Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Ялагдашгүй 49" - Кэмпбэлл & Турегийн хослол

CSPORTS team
2014 оны 5 сарын 21
iKon.MN

2003-2004 ОНЫ УЛИРАЛД АРСЕНАЛ КЛУБ 49 ТОГЛОЛТ ДАРААЛЛАН ЯЛАГДААГҮЙ ГАЙХАЛТАЙ АМЖИЛТЫГ ҮЗҮҮЛЖ, ХӨЛБӨМБӨГИЙН ТҮҮХЭНД НЭГЭН ГАЙХАЛТАЙ АМЖИЛТЫГ ТОГТООСОН ЮМ. ТУХАЙН ҮЕД БҮРЭЛДСЭН А.ВЕНГЕРИЙН БАГИЙНХНЫГ СИСПОРТС, НИЙТЛЭЛЧ Б.ОЮУНСАЙТАР ТА БҮХЭНД ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ, ЭРГЭН ДУРСАЖ БАЙНА.

"Ялагдашгүй 49" буюу Арсенал клубын алтан үеийн домогт амжилтын нууц болсон шилдэг бүрэлдэхүүнийг хоёр хоёр хосooр нь нийтлэл болгон та бүхэнд хүргэж байна. Эхний нийтлэлээр хамгаалалтын ноён нуруу болсон Сол Кэмпбелл, Коло Туре нарыг бичлээ.

1. Түүх эхэлсэн нь 

Английн Премьер лиг гэлтгүй Европын бүх лигийн дотор хамгийн урт ялагдаагүй цувралуудын нэгийг нь "Арсенал" клуб 2003-2004 улирал үзүүлж байсан билээ. Гайхалтай довтолгооны ард үргэлж сайн хамгаалалт, найдвартай залуус зогсож ирсэн байдаг. "Ялагдашгүй 49"-ийн хамгаалалтын ноён нуруу болж байсан нэгэн эрхэм бол Сол Кэмпбелл юм. 

Кэмпбэлл нь Английн нийслэл Лондон хотын унаган хүү бөгөөд "Плэйстоу" дүүрэгт 1974 оны есдүгээр сарын 18-ний өдөр мэндэлжээ. Ямайк цагаачид болох Севелл болон Вайхелмайн нарын 12 хүүхдийн нэг тэр дундаа есөн хөвгүүдийн нэг болох Сол хүүхэд насаа "Миний амьдрал маш давчуу байсан. Өрөөнд амьсгалах агаар ч олдохгүй хүнд байхад би энэ амьдралаа өөрөө л өөрчилж чадна гэж итгэж хөлбөмбөгчин болохоор шийдсэн гэж дурсаж байжээ".

Хамгаалалтын ноён нуруу Кэмпбелл байсан бол шилдэг хамтрагч нь Коло Хабиб Туре буюу бидний мэдэхийн ах Туре юм. Коло Туре нь 1981 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Буаке хэмээх Кот-д’Ивуар хотод төржээ. 

1994 онд "АСЕК Мимозас" клубын хүүхдийн багт элсэн орж, 2002 он хүртэл тоглосон байна. Төвийн хамгаалагч болон жигүүрийн хамгаалагчаар тоглодог 1,78 см өндөртэй биеэрхүү, агаарын тоглолт сайн залууг хашир Венгер бүргэдийн нүдээр олж харах нь тэр. 

2. Хөлбөмбөгт хөл тавьсан нь 

Өндөр биерхүү хүү Сол 1998 онд "Вест Хэм Юнайтед"-ын хүүхдийн академид элсэн орж хөлбөмбөгчин болох замналаа эхлүүлж байжээ. Улмаар дараа жил нь "Тоттенхэм"-ийн хүүхдийн багт очиж, 1992 онд үндсэн багт дэвшин тоглохоор болов. Агаарын тулалдаанд сайн Сол 1999 оны улиралд найман гоолыг толгойгоороо хийж, том багуудын арааны шүүсийг гоожуулж байсан гэдэг. 

Шигшээ багтаа хүртэл дуудагдаж, гараанд гарж байсан гайхалтай хамгаалагч "Тоттенхэм"-д цом авахгүй удсан юм. Нэг жижиг цомноос өөр сэтгэл хөдлөгөх зүйл үгүй Солд "Арсенал" клубээс 2001 онд санал ирэх нь тэр. "Тоттенхэм"-ийн төлөө 315 тоглолтонд, 15 гоол хийсэн дэлхийн топ хамгаалагч, "Арсенал"-д ирсэн цагаасаа л сайн тоглолтоо үргэлжлүүлэн гаргаж, 2001-2002 оны улиралд "Арсенал"-ыг Премьер лигт түрүүлэхэд сайн хамгаалалтаараа чухал үүрэг гүйцэтгэж байв.

Харин Кот-д’Ивуар залуугийн аялал Лондон хотод 2002 онд эхлэх нь тэр. Коло Туре гэж хэн бэ гэсэн асуулт "их буучид"-ын фэнүүдэд байсан биз ээ. Мэргэжлийн замналын анхны клубтээ Турег тоглох болоход хашир Венгер Турег ажиглаж 2002 онд багтаа авсан юм.

Ингэж залуу хүү Англид ирсэн бөгөөд 150,000 еврог түүнийг худалдан авчирахад зарцуулжээ. Анх түүнийг ирэхэд төвийн хамгаалалтын байрлалд тоглоход хүнд байсан ч Тони Адамс зодог тайлснаар Сол Кэмпбеллтэй хамтран төвийн хамгаалалтыг бүрдүүлэх болов. Залуу хүү, дэлхийн шилдэг хамгаалагчаас суралцах зүйл их байсан ч тэр бол өөрийн гэсэн арга барилтай нэгэн байв.

3. "Ялагдашгүй 49" 

Тони Адамс 2002 онд зодог тайлснаар хамгаалалтын бүх ачаа Сол дээр буух нь тэр. Мартин Киоун, Коло Туре, Эшли Коул зэрэг залуусыг удирдаж, улиралд 78 оноотой лигийн 2-р байранд "Арсенал"-ыг оруулав. Шүүмжлэлтэй тал тэдэнд байсан ч яван яван чангарж, 1990-ээд оны эхэн үеийн "Арсенал"-ын чанга хамгаалалтыг санагдуулж эхлэх үе дөхөж байлаа. Ийнхүү "ялагдашгүй 49"-ийн улирал эхлэхэд, 2003-2004 оны Премьер лигийн 38 тойрогт тэд нэг ч удаа 2+ гоол алдсангүй. 

Гайхалтай хамгаалалт гэж энийг л нэрлэх биз ээ. Сол ч төмөр мэт биетэйгээ харуулж 49 тоглолтонд оролцож, залуу насны эд хаваа гайхуулж байв. Энэ л мөчид Лондоны "Их буучид" түүнийг хайрлаж, Сол ч тэдэнд бүхнээ зориулж эхлэх нь тэр. Тойрог бүр л багийн уур амьсгал сайжирч, хамгаалалт гайхалтай болсоор байв. Өмнөх улирлуудад булангийн цохилтонд идэвхитэй оролцож байсан Сол 2003-2004 оны Премьер лигт төдийлөн идэвхитэй булангийн цохилтонд оролцсонгүй.  

Дараа улиралаас тэд бага зэрэг суларч эхлэсэн ч 11 тоглолт дараалан ялж, хөлбөмбөгийн түүхнээ хамгийн агуу рекорд болох 49 дараалсан ялагдаагүй цуврал гэсэн гайхалтай амжилтыг энэ эрхэмийн удирдсан хамгаалалт бий болгоход нөлөөлсөн нь гагцхүү үнэн юм. Гэвч 2005-2006 оны улиралд Моуринью ирж Прьемер лигийг өөрчилөх нь тэр. Олон олон бүтэлгүйтэл үргэлжлэж байсан ч 2006 оны аваргуудын лигийн финал Солын хувьд мартахад бэрх байсан гэдэг.

Харин Туре хүүгийн хувьд "FA Community Shield"-эд "Ливерпүүл"-ийн эсрэг замналынхаа анхны тоглолтоо хийж, 2002-2003 оны улиралд 40 тоглолтонд, хоёр гоол, нэг оновчтой дамжуулалт өгснөөр асар ирээдүйтэйгээ харуулсан юм. Ийнхүү 2003-2004 оны улирал эхлэн, домогт "ялагдашгүй 49"-ийн эхлэл тавигдах нь тэр. Туре, Солын хослол гайхалтай байж бүтэн улирлын 38 тоглолтонд нэг ч хожигдол амсаагүйн дээр хаалгач Леманнтай ойлголцох мэдрэмж гайхалтай байсан аж. 

26 гоол алдсан нь тэднийг лигийн хамгийн бага гоол алдсан баг болгосон байна. Туре лигийн 38 тоглолтонд оролцох боломжтойгоос 37-д нь оролцож төмөр мэт биетэйгээ харуулсан юм. Хожил бүрийн цаана багийн уур амьсгал сайжирч, үзэгчид "ялагдашгүй 49"-ийг бүтээж байсан тамирчин бүрийг хайрлаж эхлэв. Нэгэн үзэгчээс асуухад:"Турег юу гэж боддог вэ? гэхэд шинэ залуу юу тэр гайхалтай байгаа, бидэнд их таалагдсан. Гайхалтай наймаа болсон шүү" гэж баярласан сэтгэлээ дарж ядан хэлжээ. 

Харин 38 хожигдолгүй цувралын дараа улиралд 11 тоглолтонд хожигдоогүй гол шалгтаан энэ хүний оролцоо чамгүй их байсныг илтгэх биз ээ. 2002-2009 оныг хүртэл "Арсенал" клубийн төлөө Туре зүтгэхдээ 324 тоглолтонд, 14 гоол, 12 оновчтой дамжуулалт өгөн тоглосон бүх улиралдаа 40+ тоглолт хийсэн содон амжилтын эзэн болсон билээ.

150,000 еврогоор ирсэн залуу 2009 онд 14 сая евро хүрсэн нь ямар топ түвшний хамгаалагч болтлоо "Арсенал"-д хичээж, бэлтгэл хийж байсныг санах хүн ховор. 

4. Түүх төгссөн нь 

Аваргуудын лигийн финалын эхний гоолыг Сол мөргөж оруулж, түүхийн хуудаснаа "Арсенал"-ын анхны аваргуудын лигийн цомыг авчирах шахсан ч дараалан хоёр гоол алдаж, зүүд болон замхарсан юм. Кэмпбелл замналдаа дэлхийн аваргын шилдэг 11-т, "УЕФА"-гийн шилдэг 11-т нэг нэг удаа дуудагдаж байсан супер хамгаалагч байсан билээ. Тэр цагаас хойш дөрвөн өөр багт тоглохдоо буцан "их буучид" дээрээ ирж нэг жилийг өнгөрөөж, сэтгэл хангалуун зодгоо тайлсан билээ. 

Харин Турегийн хувьд 2009 онд өөр багийг зорьсон ч "Арсенал"-ын төлөө бүхнээ зориулж, таван цомыг энэ клубт авчирахад хувь нэмрээ оруулсан нэгэн юм. Үлдсэн замналд нь амжилт хүсэх "их буучид"-ын фэнүүд олонтоо тааралдана. Бусдын хайрыг хүлээсэн, шилдэг хамгаалагч бол Туре гэдэгтэй маргахгүй ээ. Шинэ залуугийн түүх дууссан ч Турегийн түүх үргэлжлэж байгаа.

Турегийн хоёр дүү хоёулаа мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд бидний сайн мэдэх Яаяа Туре бол дунд дүү нь аж. Та хоёр бол гайхалтай хамгаалагчид мөн домгууд билээ. "Арсенал"-ийн фэнүүд үүрд та нарыг дурсан санах нь гарцаагүй юм.

Энэхүү нийтлэлийг бичсэн Оюунсайтар нь "Өглөөний сонин"-ы нийтлэлч. МУИС-д суралцдаг, Челси клубын хөгжөөн дэмжигч.