“976 арт галерей” өнгөө хувиргаад байна. Тэнд Ленинград буюу Санкт-Петербургийн цагаан шөнө үргэлжилж байна.
Алдарт Аврора хөлөг, Нева мөрний салдаг гүүрнээс авахуулаад өвлийн хот, зуны цэцэрлэг, Марийнскийн театрын алдартай балетчин хосын зураг ч байна. Энэ бүхэн бол зураач, Санкт-Петербургийн И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэнгийн бүтээлүүд.
Тэрбээр эх орондоо дөрөв дэх удаагаа уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгээд байна. Нээлтэд нь уран зураг сонирхогчид, Ленинградад сургууль төгсөгчид гээд олон хун ирж баяр хүргэсэн.
Ерөнхийлөгч асан П.Очирбат үг хэлж, дуучин Б.Амархүү дуулсан гээд тоочоод байвал нээлтийн гэнэтийн бэлэг олон. Бужигнасан олон хун таран одож галерейд нам гут ноёлоход ухаан сийрэг, уран гарт зураачийн хараа булаах тансаг зургууд өнгө, ураар гайхуулан үлдэх ахуйд зураачтай ярилцсан юм.
-Энд цугласан хүмүүсийн санаа бодлыг сонсч явлаа. Таныг уран зурагт өнгө оруулж, шинэчлэл хийж байгаа залуу гэж ярьж байна. Та ийм зорилго тавьж зурдаг уу?
-Өөрийн сонгосон бодит классик чиглэлээр янз бүрийн сэдвээр зурж байя гэж боддог. Хэрхэн хүлээж авахыг мэргэжилтнүүд, үзэгч, уран зураг сонирхогчдын таалал л мэднэ дээ.
-Бас мэддэг хүмүүс үзэсгэлэнгээс үзэсгэлэнгийн хооронд бүтээлүүд нь эрс сайжирч байна, Орост нэлээд алдаршиж байгаа, зургуудыг нь уралдаад авдаг болсон гэнэ лээ гэж ч ярьж байна. Тэр хүмүүс танаар бахархсандаа жаахан хэтрүүлж ярьж байна уу, эсвэл бодит байдал дээр тийм юм уу?
-Сүүлийн үед Оросын зураачид намайг таньдаг болж байгаа. Санкт-Петербург болон Москва хотод нэг нэг галерейтай хамтарч ажилладаг болсон. Тэд миний бүтээлүүдийг олон нийтэд танилцуулдаг. Би өмнөх шигээ өөрөө гүйгээд байх хэрэггүй болсон.
-Энэ бол зураачдын хувьд амжилт, нэгнийх нь хувьд мөрөөдөл биз?
-Ер нь бол чамлахгүй байгаа.
-Одоо та И.Е.Репиний академид багшилж байгаа юм билээ. Санкт-Петербург хэзээ явсан бэ. Амьдрал, уран бүтээлийнхээ намтраас товч танилцуулна уу?
-Багаасаа зураач болно гэж боддог, зурдаг байсан. Аав ээж тусалдаг байлаа. 54 дүгээр сургуулийн наймдугаар анги төгсөөд Р.Гандийн нэрэмжит үйлдвэр урлалын сургуулийн арьсан урлалын ангид орж суралцаад төгссөн. Дараа нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд Эрдэнэчимэг багшийн ангийн оюутан болсон. Тэнд хоёр жил сураад В.Путиний тэтгэлэгт сургалтад өрсөлдөж тэнцээд хойд хөршид сурахаар явсан даа.
Хөгжим, зураг, театр гээд салбар салбарын 30, 40-өөд оюутан явсан юм. Зургийн чиглэлээр хоёрхон хүүхэд байсан. Нэг нь би, нөгөө нь манай ангийн Мэндбаяр гэж охин. Бид Воронеж хотын Улсын урлагийн академид очиж, уран зургийн чиглэлээр, улсын тэтгэлгээр дөрвөн жил сурсан. Уг нь зургаан жил сурах ёстой байсан юм.
Гэтэл дөрөвдүгээр курсээ төгсөөд байтал ангийн багш маань “Чамайг Санкт-Петербургт сургах боллоо” гэж хэлдэг юм байна. “Чи энд дөрвөн жил сурлаа, хангалттай, одоо тийшээ очиж сур” гэсэн. Тэгээд л явсан.
-Бас улсын тэтгэлгээр үү?
-Үгүй ээ, зардлаа өөрөө төлөх болсон. Эхний хоёр жилийн мөнгийг аав ээж, ах эгч дааж тусалсан. Дараагийн жилээс нь өөрөө мөнгө цуглуулж эхэлсэн.
-Яаж?
-Зураг зурж зардаг болсон.
-Сургалтын төлбөр өндөр үү?
-Тэр үед 5000 евро байлаа, харин одоо долоон мянга болсон. Би очингуутаа академийн захиралтай уулзаж зураг бүтээлүүдээ танилцуулсан л даа. Тэгэхэд болж байна гээд гуравдугаар курст шууд авъя гэлээ. Тэгэхэд нь би дөрөвдүгээр курст оръё гээд.
Тэгэхэд харин ч чадварыг чинь үнэлээд гуравт авъя гэж байхад, гадаадын оюутан байтугай оросуудад ч ийм боломж олддоггүй, дэлхийн аль ч орноос ирсэн сайн зурдаг залуус шалгалт өгч ордог, тийм юм байхгүй ээ гэсэн. Тэгэхээр нь би “За, за” гээд гуравдугаар курстаа үг дуугүй орсон.
-Дотроо ямар даварсан нөхөр вэ гэж бодсон байх даа?
-Магадгүй. Тэгж Репиний академид ороод, 2012 онд төгссөн.
-Одоо багшаар ажиллаж байна...
-Туслах багш. Гэсэн ч багш л гэсэн үг л дээ. Цалин авдаг.
-Хэзээ хүртэл туслах багшаар ажиллах бол?
-Мэдэхгүй, 20,30 жил ч байж магадгүй. Манай сургуулийн профессорууд 70,80-тай, зарим нь 90 хүрч яваа багш нар ч байдаг.
-Монголчуудаас олон зураач энэ академийг төгссөн. Ер нь хэдэн хүн төгссөн юм бол?
-60 гаруй гэдэг. Анхных нь 1954 онд төгссөн Л.Гаваа гуай.
-Тэдэн дундаас багшаар үлдсэн хүн бий юү?
-Байхгүй.
-Сүүлийн жилүүдэд танай академид монголчууд сураагүй байх шүү...
-Академид монголчууд сурсан түүх 1994 оноос хойш тасраад байсан. 1993 онд барималч Ганхуяг ах төгссөн, дараа жил нь уран зургаар бас нэг ах төгссөн юм билээ.
-Та тэгвэл тасарсан утсыг холбосон байх нь. Тэгээд ч академид багшаар үлдэх санал тавина гэдэг таныг болон монголчуудыг үнэлж буй, нэр төрийн хэрэг байх?
-За, тийм дээ (инээв).
-Ямар хүнийг багшаар үлдээдэг юм бол?
-Би төгсөхдөө шилдэг дипломыг нь авсан юм.
-Хуучнаар бол улаан уу?
-Үгүй ээ. За байз юу гэдэг билээ, тулгамдаад яг юу гэж хэлдгийг нь мартаад байна.
-Репиний академид багшлах хэр байна. Ажил нь хүнд үү?
-Гайгүй ээ. Тэгээд ч манай багш нар намайг залуу хүн байна, аль болох уран бүтээлээ хий, сургууль дээр долоо хоногт заавал дөрөв, таван өдөр ирээд байх хэрэггүй, хоёр удаа ирсэн ч болно гэдэг.
-Тэгж болох уу?
-Тэд намайг хийж бүтээх насандаа аль болох зураасай гэж боддог байх. Би “За” гэдэг ч хуваарийн дагуу ирж ажилласаар л байгаа.
-Та энэ бүтээлүүдээрээ үзэгчдэд Санкт-Петербургийн тухай, ер нь Оросын том хотын уламжлалт соёлын тухай товч тодорхой ойлголт өгч байна гэж бодож байна. Энэ зургаас харахад гудамж анх ямар байсан яг тэр хэвээрээ өнөөг хүртэл байгааг ойлгож байна. Газрыг нь зарах, байшин барих хориотой байх, тийм үү?
-Тийм ээ. Тэр бүү хэл рекламны самбар ч өлгөж болохгүй. Санкт-Петербург бол өөрөө хот музей.
-Үзэсгэлэнг үзсэн хүмүүсийн анхаарал тэр гоё хотын зүг хавдаж байгаа болов уу. Ер нь таны үзэсгэлэнгийн зорилго юу вэ?
-Сурч байгаа хотоо танилцуулах, эртний түүх, соёл, уламжлалтай энэ хотод сурч төгссөн монгол залуу одоо юу хийж байгааг харуулах хүсэл байна. Орост үзэсгэлэнгээ гаргасаар ирсэн. Монголдоо ч гэсэн гаргаж байх нь зүгээр гэж бодсон юм.
-Бага зэргийн уран сайхантай бодит зургууд харагдаад байна. Та реалист зураач юм байна. Модерн, абстракт чиглэлээр зурах нь түлхүү болсон өнөө үед тухайлбал таны сонгосон чиглэл жаахан хуучинсагт тооцогдохгүй байгаа?
-Миний барьж авсан, өөрийгөө олж буй чиглэл бол бодит классик. Үүнд суурилж зурдаг. Гэхдээ мэдээж өөрийн гэсэн тоглолтууд хийнэ. Бодит классик бол хэзээ ч хоцрогдохгүй, мөнхийн байх чиглэл. Гагцхүү зураач ямар арга техникийг хэзээ, яаж ашиглаж байна вэ гэдэг сонин. Түүгээр хэний зураг вэ гэдэг танигдана.
-Таныг Оросын уран зургийн ертөнцөд нэлээд алдаршиж яваа залуу уран бүтээлч гэж “976” галерейнхан хэлсэн. Харилцдаг ганц, хоёрхон галерейтай болсон байна. Энэ хүртлээ урт, адармаатай зам туулсан байх даа?
-Эхлээд зургийг минь авдаггүй байлаа. Хэн ч биш гээд. Тэгэхээр нь арьсан урлалаар сурсныхаа хэргийг гаргана гээд өмдний тэлээ хийж зарах гэж үзсэн. Невскийн гудамжинд нэхсэн оймс гэх зэрэг бараа зардаг эмээ нартай зэрэгцээд зогсдог байлаа. Бас ч гэж хоосонгүй өдөрт хоёр, гурван тэлээ зарна. Долоо хоног ингэж зогсоод больсон л доо. Ер нь энэ миний хийх ажил биш байна гээд больсон. Тэгээд удалгүй зургаа зурж эхэлтэл худалдаж авсан. 2000 рублиэс эхлүүлээд борлуулж эхэлсэн.
-Ямар хүмүүс худалдаж авах вэ?
-Галерейнхан авна. Нэг бол галерейд тавьж зарна. Ихэнхдээ манайд сурдаг хятад оюутнууд захиалгаар хуулбар хийлгэдэг байлаа. Тэд Хятадад аваачиж зардаг. Шишкин, Айвазовский гээд сайн зураачдын бүтээлийг хуулж зурна. Шишкин гэхэд их нарийн детальтай зургуудтай. Гэсэн ч түүний зургийг нэг өдөрт л хуулдаг байлаа.
-Ингэж хуулахыг зөвшөөрөх үү?
-Зөвшөөрнө. Манайд хуулбарын хичээл ордог. Сурч байгаа хүнд хамгийн их юм өгдөг хичээл. Мастеруудын бүтээлийг харах нэг өөр, давтаж, хуулж зурах гэдэг бас өөр. Тэгээд яах вэ болж л байна. Воронежд очоод хамгийн муу оюутан нь байсан бол Репиний академи төгсөхдөө шилдэг дипломыг нь авсан гэдэг маань зураач болох замдаа орсных гэж боддог.
-Та нэлээд даруухан хэлээд байх шиг байна. Оросын уран зургийн ертөнцийнхөн таны ямар ч бүтээлийг хараад “Энэ Монголын Отгонтүвдэнгийнх байна” гэж хэлдэг гэсэн. Ингэж танигдахад хүртэл зурна гэдэг хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн зураач болсон юм биш үү?
-Миний зургийг таньдаг болж байгаа. Энэ бүтээлүүдийг гараас гаргаад байхыг харсан хүмүүсээс үнэ хэлж, одоо авъя гэж байсан нь ч бий. Тэгэхэд нь “Би эх орондоо үзэсгэлэнгээ гаргаад ирье ээ гээд хүрээд ирсэн.
-Бүгдийг нь эндээ зарчихвал өрөнд орох юм байна даа...
-Мэдэхгүй ээ. Энд тийм олон зураг зарагдахгүй байх аа. Тэгээд ч зарж борлуулах нь гол зорилго биш.
-Нууц биш бол таны арга барилын нууц нь юунд байдгийг хэлж болох уу?
-Нууц биш ээ. Гол нь пятно-гоор тоглох л байгаа юм. Пятно гэдэг маань хүнд өнгөний тоглолт. Хүнд өнгүүдийг хаана байрлуулахаас их юм шалтгаалдаг. Хаана нь цагаан, хаана нь бараан байлгах вэ гэдгийг сонгох. Зурагны гол төв юм даа. Үүнийг ойлгосон байхад их хэрэг бүтээнэ. Монголд байхад ч заалгадаг байсан, хойно очоод ч заалгасан. Гэхдээ өөрөө олон жил зурж байж илүү өөрийн болгодог юм байна.
-Монголчууд Репиний академийг урлагийн бурхад цугласан газар гэж ойлгодог. Гэхдээ дэлхийн түвшинд аваад үзэхэд уламжлалт сургалттай сургууль. Энэ сургууль бүдүүлгээр хэлэхэд моодноос гарах гэж байх уу?
-Хэзээ ч моодноос гарахгүй. Дэлхий сөнөхөд л тийм юм болох байх. Уран зурагт хамгийн гол суурь нь бодит уран зураг. Монголд орчин үеийн абстракт зураг оруулж ирсэн төрийн соёрхолт зураач До.Болд ахыг аваад үзэхэд тэр хүн бодит уран зураг гэдгээ дээд зэргээр эзэмшчихээд, түүнээсээ хальж абстракц руу орсон байхгүй юу. Одоо харж байхад модерн чиглэлээр маш сайн зурдаг зураачид, оюутнууд байдаг, заримыг нь ч би ойлгодоггүй.
Янз янз. Репиний академийн тухайд гэвэл гадаадын маш олон орноос оюутнууд ирж сурдаг. Өндөр хөгжилтэй бүхий л орноос ирж сурдаг. Тэд яагаад олон жилийн түүхтэй энэ сургуулийг зорьж байна вэ гэхээр уран зургийн маш сайн суурьтай болохыг юуны өмнө зорьж байгаа. Тэгээд ч бодит классик уран зургийн түвшин хаа сайгүй нурчихсан.
Түүнийг буцаагаад сэргээх, суралцах ёстой юм байна гэдгийг ойлгосон шиг байгаа юм. Энэ шаардлагаар хаана суралцах ёстой вэ гэхээр Репинд л сурах болно. Үүгээрээ манай академи гайхамшигтай. Екатерина II хатан хааны байгуулсан 360 жилийн түүхтэй академи шүү дээ. Сүүлд И.Е.Репиний нэрэмжит болгосон.
-Таныг Оросын нэгэн урлаг судлаач уран зурагт сүүлийн үед гарч ирж буй содон үзэгдэл хэмээн дүгнэсэн байх юм. Ингээд бодохоор Монголын маань нэгэн зураач нэлээд алдаршиж байгаа юм байна даа гэж бодогдсон. Ийм уран бүтээлчийг төрүүлж өсгөсөн аав ээж хэн бэ. Эцэг эхээсээ хэдүүл вэ?
-Манай аав хүмүүсийн мэддэгээр “Модны-2” гэдэг Модон эдлэлийн үйлдвэрийн дарга байсан Бадам гэж хүн бий. Ээж маань Урт цагаанд насаараа ажилласан мастер Далайжаргал. Бид аав ээжээс долуулаа. Дөрвөн ах, хоёр эгчтэй.
-Танайханд урлагийн хүн бий юү?
-Дунд ах сайн зурдаг. Зурахаар байсан боловч зах зээлийн эхэн үеийн байдлаас болиод больчихсон л доо. Уг нь их авьяастай. Өвөө маань мундаг зураач байсан юм билээ. Бурхан бүтээдэг лам хүн байсан гэсэн. Намайг тэр өвөөгийн сүнс гэдэг.
-Таныг сайн харвал царай төрхөөрөө Бурхан багштай төстэй ч юм шиг. Хэн нэгэн хүн өмнө нь ингэж хэлж байсан уу?
-Үгүй ээ, лам шиг гэж хэлж байсан удаатай (хөхрөв).
-Та орос бүсгүйтэй гэрлэжээ. Жаахан охинтой гэсэн. Яагаад ч юм таныг монгол эмэгтэйтэй айл гэр болсон бол гэж бодогдсон шүү. Ингэж хэлэхэд эмзэглэж байна уу?
-Үгүй ээ. Манай гэргий сайн бүсгүй. Түүнтэй уулзаж, танилцах юм бол ойлгоно. Өмнө нь би бас эхнэртэй байсан л даа. Нэг их муудалцаж сайдалцаж байгаагүй ч аяндаа хоёр тийшээ болсон. Бидний хүүхэд одоо 11 настай. Тэгэхээр би хоёр хүүхэдтэй аав.
-Таны зургууд өндөр үнэтэй юм байна. Зарагдаж арвин мөнгө цуглалаа гэж бодоход юунд зарах вэ?
-Буцаагаад л зурагаа зарна. Мэдээж гэр бүлтэй хүн чинь гэр бүлдээ зарцуулна шүү дээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!