Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Модлог ургамлын "их дэлгүүр"

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 5 сарын 22
Зууны мэдээ
Зураг зураг

Дэлхийн улс орнууд өөрийн газар нутагт байгаа мод ургамлынхаа удмын санг хадгалж, хамгаалан, өсгөн үржүүлэх цэцэрлэгт хүрээлэнтэй байдаг. Манайд ч бий.

Тэр нь Дамбадаржаад байх Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн юм. Хэн бүхэнд танил биш энэ л цэцэрлэг иргэдийг “Манайд ирээч” гээд учиргүй уриалан дуудаад байдаггүй.

Гэхдээ сонирхон очсон бүхэнд нээлттэй, үйл ажиллагааны чиглэл нь ч нэлээд учир утгатай. Энд Монгол орны хангайн бүсийн модлог ургамлыг тарин нутагшуулж, тэндээс шинэ үр гарган үйлдвэрлэж байна. 

Тэгэхээр ногоон байгууламж уур амьсгал гэхээсээ илүү мод ургамлын хөгжлийн төвшинд ихээхэн ач холбогдолтой. цэцэрлэг юм. 1971 онд байгуулагдаж, зовлон бэрхшээл дундуур “туучин” явсаар саяхнаас үйл ажиллагаа нь жигдэрчээ. Учир нь өөрчлөлт хөгжлийн давалгаанд хаалгаа барин, үйл ажиллагаагаа зогсоож, газраа хүртэл алдсан байна.

Анх 100 га газарт байгуулагдаж байсан бол одоо 60 га газарт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг одоо Ойн судалгаа хөгжлийн төв хариуцан ажиллаж байгаа юм.

МОНГОЛДОО ГАНЦХАН ҮРИЙН ЛАБОРАТОРИ ТЭНД БИЙ

Цэцэрлэгт хүрээлэнд очиход онцгой өндөр мод, шигүү ургасан ургамал үгүй. Явган хүний зам, талбай, усан оргилуур зэрэг элдэв чимэг ч байхгүй.

Балчир жижиг модод дөнгөж нахиалж байна. Хуучин усан сан байсан туурь, худаг, тухайн үед нутагшуулж байсан хэдэн бургас модод харагдана. Уг нь 10 гаруй жилийн настай шинэс модод нэлээд байжээ. Гэтэл тэр хавийн айлууд хугалж, түлэхийг нь түлж, нэг хэсэгтээ л дураараа загнаж байсан гэнэ. Мөн зарим моддынх нь тойруулан хашаалсан газрыг өмчлөөд авсан байна.

Гэхдээ Ойн судалгаа хөгжлийн төвөөс одоо газрын маргаан хийж явалгүй үлдсэн 60 га талбайдаа моддоо үржүүлье хэмээн ажиллаж байна. Үрийн лаборатори, үрсэлгээ, усалгааны хэсэг, бойжуулалтын талбай зэрэгт ажил ид өрнөж байна лээ. Ойгоос түүж ирсэн шилмэл сортын үрээ шинжилж хэддүгээр зэргийн үр вэ, ургах боломжтой юу зэргийг нь судалдаг байна.

Тэгээд шинжилгээгээр тогтоосон үрээ үрсжүүлж тарималжуулдаг гэсэн. Энэ нь Монголд ганцхан байх үрийн лаборатори юм. Мөн энэ нь цэцэрлэгт хүрээлэнгийн гол зүрхэн хэсэг нь билээ. Лабораториас гарсан үрээр модоо удахгүй хот дотроо аглаг ойтой болно гэсэн гэгээн мөрөөдөл тэнд байна.

ГОВИЙН БҮСЭД MӨН ЭНЭ ТӨРЛИЙН ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

Монгол орны Хангайн бүсэд 91 төрөл зүйлийн 10 гаруй мянган мод бий. Тэр бүхнийг цэцэрлэгт хүрээлэндээ тарихаар төлөвлөжээ. Одоогоор 30 гаруй төрөл зүйлийг нь ургуулаад байгаа юм. Ойн судалгаа хөгжлийн төвийн захирал С.Гантулга “Манай цэцэрлэгт хүрээлэнгийн зорилго Монгол орныхоо моддын удмын санг хамгаалах юм.

Ямар нэгэн төрлийн мод устлаа гэхэд эндээсээ үрийг нь аваад тарьчихдаг байх нь чухал. Одоогоор хангайн бүсийн моддоо голлон тарьж байна. Уг нь говийн бүсийн заг, тоорой зэргийг тарьсан боловч ургаагүй. Тиймээс говийн бүсэд нь энэ төрлийн цэцэрлэгт хүрээлэнг барих төлөвлөгөө бий” хэмээв.

Цэцэрлэгт хүрээлэнг 2015 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг БОНХЯ-наас баталжээ. Моддын удмын санг хамгаалах, мөн иргэдийг байгаль дэлхийтэй нь холбож өгөх үүднээс явган хүн, дугуйн зам барьж, усан сан байсан туурь дээр нь усан оргилуур байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь гэр хороолол дунд цэцэрлэгт хүрээлэн “cүндэpлэx”, сайхан боломж бүрдэж буй юм.

ТЭНД ТАРЬСАН ХУШ ХОЁР ЖИЛИЙН ДАРААГААС САМРАА ӨГНӨ

Монгол орны Улаан номонд орсон жодой тэнд ургаж байна.

Мөн нэлээд хэдэн хуш тарьжээ. Хоёр жилийн дараагаас энэ хушнууд самраа өгөөд эхэлнэ гэнэ. Оросын Элчин сайдын яамны өмнө тарьсан хуш одоогоор нийслэлд хамгийн том нь бөгөөд түүний дараа эднийх орох юм байна. Мөн гуравхан жилийн өмнө тарьсан хус, нарс, гацуур, далан хайлс, тэхийн шээг, харгана нахиалжээ. Тэдний үрийг Хэнтийн нуруу, Хөвсгөлийн аглаг ой, Тужийн нарс гээд алс холоос авчирсан гэдгээрээ онцлог юм. Зөвхөн үрээр тарьж ургуулсан модод өсөн бойжйж байна.

Мөн уулархаг, чулуулаг газар болохоор мод ургахдаа тийм . ч дуртай биш гэнэ. Тиймээс цэцэрлэгт хүрээлэнгийнхэн тэднийгээ хүүхэд шиг л арчлан хамгаалдаг гэлээ. Ямартай ч Монголын модлог ургамлын “их дэлгүүр” болсон энэхүү цэцэрлэгт хүрээлэн 2015 он гэхэд аглаг ойтой, бусдын адил явган хүн, дугуйн зам, усан оргилууртай болохоор төлөвлөжээ. Олон жилийн нүүр үзсэн ч одоо бүхнийг шинээр эхэлж байгаа Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн өдөр бүхэн шинэ модод шинэ төрөл зүйлээр бүл нэмж байна.

Зураг