Миний бичсэн “Авьяас нь алдагдсан 10 тоглогч” нийтлэл уншигчдад таалагдсанд баяртай байна.
Нийтлэлийн доор үлдээсэн сэтгэгдлүүдийг уншиж байгаад арай хожуу буюу 2000 оноос хойшхи үеийн тоглогчдоор бас нэг нийтлэл бичих санаа төрсөн юм. Өмнөх нийтлэлд ихэнхидээ тоглолтыг нь амьдаар харж байгаагүй хуучны тоглогчид ихэнхидээ багтсан бол энэ удаа бидний мэдэх, тоглолтыг нь харж байсан сүүлийн үеийн хөлбөмбөгчид багтсан байгааг хүлээн авна уу.
Ямар ч талбарт амжилт гаргахын тулд зөвхөн байгалиас заяагдсан авьяас чадвар хангалтгүй гэдгийг олон хүн хэлдэг. Хөлсөө дуслуулан тууштай хөдөлмөрлөж, төлөв даруу, сэтгэлийн хатуужилтай, тэвчээртэй байж чадсан хүн л эцсийн дүнд бусдаас цойлон амжилтанд хүрч, алдрын тавцанд гишгэдэг гэдгийг олон жишээнээс харж болно. “1 хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр” чамайг амжилтанд хөтөлнө гэдгийг байнга санаж явах нь чухал.
АНТОНИО КАССАНО (Итали)
Италийн спортын сэтгүүлчид “Cassanata” гэсэн хэллэгийг их ашигладаг. Энэ нь багийн уур амьсгал эвдэж, болчимгүй авир гаргадаг, түргэн ууртай, “чихгүй толгой”-г ерөнхийдөө хэлж байгаа юм. Жишээлбэл Марио Балотелли бол ийм “Cassanata”-нуудын нэг. Гэхдээ энэ хэллэгийн жинхэнэ эзэн Антонио Кассано-гийн хажууд “Супер Марио” бол харин ч даруухан залуу.
Өдгөө 31 настай Кассано эцэггүй өссөн болоод ч тэрүү багаасаа л хүний үг сонсдоггүй, дураараа хүү байлаа. Хожим нас биенд хүрсний дараа ч гэсэн энэ зангаа гээгээгүй нь мэргэжлийн карьерийг нь сүйтгэсэн юм. Ямар сайндаа л өсч том болдоггүй “Петер Пэн”-тэй зүйрлэж байхав.
“Бари”-гаас тодорч гарч ирсэн түүнийг 2001 онд Италийн аварга “Рома” 30 сая еврогоор худалдан авч хамгийн үнэтэй тоглогчдын нэг болгосон. Тухайн үед Луйш Фигү 40 сая евро хүрч байсан үе гэхээр ямар өндөр хүлээлт үүсгэсэн нь ойлгомжтой .
“Олимпико”-д тоглох хугацаандаа Кассано онцгой ур чадвар, өндөр түвшний мэдрэмжээ ашиглан Ромагийн фэнүүдийн нүдийг баясгадаг байлаа. Гэвч талбай дээр баатар болохоосоо илүү хэл ам дагуулах нь их байсан юм.

Тухайлбал өөрийг нь талбайд гаргаагүй дасгалжуулагч Фабио Капеллотой хэвлэлийнхний өмнө ил тод хэрэлдэж, улаан хуудас өгсөн шүүгч рүү “дунд хуруу” харуулах зэргээр зохисгүй авирлаж байлаа. Олон удаагийн иймэрхүү үйлдэл нь түүнийг хөлбөмбөгийн шинэ “Bad boy” гэсэн имижтэй болгосон юм.
Ийнхүү Ромад 5 улирал өнгөрүүлэхдээ ганцхан Италийн супер цом л өргөсөн бөгөөд нэг улиралд дээд тал нь 14 гоол л оруулж ээ. 2005-06 оны улиралд Кассано гэрээний асуудлаас болж Ромагийн удирдлагуудтай байнга маргалдаж байлаа. Ингээд эцэст нь чамгүй олон жил хамт тоглосон багийнхандаа баяртай ч гэж хэлэлгүй Мадридыг зорьсон юм.
“Түүнд бид нарт баяртай гэж хэлээд гар бариад салах сэтгэл байгаагүй нь харамсалтай. Гэхдээ харин бидэнд бол байсан” хэмээн Франческо Тотти үүний дараа ярьсан юм.
Реал Мадридад 5 сая еврогоор зарагдсан Кассано дахиад л хуучин танил Фабио Капеллотой хамт ажиллах хэрэгтэй боллоо. Гэвч Итали эрхмүүд урьдын хэл амаа ололцож чадсангүй. Дасгалжуулагчаа хүндлээгүй шалтгаанаар Кассано хэд хэдэн тоглолтонд оролцоогүй.
Мөн Мадридад ирснээсээ хойш түргэн хоолонд хэтэрхий орсноор Антонио бараг 5 кг жин нэмсэн юм. Аргаа барсан Реалын удирдлагууд бүр сүүлдээ түүнийг нэмсэн грамм болгоноор чинь торгууль ноогдуулна гэж хүртэл үзэж байлаа. 2007 онд “Петер Пэн” карьерийнхаа анхны лигийн түрүүг хүртсэн боловч түүний оролцоо нэг их байгаагүй.

“Эзэн хааны баг”-аас хойш Кассаногийн карьер Сампдория, АС Милан, Интер, Парма багуудад үргэлжилсэн. Гэвч хувийн зан араншин нь өөрийнхөө бүрэн потенциалыг харуулахад урьдын адил саад болсоор байсан юм. Интерийн дасгалжуулагч Страмачионитэй гар зөрүүлж, Сампдориад байхдаа шүүгч рүү өмсгөлөө шидэж, АС Миланы тоглогчидтой маргалдаж, Евро 2012-н үеэр ижил хүйстэн тамирчдын эсрэг ярилцлаг өгч шүүмжлүүлж байсан.
Магадгүй түүний карьерийн хамгийн амжилттай жилүүд Сампдориад өнгөрсөн байх. Жампаоло Паццини-тэй хамт тэрээр хүчирхэг хослолыг үүсгэж Европыг эрхийг багтаа авчирч байсан юм.
“Амжилттай карьер туулж чадаагүй нь миний л өөрийн алдаанаас болсон. Зөвхөн ур чадвартай байхад л бусад нь хамаагүй гэж би боддог байлаа.
Би олон аугаа багуудад тоглосон ч гэсэн их юм хийж чадаагүй. Өөрийнхөө хийж чадах түвшнээс 50 хувийг л дайчилсан байх. Би үргэлж л хойш суух ямар нэгэн шалтаг хайдаг байлаа.
Өнгөрсөн хугацаанд миний хийсэн бүхний 99 хувь нь буруу байсан. Надад зөв юм хийх боломж байсан ч гэсэн би эсрэг замыг нь сонгосон юм”
АЛБЕРТО АКВИЛАНИ (Итали)
2009 оны зун Хави Алонсо Ливэрпүүлийг орхиж, оронд нь Алберто Аквилани хэмээх ойрхон нүдтэй залуу Энфилдэд ирлээ. Тухайн үед Англид түүнийг мэдэх хүн цөөхөн байсан боловч Италидаа альхэдийнэ өөрийгөө онцгой авьяастай гэдгийг таниулчихсан байсан. Тийм ч болохоор 20 сая фунт хүрэхэд гайхах хүн цөөхөн байлаа. Бонусыг нь нэмэх юм бол энэ тоо 37 сая болно.
Ромагийн академиар хүмүүжин гарч ирсэн түүнийг Франческо Тотти “Дэлхийн шилдгүүдийн нэг болж чадах хэмжээний авьяастай” хэмээсэн тодорхойлж Ливэрпүүлийн фэнүүдэд итгэл төрүүлсэн юм. Ромагийн дундын шугаманд тэрээр Даниеле Де Росситой хамт хүчирхэг хослолыг үүсгэж “рабона” дамжуулалтаар тоглолтыг чимдэг байлаа.

Гэвч “Бяцхан Ханхүү”-гийн Ливэрпүүл дэх карьер сүйрлээр дууссан нь харамсалтай. Английн хөлбөмбөгт тэрээр дасан зохицож чадаагүйгээс гадна бэртлээс болоод маш олон тоглолт өнжсөн юм.
Ингээд дараа жил нь Рафа явж Рой Хожсон ирснээр Аквилани Ливэрпүүлд хэрэггүй боллоо. Ердөө ганцхан жилийн дотор бараг 40 сая фунт ийнхүү салхинд хийссэн юм. Ливэрпүүлтэй тэрээр 5 жилийн гэрээ байгуулсан ч гэсэн ердөө 18 удаа л талбайд гарсан.
Ливэрпүүлийн домогт Иан Раш түүнд дэндүү их дарамт учруулж, хүлээлт үүсгэсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн хэмээн тодорхойлсон юм. Шинэ улс, шинэ орчинд ирсэн даруйдаа тэрээр Хави-гийн хэмжээний тоглолтыг гаргах хэрэгтэй болсон. Даанч Акуа үүнд бэлэн биш байлаа.

Түүнээс хойш Аквилани Ювентус, АС Милан багуудад зээлээр тоглож байгаад өдгөө Фиорентинагийн дундын шугамыг хариуцаж байна. Анх гарч ирэхдээ тэрээр Тоттигийн халааг залгах авьяастай хэмээн өргөмжлүүлж байлаа. Мөн 17 настайд нь Челси, Арсенал багууд авахаар өндөр хэмжээний санал тавьсан ч Ромдоо үнэнч үлдэхээр шийдсэн юм.
Магадгүй бэртэл гэмтлээс холуур байсан бол Аквилани шилдгүүдийн нэг болох бүрэн боломжтой байсан. Гэвч олон удаагийн бэртэл түүний тоглох цагийг багасгаж, өөртөө итгэх итгэлийг нь мохоосон юм. Өдгөө 29 настай түүнийг залуу авьяастан гэдэг үе өнгөрсөн.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: CSPORTS SPECIAL: "ПОТЕНЦИАЛ"-ДАА ХҮРЭЭГҮЙ ТОП 10 ТОГЛОГЧ /1-Р ХЭСЭГ/
АЛЕШАНДРО ПАТО (Бразил)
2007 онд асар их хүлээлт үүсгэн гарч ирсэн "Wonderkid" Патог одоо зөвхөн youtube-ээс л харж болно. Фредди Аду-гийн адилаар түүний карьер дэндүү эрт эхэлсэн шигээ дэндүү урт дуусчихаад байна. Жилийн өмнө Пато Миланыг орхиж Коринтианст ирсэн боловч маш олон боломж алдаж, хичээл зүтгэл, сахилга батгүй байсан учраас Сан Паулу руу зээлээр явсан юм. Гэхдээ шинэ багтаа мөн л хэрэггүй тоглогчид тооцогдсоор байна.
Уг нь Интернасьоналаас анх гарч ирсэн эрчээ алдаагүй бол Пато өдгөө шигшээ багийн түлхүүр довтлогч, супер од болсон байх ёстой байлаа. Гэвч 24 насандаа тэрээр мартагдсан оддын нэг болчихоод байна.

Яагаад Патогийн карьер ингэж огцом уруудах болсон бэ ? Үүнд мэдээж бэртэл гэмтэл хамгийн их нөлөөлсөн. АС Милан ирсэн эхний 2 улиралдаа тэрээр боломжын тоглож Сери А-гийн шилдэг залуу тоглогчоор тодорч байлаа. Өмнө нь ямар ч Бразил тоглогч энэ шагналыг авч байгаагүй. Миланы фенүүд түүнд бага багаар өсөн дэвжиж байгаад сэтгэл хангалуун байсан боловч 2010 оноос хойш Пато бэртэл гэмтлээс салахаа больсон. Сүүлдээ бүр ирсэн дариудаа дахин бэртлээ сэдрээдэг уламжлалтай болж бага багаар мартагдаж эхэлсэн юм.
Үүнд зарим хүмүүс Миланы эмнэлэгийн албыг буруутгах нь бий. Тэрээр 2 жилийн хугацаанд нийт 11 удаа ямар нэгэн бэртэл авсан байна. Мэргэжлийн хүмүүс түүнийг Миланд дөнгөж 18 настайдаа ирсэн болохоор бие физилогийн хувьд мэргэжлийн тоглогчдын ачаалал даах болоогүй байхад нь дэндүү их дарамт учруулснаар үүнд хүргэсэн хэмээн үздэг. Миланд ирснээсээ хойш тэрээр 8 см өсч, төдий хэмжээний жин нэмсэн байдаг.
Гэхдээ түүнд Милантай холбоотой сайхан дурсамжууд байгаа. Жишээлбэл Аваргуудын лиг Барсагийн эсрэг тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоолуудын нэгийг оруулж, 2010–11 онд Сери А-гийн аварга болсон юм. Багийн хамтрагч Стефан Эль Шаарави түүнийг "Дэлхийн шилдгүүдийн нэг болж чадах потенциал"-тай хэмээсэн байдаг. Даанч одоо түүнийг эргэж ирнэ гэдэгт хэн ч итгэхгүй болоод байна.
2009 онд Патогийн үнэ 30 сая хүрч байсан бол өдгөө 10 сая болтлоо унажээ.

КЛААС ЯН ХУНТЕЛААР (Нидерланд)
Өдгөө Нидерландын шигшээ багийг удирдаж байгаа Луй ван Галь “16 дотор, дэлхийд түүнтэй эн зэрэгцэх довтлогч байхгүй” хэмээн Хунтеларыг магтаж байлаа. 2008 оны Нидерландын лигт “АНЧИН” хочтой залуу 34 тоглолтонд 33 гоол оруулсан нь ван Галийн үг оргүй биш гэдгийг баталсан юм.
Харин карьераа дараагийн түвшинд гаргах цаг болоход Хунтелар бүдэрсэн. 7 улирлын турш Eredivisie-ийн хамгаалагчдыг шаналгасны эцэст Хунтелар 2009 оны өвөл 27 сая еврогоор Реал Мадридын эгнээнд нэгдсэн юм. Тэр өвөл Лассана Диарра мөн
Эзэн хааны багт газардсан бөгөөд шинээр ирсэн 2 тоглогчын зөвхөн нэгийг нь Аваргуудын лигийн бүрэлдэхүүндээ багтаах шаардлагатай болоход Хаунде Рамос Лассаног сонгож Хунтеларыг “голсон” юм.

Ийнхүү нэг л ёозгүй эхэлсэн түүний Реал дахь карьер цаашдаа ч сайжирсангүй. Сэлгээний суудлыг халаасаар ердөө ганцхан улирлын дараа АС Милан руу 15 саяаар зарагдсан юм. Өөрөөр бол 1 жилийн дотор 12 сая евро салхинд хийссэн гэсэн үг.
Россонеррид ч гэсэн бүтэлгүйтсэний дараа түүнийг топ түвшний тоглогч болж чадна гэдэгт хүмүүс эргэлзэж эхэлсэн. Зарим хүмүүс үүнийг дэндүү даруухан, амбицгүй зантай нь холбон тайлбарласан байна. Хунтеларыг өсвөрийн багт байхаас нь мэдэх Майк Вервэй түүний талаар “Тэр дэндүү гэмээр даруухан, энгийн залуу. Хөлбөмбөгөөс хол үедээ тэр загасанд явж, тайван орчинд гэр бүлийнхэнтэйгээ амрах дуртай. Бусад шиг алдар нэрийн хойноос хөөцөлддөг зан түүнд байхгүй” хэмээсэн байна.

2010 оноос хойш Хунтелар Бундеслигийн Шальке 04 багт тоглож байгаа. Жилдээ 10 орчим гоол оруулчихаад л явж байгаа. Гэхдээ анх гарч ирэхдээ дараагийн Марко ван Бастен, Рүүд ван Нистелрой болно хэмээн үнэлэгддэг байсан залуугаас хүмүүс арай илүү зүйлийг хүлээж байсан байх. Ялангуяа 2006 оны Нидерландын шилдэг залуу тоглогч, Аяксын оны шилдгээр нэрлэгдэж, U-21 Европын аваргад Нидерландын хамт түрүүлэхдээ мэргэн бууч болж гялалзаж байлаа.
Гэвч “АНЧИН” залуу түүнээс хойш оргил рүү мацаж чадалгүй, уулын бэлд үлдсэн юм. 2012 онд өгсөн ярилцлагадаа тэрээр “Би хэзээ ч ид үедээ байгаа юм шиг өөрийгөө мэдэрч байгаагүй. Би үргэлж үеийнхэн дундаа жижигт тооцогддог байсан. Харин одоо л өөрийгөө хүчирхэг болсон гэдгийг мэдэрч байна. Хэдэн жилийн өмнө ийм байсан бол миний карьер яаж эргэх байсныг мэдэх юм алга” хэмээжээ.
ХУАН РОМАН РИКЕЛЬМЕ (Аргентин)
1978 оны 5 сарын 25-нд домогт Марио Кемпес тэргүүтэй Аргентиний шигшээ Нидерландыг буулган авч Дэлхийн аваргын анхны түрүүгээ хүртэж байлаа. Харин тэрхүү баярт өдрөөс ганцхан өдрийн өмнө Хуан Роман Рикельме мэндэлсэн нь тохиолдол биш гэж мэтгэх дуртай хүмүүс байдаг.
Даруухан төрхтэй энэ залууг Аргентинд 3 дахь дэлхийн аваргын цомыг авчирах тавилантай хэмээн “Цагаан-цэнхэрүүд”-ийн фэнүүд итгэдэг байлаа. 18 настайдаа тэрээр өөрийн дэмждэг Бока Хуниорсын эгнээнд нэгдэж 10 дугаартай гялалзах болсон юм. Мэдээж түүнийг “Шинэ Марадона” хэмээн өргөмжилөхөд хэн ч гайхаагүй.

Ганц асуудал нь Рикельмед Марадонатай төстэй юу ч байгаагүй юм. Марадонагийн хажууд тэрээр дэндүү даруухан, дөлгөөн зантайгаас гадна өндөр туранхай залуу байлаа. Сонирхолтой нь 2009 онд тэрээр Марадонатай хэл амаа ололцоогүйн улмаас шигшээ багаасаа зодог тайлсан байдаг. Үүнийг хувь тавилангийн “хошигнол” гэхээс өөр юу гэхэв. Эргээд эхлэл рүүгээ буцья.
2002 он хүртэл нутагтаа тоглохдоо Рикельме авч болох бүхий л цом шагналыг хамж, ур чадвар, мэдрэмж, эгзэгтэй мөчид зөв шийдвэр гаргах чадвараараа гайхагдаж байлаа. Яг л Франц Беккенба́уэрийн адил Рикельме өөрийн гэсэн орчныг бүрдүүлж, юунд ч баригдалгүй, тайван, тогтвортой зангаар тоглолтын темпийг тогтоодог байсныг Английн сэтгүүлч Жэйсон Ковлой бичсэн байдаг. Эргэн тойронд нь хүн болгон баярлаж эсвэл бухимдаж, үсэрч, орилж хашгирч байхад Рикельме л ганцаараа тайван байж, дараагийн хийх зүйлээ төлөвлөж чаддаг. Энэ бол түүний багаасаа сурсан зан тэсвэр, хатуужилтай холбоотой.
86 оны дэлхийн аварга Хорхе Вальдано “Нэг найз маань Рикельмег дамжин өнгөрүүлэх цаг гэж нэрлэдэг юм. Бөмбөг түүнд очсон бол зогсоод тоглолт цоо шинээр эхэлж байгаа юм шиг л болдог. Тэрнээс хойш тэмп, римт бүгд Рикельмегийн хүссэнээр өрнөх болно” хэмээн ярьсан байдаг.
2006 оны дэлхийн аваргад Хосе Пекерман Рикельмэд 10 дугаар өгч довтолгооны гол найруулгыг даатгаснаар ойрд харагдаагүй хүчирхэг Аргентин бүрдсэн юм. Ялангуяа 25 дамжуулалтын гоол хэмээн түүхэнд үлдсэн Серби- Монтенегро-гийн хаалганд оруулсан Камбьяссо -гийн гоолыг та бүхэн санах байх. Энэ бол Рикельме-гийн тоглолтыг найруулах ур чадварын тод жишээ. Эрнан Креспо уг гоолыг ”Хамгийн тансаг гоол” хэмээн тодорхойлсон байдаг.
Түүнийг карьерийнх нь турш маш их шүүмжлэл дагалдсаар ирсэн. Ялангуяа удаан, хичээл зүтгэлгүй, сэтгэл гаргадаггүй хэмээн шүүмжилдэг. Гэхдээ бусдын тэмпэнд орох биш харин өөрийнхөө тэмпээр бүхнийг хийдэгт л учир байгаа юм.
Гэвч энэ гайхалтай залуугийн ихэнхи карьер Европт бус Аргентиндаа өнгөрсөн нь харамсалтай. Өдгөө 35 настай тэрээр карьерийнхаа 13 жилийг Бока Хуниорст өнгөрүүлсэн юм. Европын хөлбөмбөгийг байлдан дагуулах гэсэн оролдлого нь Барсад очоод бүтэлгүйтсэн юм.
2002 онд Каталоны баг түүнийг 11 сая еврогоор авчирсан боловч дасгалжуулагч Луй ван Галь “Улс төржсөн наймаа” хэмээн нэрлээд, өөрийн төлөвлөгөөнд багтаахаас татгалзсан юм. Нидерланд мэргэжилтэн түүнийг хааяа талбайд гаргахдаа жигүүрт тавьж, цаг үрж байлаа. Чухам энэ үеэс Рикельме-гийн өөртөө итгэх итгэл унаж эхэлсэн гэж үздэг.

“Намайг Барсад ирсэн жил сонгууль, халаа сэлгээ гээд маш их хөл хөдөлгөөнтэй байсан. Би буруу үеэ сонгождээ л гэж бодсон”
Барсад жил гаран дэмий суусны эцэст Вильяреал руу зээлээр явснаар Рикельме өөрийгөө шинээр нээх боломжтой болсон. Энд бол тэр багтаа хэрэгтэй, чухал хүн байснаас гадна дарамт шахалт харьцангуй бага байлаа. Ла лигийн дундуур бичигддэг байсан багийг тэрээр 2 жилийн хугацаанд шигшээ багийн хамтрагч Арруабаррена, Хуан Пабло Сориний хамт Аваргуудын лигийн баг болгож өөрчилсөн. Тэгээд бүр 2006 оны Аваргуудын лигийн финалд үлдэх дөхсөн ч гэсэн Арсеналд харамсалтай байдлаар хожигдсон юм. Та бүхэн санаж байгаа бол Испанид явагдсан хариу тоглолтонд Вильяреал гарцаа байхгүй илүүрхсэн юм. Харамсалтай нь шийдвэрлэх мөч ирэхэд Рикельме торгуулийн цохилтоо Леманнд хаалгасан юм. Гэхдээ ганц енальти алдлаа гээд энэ онцгой тоглогчыг үгүйсгэх нь утгагүй.
“Хэрвээ надаас карьерийнхаа хамгийн харамсаж явдаг мөчийг сонго гэвэл Арсеналтай хийсэн тоглолтыг нэрлэнэ. Энэ бол амьдралд ганц олдох боломж учраас финалд үлдэхийг маш их хүсч байлаа. Гэтэл би өөрөө тэр бүхнийг үгүй хийчихсэн”

Одоо ч гэсэн Рикельме Бокад тоглосоор л байгаа. Магадгүй хэрвээ тэр арай эрт, эсвэл орой төрсөн, эсвэл бага зэрэг азтай байсан бол одоогийнх шиг амархан мартагдахгүй байсан бизээ. Гэхдээ Хуан Роман хөлбөмбөгөөс цом шагнал, алдар нэр хүлээх гэж ирээгүй юм билээ.
“Үнэнийг хэлэхэд би өөрийгөө мэргэжлийн хөлбөмбөгч болно гэж төсөөлж байгаагүй. Би ердөө л Бока-гийн өмсгөл өмсөөд гудамжинд найзуудтайгаа тоглох дуртай жаал байлаа. Өөрийнхөө хайртай спорттой ийм олон жил хамт байж, үзэгчдийг баясгаж чадсандаа л баяртай байна. Энэ л надад хамгийн чухал зүйл “
Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Баярсайхан нь Спортбокс телевизээр Италийн Серие А-г тайлбарлан, үзэгчдийн талархлыг хүлээсэн спортын сэтгүүлч юм. "Гуаньжоу 2010" Азийн наадамд ажиллаж байсан туршлагатай. Монголын спортын хамгийн том форум "Спортын Цонх" форумын админ, www.sportnews.mn-ий нийтлэгч. Өдгөө SPS телевизэд ажиллаж буй Рома клубын фен.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!