Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн 20 дахь ДАШТ-ний нээлт Бразилийн Сан-Паулу хотын “Итакуэра Арена” буюу “Corinthians stadium” цэнгэлдэх хүрээлэнд ирэх зургаадугаар сарын 12-нд ёслол төгөлдөр болно.
Энэхүү цэнгэлдэх хүрээлэнг Бразилийн хөлбөмбөгийн алдарт “Коринтианс” багийн ногоон дэвжээ гэдгээр хөлбөмбөгчид сайн мэддэг.
Нээлтийн ажиллагаанд Олон улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, удирдлагууд, нэр хүндтэй төлөөлөгчид оролцохоос гадна алдартай дуучид, хөгжимчид урлагийн тоглолтоо сонирхуулж, галын наадам хийхээр бэлтгэж байна. Энэ өдөр эхний тэмцээнүүд болж, 32 улсын баг өрсөлдөнө.
Тэмцээнийг 12 хотын цэнгэлдэхэд зохион байгуулахаар төлөвлөсөн.
ДАШТ-д Европын 13 баг оролцох бөгөөд шилдэг хөлбөмбөгчид ногоон талбайд аваргын цомын төлөө хүч үзнэ. Зарим баг тоглогчдоо хэдийнэ сонгосон бол заримынх нь халаа сэлгээ дуусаагүй тул бүрэлдэхүүнээ хараахан нэрлээгүй байна.
“Nike”, “Adidas” зэрэг фирмүүд шигшээ багуудын өмсгөлийг урласнаа танилцуулж эхэлсэн. Мэдээж бүгд аваргын цом, алтан медальтай буцаж ирэхийн төлөө Бразилийг зорино.
Хөлбөмбөгийн орон гэгддэг Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луис Фелипе Сколари цомын эзэн болно гэдэгт итгэл төгс байгаа бөгөөд “Бид цомыг авна. Аварга болох амжилтын бүх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Тэгээд ч гэртээ тоглох өөр шүү дээ. Хөгжөөн дэмжигчид 12 тоглогчийг маань дэмжинэ. Хэн ч мөнгөн медалийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн ярьжээ. Бразил хэсгийн тоглолтод Хорват, Мексик, Камерунтай тоглох юм.
Тэгвэл ОХУ-ын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фабио Капелло “Бразилд баярлаад уйлахыг хүсч байна. Бид сайн бэлтгэсэн учраас мөрөөдлөө биелүүлж чадна гэж баталж байна. Мэдээж багт маань алдаа дутагдал байгаа. Гэхдээ тоглогчдынхоо давуу талд итгэх болсон” гэж хэлсэн.
Тоглогчдын тухайд Бразилийн шигшээ, Испанийн “Барселона” багийн од Неймар “Хүүхэд насны минь мөрөөдөл биелж байна. Эх орныхоо шигшээ багт орно гэдэг нэр төрийн хэрэг.
Хэдийгээр хугацаа байгаа ч түгшиж эхэлсэн” гэсэн аж.
Аргентиний домогт хөлбөмбөгчин Диего Марадона “Шигшээ баг маань 2010 оны ДАШТ-нд германчуудад хожигдоход Лионель Месси шарандаа уйлж “Дараагийн дэлхийн аваргуудад даагаа нэхнэ. Сэтгэл зүрхнээсээ хэлж байна” гэсэн. Тиймээс тэр одоо Бразилд хэн гэдгээ харуулахыг хүсч байгаа” хэмээн ярилцлагадаа дурьджээ.
Багууд ДАШТ-ний үеэр ямар хангамж, үйлчилгээ авахаа эртнээс захиалсан байна. Жишээ нь, Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналдуг дөрвөн бие хамгаалагч хамгаалахаар болсон гэнэ. Харин багийн бусад тоглогч бүр хоёр бие хамгаалагчтай явна.
Түүнчлэн Австралийн хөлбөмбөгчид зочид буудлын өрөөнд өдөр бүр шинэ сонин тавихыг хүсчээ. Францын тамирчид угаалгын өрөөнд шингэн биш шахмал саван тавих хүсэлт гаргасан аж. Эквадорын шигшээ багийнхны өрөөнд өдөр бүр сагстай шинэ бананаар үйлчлэх гэнэ.
Япончуудын буух буудлын өрөө бүрт жакуз байрлуулах бол Алжирын хөлбөмбөгчдийн өрөөнд Коран судар тавих юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!