Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдлаа

CSPORTS team
2014 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Л.Ф.Сколари ирэх сард эхлэх ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа.

Ерөнхийдөө олонхын таамаглаж байсан тоглогчид шигшээ багтаа дуудагдахаар болсон бөгөөд багийн цөм нь өмнөх жил Холбоодын цомын тэмцээнд түрүүлсэн тоглогчид байна.
 
Сколаригийн зарласан 23 тоглогчийн 16 нь 2013 онд зохиогдсон Холбоодын цомын тэмцээнд Испанийн шигшээ багийг хожиж түрүүлэхэд байжээ. 
 
Бүрэлдэхүүнийг харахад цөөн туршлагатай тоглогчдод суурилсан залуу авьяастнуудаас шигшээ багийн цөм бүрджээ. Ерээд оны эхэн үеийнхэн ба наяад оны дунд үеийнхэн шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд холилдон гарах төлөвтэй байгаа аж. 
 
Шигшээ багийн тоглогчдыг зарлах үйл ажиллагаа Бразилд баяр ёслолын арга хэмжээний дайтай явагдсан бөгөөд нийт 700 гаруй сэтгүүлч уг үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулан дэлхий нийтэд мэдээллэжээ. 
 
Олны таамаглаж байсанчлан шигшээ багт Кака, Роналдиньо, Робиньо нар багтаагүй бөгөөд Ливерпүүлийн Лукас Лейва, Тоттенхэмийн Сандро, ПСЖ-ийн Лукас Моура нар ДАШТ-ийг зурагтаар үзэхээр болжээ.
 
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Бразилын шигшээ баг эрс шинэчлэгдээд байгаа. Дөрвөн жилийн өмнө ДАШТ-д тоглосон тоглогчдоос Жулио Сезар, Алвес, Майкон, Рамирес нар л байгаа бол 2006 оны ДАШТ-д тоглосон тоглогчдоос ганц Фред л өнөөгийн бүрэлдэхүүнд багтаад байгаа юм.

Сколари өнгөрсөн долоо хоногт дэлхийн аваргад баттай тоглох 9 тоглогчийн нэрийг зарлаад байснаа энэ долоо хоногт 23 тоглогчдоо бүгдийг нь зарлалаа.

Сколаригийн хувьд эргэлзэж буй 2 байрлал байгаа гэж өнгөрсөн оны 12 сард хэлж байсан юм. Өөрөөр хэлбэл 3-р хаалгач, 4-р төвийн хамгаалагчийн орон зайд л Сколари эргэлзэж байсан ажээ. Тэгвэл 3-р хаалгачаар Атлетико Минейрогийн Виктор, 4-р төвийн хамгаалагчаар Наполигийн Энрике нар нэрлэгджээ.
 
Дэлхийн аваргын өмнөх бэлтгэл, хяналтын тоглолтуудын үеэр зарим тоглогчид гэмтэж ДАШТ-нийг өнжих тохиолдол байдаг бөгөөд зарлагдсан тоглогчдоос ДАШТ-д оролцох боломжгүй тоглогчид гарвал оронд нь орох 7 нөөц тологчдыг Сколари удахгүй зарлана гэдгээ зарлаад байна.
 
Сүүлийн 14 тоглолтоосоо 13 хожоод буй Бразилийн шигшээгийн гарааны бүрэлдэхүүн өмнөх жилийн Холбоодын цомын тэмцээний гараанаас нэг их өөрчлөгдөхөөргүй байгаа билээ.

Бүрэлдэхүүнээ зарласны дараа Сколари "Залуу тоглогчид илүү сайн уур амьсгал бүрдүүлж чаддаг. Заримдаа туршлагатай тоглогчидтой ажиллахаас залуучуудтай ажиллах нь илүү амар байдаг. Бүрэлдэхүүний тухайд 2002 оныхтой харьцуулахад харьцангуй эргэлзээ бага байна. Одоо эргэлзээд байх зүйлгүй" гэж хэлжээ.
 
За ингээд ДАШТ-д тоглох Бразилын шигшээ багийн 23 тоглогчдыг сонирхъё:
 
Хаалгач: Жулио Сезар (Торонто), Жефферсон (Ботафого), Виктор (Ат.Минейро) 
 
Хамгаалагч: Давид Луйз (Челси), Данте (Байерн М), Тиаго Сильва (ПСЖ), Энрике (Наполи), Майкон (Рома), Д.Алвес (Барселона), Марсело (Реал М), Максвелл (ПСЖ)
 
Хагас хамгаалагч: Л.Густаво (Вольфсбург), Паулиньо (Тоттенхэм), Фернандиньо (Ман Сити), Рамирес (Челси), Оскар (Челси), Виллиан (Челси), Эрнанес (Интер М)
 
Довтлогч: Халк (Зенит), Бернард (Шахтер), Неймар (Барселона), Жо (Ат.Минейро), Фред (Флюминесе)

Энэхүү нийтлэлийг бичсэн Д.Батцэнгэл нь CSPORTS.mn сайтыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр SportBox, Боловсрол ТВ-д харьяалагдан, Английн Премьер лиг, Италийн Сери А-ийн тоглолтуудыг Монголын үзэгчдэд тайлбарлан хүргэдэг. Арсенал клубын хөгжөөн дэмжигч.