Хоёр долоо хоногийн турш харилцан нэгнийхээ нутаг дэвсгэрт төрөл бүрийн зэвсгээр довтолсон Энэтхэг, Пакистан улсууд нэн даруй, бүрэн хэмжээнд гал зогсоох тохиролцоонд АНУ-ын зуучлалтай хүрснээ Бямба гарагт зарлажээ.
Уг мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Энэтхэгийн захиргааны Кашмирт болсон зэвсэгт халдлагын дараа эхэлсэн юм.
26 энгийн хүний амь үрэгдсэн энэ халдлагад Энэтхэгийн тал Пакистаныг буруутгаж байгаа ч Исламабадын эрх баригчид үүнийг нь эрс үгүйсгэж байгаа.
“АНУ-ын зуучлалаар нэг урт шөнийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд Энэтхэг, Пакистан улсууд нэн даруй, бүрэн хэмжээнд гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлахдаа би баяртай байна. Эрүүл саруул ухаан гаргасан хоёр улсад баяр хүргэе. Энэ асуудалд анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа” гэж ерөнхийлөгч Дональд Трамп сошиал хуудсандаа бичжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй хамт Энэтхэг, Пакистаны ерөнхий сайд нартай 48 цагийн турш ярилцсаны дараа ийм үр дүнд хүрснээ бас мэдээлсэн байна.
Гэвч Бямба гарагийн орой Энэтхэгийн гадаад хэргийн сайд Викрам Мисри телевизээр үг хэлэхдээ Пакистаны тал гал зогсоох тохиролцоогоо хэд хэдэн удаа зөрчсөнийг мэдээлжээ.
Хариуд нь Пакистаны мэдээллийн сайд Аттаулла Тарар “Гал зогсоох гэрээг манай талаас зөрчсөн байх боломжгүй” гэж хөршийнхөө мэдэгдлийг няцаасан байна.
Өмнөд Азийн цөмийн зэвсэгтэй хоёр улс Британийн захиргаан дор хамтдаа нэг улс байсан ч 20 дугаар зууны дундуур колоничлолоос гарсныхаа дараа шашны итгэл үнэмшлээрээ хоёр хуваагдсан юм. Ингэж хуваагдахдаа Кашмирын бүс нутагт хилийн маргаан зөрчилтэй үлдсэн бөгөөд өмнө нь энд хоёр ч удаа дайн дэгдээж байжээ.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс хэдхэн өдрийн өмнө Энэтхэг, Пакистаны мөргөлдөөн “манай асуудал биш” гэж ярьж байсан ч нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч болзошгүй болсон талаар тагнуулын мэдээлэл авсныхаа дараа талуудтай холбогдож эхэлсэн тухай Вашингтоны албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
|