Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Германы шигшээ багийн урьдчилсан бүрэлдэхүүн зарлагдлаа

CSPORTS team
2014 оны 5 сарын 9
iKon.MN

Германы шигшээгийн дасгалжуулагч И.Лёв ДАШТ-д оролцох урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлалаа. Нийт 30 тоглогчийг шигшээгийн цугларалтанд дуудсан бөгөөд 6-р сарын 2-оос өмнө 7 тоглогчийг хасах юм.
 
Шигшээд багтаагүй хамгийн том од нь Фиорентинагийн Марио Гомез болоод байна. Улирлын ихэнх хэсгийг гэмтлийн улмаас өнжиж өнгөрүүлсэн Гомезийг шигшээд багтаагаагүй нь И.Лёвийн багийг туршлагатай довтлогч М.Клозе болон К.Фолланд гэсэн 2 довтлогчтой үлдээж байгаа хэрэг.

Хоффенхэймийн залуу од К.Фолланд энэ улиралд лигтээ 10 гоолыг оруулсан, залуучуудын шигшээд тогтмол тоглодог довтлогч юм. Английн шигшээтэй хийсэн тоглолтонд итгэл хүлээлгэж байсан Макс Крузег энэ удаад шигшээд дуудсангүй. 
 
Харин өөр нэг гэмтэлтэй тоглогч С.Хедира шигшээгийн дуудлагыг хүлээж авлаа. Хедира гэмтлийн улмаас улирлын төгсгөл хэсэгт тоглоогүй, одоо ч талбайд гараагүй байгаа. Гэхдээ И.Лёв түүнд итгэл хүлээлгэж, Бразил руу авч явах төлөвтэй байна.

Тэрчлэн өмнөх  багийн гол тоглогчид байсан Х.Бадштюбер, И.Гюндоган нар гэмтлийн улмаас энэ жилийн тэмцээнийг өнжиж байна.

Урьдчилан таамаглаж байсанчлан хаалгачийн байрлалд Байерны М.Нойер, Дортмундын Р.Вайденфеллер нар дуудагдсан бөгөөд гурав дахь хаалгачаар Ханноверийн залуу хаалгач Р.Зиелерийг авч явахаар болсон байна. Гурав дахь хаалгачийн байрлалд энэ зун Барселонад очих төлөвтэй гэгдэж буй Гладбахын М.Тер Штеген болон Леверкузений Б.Лено нар сонгогдох боломжтой гэгдэж байсан юм.
 
Хамгаалагчийн байрлалд тун сонирхолтой 2 сонголтыг И.Лёв хийсэн байна. Чилитэй хийсэн нөхөрсөг тоглолтонд дуудсан ч талбайд гаргаагүй Ш.Мустафигаас гадна шигшээдээ тоглож үзээгүй Дортмундын Э.Дурм бэлтгэлд дуудагджээ. Энэ жилээс Дортмундын үндсэн багт тоглож буй 22 настай залуу хамгаалагч улирлын төгсгөл хэсэгт маш сайн формтой байж байнга гараанд багтсан. Тэднээс бусад нь сонгогдох ёстой тоглогчид багтсан байв. 

Хамгийн сонирхолтой сонголтууд нь Германы ирээдүй гэгдэж буй залуусыг боломж олгон дуудсан нь байлаа. Дараагийн Баллак гэгдэх Л.Горецка, Герман Месси гэгдэх М.Майер нар анх удаа шигшээд дуудагдсан.

Тэрчлэн Аугсбургийн энэ жилийн тэсрэлтийн нууц А.Ханн болон Манчестер Юнайтедаас эхлүүлээд олон топ багуудын хараанд өртөөд буй Фрайбургийн М.Гинтер нар шигшээгийн дуудлага хүлээн авчээ.

Эдгээр тоглогчдод том тэмцээний өмнөх уур амьсгалыг мэдрүүлэхийн тулд дуудсан байх магадлалтай бөгөөд Бразил руу 1-2 тоглогчийг нь авч явах болов уу. Гэхдээ хэн нь ч явсан эдгээр тоглогчид Германы нууц зэвсэг болох нь дамжиггүй.

Уламжлал ёсоор Байерн, Борусси Дортмунд шигшээгийн суурийг бүрдүүлж байгаа бөгөөд Байернаас 7, Дортмундаас 6 тоглогч шигшээд багтав. Тэрчлэн Шалькегээс 4 тоглогч дуудагджээ. Нийт 30 тоглогчийн 7 нь гадаадын лигт тоглодог тоглогчид байгаа нь Арсеналын П.Мертесакер, М.Өзил, Л.Подольски, Челсигийн А.Шюррле, Реалын С.Хедира, Лациогийн М.Клозе болон Сампдоригийн Ш.Мустафи нар юм.

Хаалгач: М.Нойер /Байерн/, Р.Вайденфеллер /Дортмунд/, Р.Зиелер /Ханновер/
 
Хамгаалагч: Ж.Боатенг /Байерн/, Э.Дурм /Дортмунд/, К.Гройскросс /Дортмунд/, Б.Ховедес /Шальке/, М.Шмельцер /Дортмунд/ М.Хюммельс /Дортмунд/ , М.Янсен /Хамбург/, Ф.Лам /Байерн/, П.Мертесакер /Арсенал/, Ш.Мустафи /Сампдори/
 
Хагас хамгаалагчид: Л.Бендер /Леверкузен/, Ю.Дракслер /Шальке/, Л.Горецка /Шальке/, М.Гөце /Байерн/, А.Ханн /Аугсбург/, С.Хедира /Реал Мадрид/, М.Майер /Шальке/, Т.Кроос /Байерн/, Т.Мюллер /Байерн/, Б.Швайнштейгер /Байерн/, М.Өзил /Арсенал/, М.Ройс /Дортмунд/, А.Шюррле /Челси/, М.Гинтер /Фрайбург/
 
Довтлогчид: М.Клозе /Лацио/, Л.Подольски /Арсенал/, К.Фолланд /Хоффенхэйм/

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА? ХЭН ХЭН ШИГШЭЭД БАГТАХ ЭРХТЭЙ ВЭ?