний биед бүрэн шингэдэг бол дуураймал нь ихэнх нь шингэхгүй гараад явчихдаг гэсэн үг. Жишээ нь ундаанууд дээр гэхэд C витаминтай гээд биччихсэн байдаг. Харин энэ витамины сөрөг тал байхгүй ч хүний биед шингэхдээ 10 хувь нь үлдээд 90 хувь нь гадагшилчихдаг байх жишээтэй.

- Байгалийн гаралтай бүтээгдэхүүн бас хоёр ангилагдах юм шиг. Чацаргана гэхэд байгалийн буюу зэрлэг чацаргана. Нөгөөх нь таримал чацаргана байгаа. Энэ хоёрын дунд бас ялгаа бий биз?

- Ургамлын тухайд ямар нэгэн генетикийн өөрчлөлтөнд ороогүй бусад нянг устгах бодис цацаагүй бол таримал жимсэнд чанарын нэг их ялгаа байхгүй. Таримал жимс сортыг нь сайжруулах зэрэг бас давуу талууд байдаг. Харин зэрлэг чацаргана илүү гашуун байхад хүмүүс тийм тааламжтай ууж чаддаггүй. Тэгэхээр зөв хариуцлагатай улсын хяналтан дор тарьсан ургамал бол чанарын хувьд ялгаагүй гэсэн үг.

- Улсын хяналтын дор гэдэг нь юу гэсэн үг үү?

- Хүнсний ургамал ногоонд ямар нэгэн хамаагүй химийн бодис хийгээд тариад байж болохгүй биз дээ.

- Манайд ийм хяналт нь байдаг юм уу?

- Байгаа. Гэхдээ энэ нь хэрэгждэггүй. Манайхан Монголдоо төмс тарьж байна гээд байдаг. Хятадаас юу авч ирж тариад байгааг хэн ч мэдэхгүй. Ийм хянаж байх зүйлээ хянахгүй байж зүгээр нэг галын хорноос болоод хааж, хавчаад байдаг. Чанар, стандартыг нь сайжруулахгүй бол хариуцлагатай үйлдвэрлэгчид хохироод л байна.

- Хяналт ихдээд байна гээд байхад л энд нэг хүн хяналт хэрэгтэй байна гээд байдаг.

- Хүнс гэдэг өөрөө онцгой зүйл.  Жишээ нь архины сурталчилгаа, мэдээллийг хориглосон. Тэгэхээр архи үйлдвэрлэгчид энэ ямар нэмэлттэй вэ бүтээгдэхүүн вэ гэдгээ хэрэглэгчдэд мэдээлэх боломж хаагдчихсан. Нэгэнт энэ тухай хэрэглэгчид би мэдээлэх шаардлагагүй юм чинь архиныхаа амт, үнэрийг сайжруулах синтетик нэмэлт нэмчихье гэж үйлдвэрлэгчид бодно. Хэрэглэгч ч үүнийг мэдэхгүй, улс ч бас үүнийг хянахгүй. Нэг л гоё сайхан амттай архи уугаад байдаг тэр нь синтетик нэмэлттэй байх жишээтэй. Тэгэхээр одоогийн хориглолт зөв үү, буруу юу гэдэг асуудал болж байна. Утгагүй хорио цээр болчихоод байгаа биз. Тамхин дээр л жишээ хэлье. Тамхи татах цэгийг багасгах нь зөв. Энэ бол дэлхийн нийтийн жишиг. Харин зарах цэгийг хориглож байгаа нь ямар сөрөг үр дагаврыг гаргаж байна вэ. Тамхины татвар буурсан. Тамхины татвар буурангуут хүмүүсийн хэрэглээ багассан гээд шууд үзчихдэг. Харин хэрэглээ нэг их буураагүйг бид эргэн тойрны тамхи татдаг хүмүүсээсээ харж болно.  Бид далд эдийн засгийг улам том болгоод өгчихсөн. Нэгдүгээрт хуурамч бүтээгдэхүүнийг бий болгож байна. Хоёрдугаарт хууль бусаар зарагдаж буй тамхи татвар төлөх шаардлагагүй болж байгааг харж байна.

Монгол архи гэхэд олон улсын үзэсгэлэнд оролцоод чанараараа өрсөлддөг. Гэтэл архи бол муу гэсэн сэтгэлгээгээрээ Монгол архиа муу гээд бодчихдог. Манай дарга нар ч архи уухаараа Грэй Гүүс уугаад түүнийгээ рекламдаад байдаг. Гэтэл манай Монгол архинууд тэр Грэй Гүүстэй чинь чанараараа өрсөлддөг.

Хятадын импортын архины 40 хувь нь хуурамч бүтээгдэхүүн байдаг гэсэн албан ёсны судалгаа бий. Гэтэл манайд Хятадаас өнөөдөр юу л бол юу орж ирдэг. Өнөөдөр хятадаас хуурамч архинууд нь орж ирж байгааг үгүйсгэхгүй. Дээрээс нь архины татвар багасч байна гээд манайхан хэлж байна. Харин баар, ресторанд DUTY NOT PAID гэсэн бичигтэй манай татварын тэмдэглэгээгүй архи зараад байгаа нь ажиглагддаг. Зарим нэг нь дутигээс чанартайг нь авчихдаг. Гэтэл DUTY FREE чинь өөрөө мафийн бас нэг сүлжээ болчихсон. 10 хувь нь хуурамч гэдэг.

ОДОО ХУГАЦАА НЬ ИРСЭН. 20 ГРАДУСТАЙ АРХИ РУУ ШИЛЖЬЕ

"Өглөөний хүн" булангийн зочин UFC группийн Дэд захирал Т.Дүүрэн, сэтгүүлч Ч.Болортуяагийн хамт,

- Архи үйлдвэрлэгчийн хувьд байр суурийг чинь сонсмоор байна. Бид архины зөв хэрэглээтэй орон мөн үү?

- Архи хортой бүтээгдэхүүн мөн. Хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг үр дагавартайг хүн болгон мэднэ. Хүний зар араншинд нөлөөлж донтолт үүсгэдэг бүтээгдэхүүн. Гэхдээ архийг дэлхийн жишгээс өндөр хэмжээнд хэрэглэж байгаа зүйл байхгүй. Зах зээлийн багтаамжаа хараад үзэхээр шүү дээ. Энэ архи гэдэг чинь тухайн хүний эдийн засгийн боломжоороо хязгаарлагдаж байдаг.

Монгол хүний зан чанараас шалтгаалж архи хэрэглэсэн хүнд хурц илрэлүүд гарч ирдэг болов уу. Түүнийгээ бид өндөр хэрэглээтэй орон гэж андуураад байдаг. Хүн амын тоог архины борлуулалтыг харьцуулдаг олон улсын жишгээр манайх хэвийн хэрэглээтэй оронд ордог. Хүн амын тоог 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний лонх архи тухайн жилд борлуулагдсан байвал хэвийн нөхцөлдөө ороод байгаа юм.

- Бид архи үйлдвэрлэгчдийг үзэн яддаг болсон. Архи үйлдвэрлээд хүмүүсийг хордуулаад байна гэж. Дээрээс нь та хүнсний аюулгүй байдал гээд хүний эрүүл мэндийн тухай яриад сууж байдаг. Гэтэл өөрөө архи үйлдвэрлэгч шүү дээ.

- Миний найз нар ч бас хэлдэг юм. Чи яах гэж архи үйлдвэрлээд байгаа юм гээд л. Би юу гэж хэлдэг вэ гэхээр чи надаас архи авахгүй “Азийн чоно”-оос архи авмаар байна уу гэдэг юм. Энэ архи гэдэг зүйлийг чинь нэр хүндтэй компани, нийгмийн хариуцлагатай, ухамсартай үйлдвэрлэгч нар улсын хяналтан дор үйлдвэрлэх ёстой болохоос биш архи гэдэг дэмий зүйл гэж хандаад хаячих юм бол ухамсаргүй үл бүтэх этгээдүүд синтетик нэмэлтүүд хийгээд, хуурамч спиртээр архи үйлдвэрлээд эхэлнэ. Тэгэхээр энэ архи үйлдвэрлэнэ гэдэг чинь асар том ухамсар, хариуцлага агуулж байдаг үйлдвэр гэж би ойлгодог. Дээрээс нь хэрэглэгчдэд зөв хэрэглээг бий болгох үүднээс мэдээллүүд түгээж байх хэрэгтэй ч бид үүнийгээ мэдээлэх боломжгүй болсон.

- Өмнө уулзаж байхад та Монголчууд бид бага градустай архи хэрэглэж занших цаг нь болсон гэж байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

- Монголчууд бид сүүлийн 70, 80 жил өндөр градустай архи хэрэглэж байна. Түүнээс өмнө 20 градустай нэрмэл архиа л хэрэглэж байсан. Харин энэ өндөр хатуулагтай архи богино хугацаанд амархан согтоох сөрөг үр дагавартай. Тэгэхээр архи үйлдвэрлэгчдийн нэгдүгээр хариуцлага нь чанартай бүтээгдэхүүн хийх, хоёрдугаарт зөв хэрэглээ, соёлыг ухаж сурталчлах хэрэгтэй. Уг нь үүнийг төр бодлогоор хийх ёстой. Мөн архины үйлдвэрүүдийг нийгмийн хариуцлагатай ажил хийе гэхээр хийлгэдэггүй.

Чанартай бүтээгдэхүүн гэдэгт түрүүн ярьсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүний тухайд манай үйлдвэрлэгчид маш их синтетик бодис хийж амт, үнэрийг нь сайжруулдаг. Франц, финландын архи шиг болгох гээд "тэр хэд хийгээд байгаа юм чинь бид ч бас хийж болно" гэж хандаад байдаг. Үүн дээр манай үйлдвэрлэгчид ухамсартай хандаж синтетик нэмэлтээс татгалзах ёстой. Нэмэлт хиймээр байгаа бол байгалийн нэмэлт хийх хэрэгтэй. Хүн архи ууж хордоно. Дээрээс нь синтетик бодис ууж хордоод байна.

Манай үйлдвэрлэгчид ухамсартай хандаж синтетик нэмэлтээс татгалзах ёстой.

Мөн өөрийн чинь асууснаар би 15 жил энэ хүнсний салбарт ажилласаных нэг зүйлийг бодоод л явдаг юм. Үүнийг уг нь хоёр, гурван удаа туршиж үзсэн. Хэрэглэгчид ерөөсөө хүлээж авахгүй байгаад байдаг. Одоо хугацаа нь ирсэн. 20 градустай архи руу шилжье. Нэгэнт л хүний амрах, ажиллах хугацааг цаг хугацаа хязгаарладаг. Бид цаг хугацааг сөрж чадахгүй харин тодорхой хугацаанд буюу 4-5 цаг суухад хүн согтдоггүй хэмжээнд байх ёстой. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ гэхээр ердөө бага градустай архи хэрэглэх. Үүнийг бодлогоор дэмжээд өгчихвөл их сайн.

Архийг тас хориглоод юу болдог вэ гэдгийг бид 1930 оны Америкийн хуурай хууль, 1980-аад оны Оросын архийг хориглосон бодлогоос харж болно. Энэ хоёр хуулийн гайгаар хар тамхи маш хүчтэй хэрэглээ болсон. Хар тамхи Монголчуудын ч асуудал болж эхэлж байгааг бид харж байна. Харин үүнийг ярихыг хүсэхгүй байна. Тэгэхээр бид архины хатуу хууль гэж байхаар хүмүүсийн зөв хэрэглээ буюу архийг бага градус руу нь шилжүүлэх хэрэгтэй. Солонгост сөжү 20 гаруй градустай байсан бол одоо 14, 15 градус болчихсон. Тэгэхээр хүмүүс нь архийг зугаа төдий хэрэглэчихээд түүнээс илүү согтоод зүй бус авир гарах нь багасчихдаг.

"Өглөөний хүн" булангийн зочин UFC группийн Дэд захирал Т.Дүүрэн,

- Архи үйлдвэрлэж Монголдоо зарж байснаас үнэхээр л чанартай юм бол экспортод гарга л даа.

- Хамгийн түрүүнд экспортонд гаргах боломжтой бүтээгдэхүүн бол архи. Монгол архи олон улсын үзэсгэлэнд оролцохоороо дандаа шилдэг нь болдог. Би Спирт Бал Бурамд ажиллаж байхаасаа ийм үзэсгэлэнд маш их оролцож байсан. Ингээд экспортод гаргая гэхээр эргээд л нөгөө санхүүгийн асуудал буюу эргэлтийн хөрөнгө, маркетингийн зардал зэрэг том зүйл гарч ирдэг. Гадны улсын зах зээлд орохын тулд яг тэр жишигт нь дүйцэхүйц маркетинг явуулж байж бид өрсөлдөх хэрэгтэй болно. Хөрөнгө, хугацаа маш их шаарддаг. Тэнд зарцуулах зөвхөн маркетингийн зардал гэхэд манай жилийн борлуултаас давах хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй болдог.

- Энэ ярилцлагыг уншаад хүмүүст ямар сэтгэгдэл үлдээсэй гэж бодож байна вэ?

- Хүнсний аюулгүй байдал гэдэг чинь өргөн нарийн царигаас илүү чухал зүйл юм шүү гэдгийг л дахиад хэлмээр байна. 

- Таны ярьсанчлан Монголд зарагдаж байгаа бүх архинд химийн буюу синтетик нэмэлт нэмж байна гэж байсан. Үнэхээр бүгд үү?

- Импортын архинууд бүгд ийм нэмэлттэй байгаа. Монголд үйлдвэрлэж байгаа архинууд ч бас улсаас тавьж байгаа шаардлага байхгүй учраас синтетик нэмэлт ашиглаж байгаа. Үүнд манай компани л анх удаа байгалийн гаралтай нэмэлт хийж илүү шинэ буюу супер био технологи үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Бид ОХУ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Академийн Хүнсний Технологийн хэлтэстэй хамтарч нөгөө Грей Гүүсээс чинь мундаг шагнал авчихсан …………. нэртэй архи үйлдвэрлэсэн.

- Та хуулиа зөрчөөд байх шиг байна. Рекламдаад…

- Уг нь би хүмүүст хэрэгтэй юм яриад байгаа гэж ойлгоод байна.

- Харин тийм. Гэхдээ л …

- Энэ мэдээлэл ямар нэгэн байдлаар хүмүүст хүрэх ёстой биз дээ. Хэрэглэгч өөрөө хортой, хоргүй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа эсэхээ мэдэх нь тэдний эрх. Хэрэглэгч мэдэхгүйгээсээ болоод хохироод байна.

Би архи сайн шүү, архи уугаад согтоод байгаарай гэж яриагүй. Харин синтетик гэдэг аюултай шүү. Ийм бүтээгдэхүүн хэрэглэхээсээ болгоомжлоорой л гэж байна.  Миний ярьсан бүхэн мэдээлэл, мэдлэг болоосой л гэж бодож байна.

Синтетик гэдэг чинь хэдэн мянган жил хүний элэг бөөр огт шүүж үзээгүй химийн бодис юм шүү гэдгийг хэрэглэгчид ойлгоод ялгаж салгадаг болчих хэрэгтэй байна.

Bolortuya@ikon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.