Х.Пасторегийн шүүгчийн мэдлийн цагт оруулсан гоол талбайн эзэн ПСЖ-д 2 гоолын давуу байдлыг олгож, энэ цувралын фаворит Челсиг хүнд байдалд оруулав.
Тоглолтын эхний үед Э.Лавецци болон Э.Азар нар гоол оруулж, тооны харьцаа тэнцүү өндөрлөсөн ч 2-р үед Д.Луйз өөрийн хаалгандаа гоол оруулан, Парисын баг ахин тэргүүлж эхлэсэн юм. Челси 3:1-ээр хожигдож, Стэмфорд Брижэд 2 гоолын зөрүүтэй хожих даалгавартай хоцров.
Дасгалжуулагч Ж.Моуриньогийн хувьд энэ зун багаас явах магадлалтай гэгдэж буй Давид Луйзд итгэл хүлээлгэн хагас хамгаалалтанд гаргасан байсан бөгөөд хамгийн сонирхолтой, гэнэтийн шийдвэр нь цэвэр довтлогчгүй хувилбарыг сонгосон байлаа. Олны таамаглаж байсан гарааны довтлогч Ф.Торрес сэлгээнд үлдэж, оронд нь Герман залуу Андре Шуррле урд шугаманд гарав. Э.Азар, Виллиан болон Оскар нар хагас хамгаалалтаас түүнийг дэмжиж байлаа.

Лоран Бланы баг байж болох хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээ гаргасан нь сэлгээнд нь Лукас Моура, Хавьер Пасторе, Лукас Динье, Иоан Кабайе зэрэг шилдгүүд сууж байснаас харагдана. Довтолгооны шугаманд нь Златан Ибрагимович, Эзэкуэл Лавецци болон Эдинсон Кавани нар гарсан байсан бөгөөд тэднийг туршлагатай хагас хамгаалагч Тиаго Мотта болон Блэйз Матуиди, Марко Вератти нар бөмбөгөөр хангах үүрэгтэй талбайд гарав.
ПСЖ тоглолтыг хурдан хэмнэлтэй эхлүүлж, бараг эхний довтолгоогоороо гоол оруулсан. Туршлагатай довтлогч Э.Лавецци хамгаалагчийн дутуу цэвэрлэсэн бөмбөгийг цээжиндээ тогтоож, тун эвгүй байрлалаас маш гоёмсог гоолыг оруулан тооны харьцааг нээсэн юм. Ерөөс энэ өдөр Аргентин довтлогч маш идэвхтэй тоглолтыг үзүүлж, хэд хэдэн аюултай боломжийг үүсгэн, байнга хамгаалагчдын толгойны өвчин болж байв.


Гэхдээ Челси гоолын дараагаар сандралд орсонгүй, бага багаар давамгайллаа тогтоосоор улмаар 20 минутын дараа торгуулийн цохилт цохих эрхтэй болсон юм. Торгуулийн талбайд багийн ахлагч Тиаго Сильва бөмбөгөө урагшаа туусан Оскар дээр алдаа гаргаж, шүүгч ямар ч эргэлзээгүй торгуулийн цохилт заасан юм. Түүнийг нь Эден Азар амжилттай гүйцэтгэж тооны харьцаа 1:1 болон тэнцсэн юм. ПСЖ-ийн харааг булаагаад буй Э.Азар эхний үед маш сайн тоглож байсныг дурьдах хэрэгтэй. Түүний хөндлөн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг шууд унагалгүй цохисон бөмбөг хаалганы шон онож гарсан нь энэ үеийн хамгийн аюултай мөчүүдийн нэг байв.


2-р үеийг ПСЖ арай илүү эхлүүлснийхээ хариуг 61 дэх минутанд хүртэж, Э.Лавеццигийн хийсэн "төгс" гэмээр чөлөөт цохилт гоол болсон юм. Челсигийн бүх хамгаалагчдын урдуур өнгөрсөн энэ цохилтыг Д.Луйз хамгаалах гэж оролдсон ч азгүйтэн өөртөө гоол оруулав. Д.Луйз энэ өдөр тийм ч сайн тоглож чадаагүй бөгөөд тоглолтын төгсгөлд Э.Каванитай муудалцаж, 2 тоглогч 2-уул шар хуудсаар торгуулсан.
Э.Кавани эхний үед торгуулийн талбайд Г.Кэйхиллд зууруулж алдаа авах боломжтой харагдсан ч шүүгч шүглээ үлээгээгүй. 2-р үеийн турш боломж эрэлхийлж, тийм ч сайн тоглож чадахгүй байсан Кавани тоглолтын төгсгөлд тун ухаалаг даралтаараа хамгаалагчдаас сугарч цохилт гүйцэтгэсэн ч тэр нь хаалганы хажуугаар өнгөрсөн билээ.


Тоглолтын дунд хэсэгт ПСЖ-ийн лидер Златан Ибрагимович гуяны шөрмөсөө гэмтээж талбайг орхисон нь энэ өдрийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Үнэндээ Златан энэ өдөр олны хүлээж байсан шиг тоглолтыг үзүүлж чадаагүй бөгөөд үүний гол буруутан нь Челсигийн хамгаалагчид байв. Түүнээс удалгүй энэ өдөр талбайн төвд гялалзсан Марко Вератти мөн л гэмтэл авч талбайг орхисон. Эдгээр 2 тоглогчийг оронд Лукас Моура болон И.Кабайе нар гарч ирж тоглолтын хэмнэлийг өөрчилж чадсан юм.
Ялангуяа Лукас өөрийн техникээрээ дараалан хэд хэдэн тоглогчийг хууран довтолгоо эхлүүлж, үзэгчдийг баясгаж байв. Челсигийн сэлгээгээр орж ирсэн Ф.Лампард болон Ф.Торрес нар төдийлэн сайн тоглолтыг үзүүлж амжсангүй.

Гэвч ПСЖ-ийн сүүлийн сэлгээ Хавьер Пасторе энэ тоглолтын эцсийн цэгийг тавих хувьтай байж, тоглолтын сүүлчийн минутанд баруун жигүүрээс гоцлон тоглолт хийн, гоол оруулж чадсан. С.Аспиликуэта, Ф.Лампард нарыг аргалан гарч ирсэн тэрээр хаалгачийн тооцоолоогүй талд нь цохилт гүйцэтгэж багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Магадгүй энэ гоол энэ 2 багийн цувралын хувь заяанд онцгой хувь нэмрийг оруулах биз ээ.

Эхний үед төвийн хагас хамгаалалтандаа давуу байдлаа алдаж байсан ПСЖ 2-р үед байрлалын төлөөх тулаанд ялалт байгуулсан нь ялалтынх нь үндэс байв. Челсигийн хувьд 2-р үед аюултай довтолгоо бараг хйисэнгүй. Ж.Моуриньо Аваргуудын лигийн шөвгийн наймд нэг ч удаа ялагдаж, хасагдаж байгаагүй ч түүний энэ гайхалтай амжилт нь энэ улиралд тасрах бодит аюултай тулгараад байна. ПСЖ дараагийн тоглолтонд фаворитын хувиар Стэмфорд Брижэд ирэх болно. Челси 1, ПСЖ 3.

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!