Уншиж байна ...

Киевт айлчилсан Европын удирдагчид 30 хоног гал зогсоох нөхцөлийг зөвшөөрөхийг Оросын талаас шаардав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Киев хотод айлчилсан Франц, Герман, Их Британи, Польшийн удирдагчид Даваа гарагаас эхлэн 30 хоногийн турш дайны гал зогсоох нөхцөлийг зөвшөөрөхийг Оросын талаас шаарджээ.

Өчигдөр Киев хотод Украины дайныг зогсоох зорилготой холбоотнуудын уулзалт зохион байгуулагдаж, бусад улсуудын удирдагчид зайнаас оролцсон юм.

Уулзалтад оролцогчид гал зогсоох төлөвлөгөөний нөхцөлийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцаж тохиролцсон байна.

Европын удирдагчид тавьж буй шаардлагыг нь хүлээж авахгүй бол “шинэ томоохон хориг арга хэмжээ” авахаар Оросын эрх баригчдыг сүрдүүлжээ.

Уулзалтын дараа Их Британийн ерөнхий сайд Кэир Стармер “Бид бүгд АНУ-ын хамт Путинээс шаардаж байна. Хэрвээ тэр энх тайван тогтоох асуудалд үнэхээр нухацтай хандаж байгаа бол үүнийгээ харуулах боломжийг бид олгож байна” гэж хэлсэн байна.

Түүнтэй хамт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Фридрих Мерц, Польшийн ерөнхий сайд Дональд Туск нар Киевт хүрэлцэн очсон юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид бодитой, урт хугацааны аюулгүй байдлыг хэрхэн бий болгож, баталгаажуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах болно” гэж мэдэгджээ.

зураг
 

Гал зогсоохын тулд эхлээд Өрнөдийн орнууд Украинд үзүүлдэг зэр зэвсгийн тусламжаа зогсоох ёстой гэж Оросын тал үзсээр байгаа.

Харин нөгөө тал гал зогсооход ямар ч урьдчилсан болзол нөхцөл байх ёсгүй гэж үздэг.

“Ямар нэг болзол нөхцөл тавих оролдлого нь дайныг сунжруулж, дипломат яриа хэлэлцээг сүйтгэх санааны илрэл юм” гэж Зеленский өчигдөр энэ талаар анхааруулжээ.

Гал зогсоох тохиролцооны хэрэгжилтийг Европын орнуудын тусламжтайгаар АНУ голчлон хянахыг Францын ерөнхийлөгч Макрон тайлбарласан байна.

Харин тохиролцоо зөрчигдвөл “Европ, Америкийн хоорондоо тохиролцсон томоохон хориг арга хэмжээг авахад бэлэн” байгааг тэр нэмж хэлсэн юм.

Германы канцлер Мерц 2022 оны хоёрдугаар сард Украины дайныг  эхлүүлсэн цорын ганц буруутан нь “олон улсын хуулийг зөрчсөн эзлэн түрэмгийлэгч Орос улс” болохыг мэдэгджээ.

Киевт болсон энэхүү уулзалт өмнөх өдөр нь Москвад 20 гаруй улсын удирдагчдын оролцсон Ялалтын баярын хариу арга хэмжээ байлаа.

Энэ уулзалтад Италийн ерөнхий сайд Жоржа Мелони, Канадын ерөнхий сайд Марк Карни, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нарын зэрэг хүмүүс зайнаас оролцжээ.

Ялалтын баярын үеэр Путиний зарласан гурав хоногийн гал зогсоох хугацаа Москвагийн цагаар Бямба гарагийн шөнө дуусах юм.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр “харилцааг сэргээхээс илүүтэй сөргөлдөж, дайсагнасан агуулгатай мэдэгдэл хийлээ” гэж Европын удирдагчдыг шүүмжилжээ.

Бас тэр “Бид энэ талаар сайтар бодох шаардлагатай. Гэхдээ биднийг дарамтлах гэсэн оролдлого үр дүнд хүрэхгүй” гэж ярьсныг Оросын хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC