1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол хүн анх сансарт ниссэн түүхтэй. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар энэ л түүхэн өдөр “Союз-39” хөлгөөр сансар огторгуйн уудамд дүүлж, мөрөө гаргасан.
Гэвч энэхүү түүхэн өдрийг ирээдүй хойч үедээ мартуулахгүйгээр сурталчилан таниулах үзмэр манай улсад нэн ховор гэхэд болно. Гэтэл гадаадын орнуудад сансар судлалын томоохон музей, үзмэрийн цогцолборууд сүндэрлэж, сансарын нисгэгчдээ алдаршуулсан нь олонтаа бий.
Тэгвэл нэгэн таатай мэдээ сонор мялааж, Монгол Улс маань Сансар, Од Эрхэсийн ордонтой боллоо. Энэхүү ордоны нээлтийг энэ сарын 1-нд хийсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, зочилжээ.
Харин өнөөдөр ордоныг сэтгүүлчдээр дамжуулан Монголын ард түмэнд танилцуулах арга хэмжээ боллоо.
Монгол Улсын Засгийн газраас тус ордоныг бий болгож, байгуулах шийдвэрийг аль 2009 онд гаргасан бөгөөд Засгийн газрын санхүүжилтээр баригдсан уг ордонд Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” гэх тусгай багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн нь Сансар, Од Эрхэснийн ордоны голлох үзвэрүүдийн нэг болжээ.
Одон Орон Геофизикийн Судалгааны төвд суурилсан дээрх Сансар, Од Эрхэсийн ордон нь гурван танхимтай.
1. Сансар танхим
2. Нар, сар, кино танхим
3. Од эрхэс танхим
Сансар, Од Эрхэсийн ордоны захирал С.Дэмбэрэл хэлэхдээ “Энэхүү ордон нь хүүхэд, багачуудад сансар огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрч, мэдэхэд нь туслахаас гадна сансарт ниссэн анхны монгол нисгэгч Ж.Гүррагчаатай танилцах, түүний хөлөглөсөн “Союз-39” хөлгийг, өмссөн хувцасыг нь харах боломжтой юм.
Түүнчлэн цаг агаарын байдал ямар байгаагаас үл хамаарч "Од эрхэс" танхимд саатан "Минолта MS-8" цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд, нар сарны хиртэлт хийгээд үдшийн бүрий, үүрийн гэгээ зэрэг одон орны олон сонирхолтой үзэгдлийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр хиймэлээр харах боломжтой” гэсэн юм.
Тэрбээр мөн, Сансар, Од Эрхэсийн ордон нь хүүхэд бүрийн өмнө нээлттэй бөгөөд аав ээж, анги хамт олноороо ирж үзэхийг урьсан.
Дашрамд дурдахад, Монголчууд бид өвөг дээдсийн үеэс од эрхсийг сонирхож одон орны судалгааг хийж ирсэн түүхтэй байдаг.
Тухайлбал,
Энэхүү ордон нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ШУА-ын 7 дугаар байранд байрладаг. Жуковын музейгээс хойш Mаахуур толгойн өвөр тал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!