"Бид энэ зун багтаа шинэ довтлогч авахыг хүсч байгаа. Энэ бол тодорхой асуудал. Одоо байгаа довтлогчид маань яах вэ гэж үү?
Үлдэх тоглогчид нь шинэ ирэх довтлогчтой байрлалын төлөөх өрсөлдөөнийг өрнүүлнэ. Түүнд бэлэн биш, сэтгэл хангалуун биш байгаа нь багаас явж болно. Энэ бол зах зээлийн зарчим.
Бид багаа сайжруулахыг хүсч байгаа. Багийн эрх ашиг хамгийн түрүүнд тавигдах болно."
"Тэмцэж чадна гэвэл үлд. Үгүй гэвэл яв"
Энэ үгийг Жозе Моуриньо Кристал Паласд ялагдсныхаа дараах хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд хэлсэн юм. Харин хэнд хандан хэлэв? Багаа орхих магадлалтай тоглогчид нь хэн хэн бол? Хамтдаа таамаг дэвшүүлж нэг үзье.
ДЕМБА БА
Явах магадлал хамгийн өндөртэй, бараг тодорхой тоглогч нь. Одоо байгаа 3 довтлогчоос хамгийн бага үнэлэгдэж, хамгийн бага хугацааг талбай дээр өнгөрүүлж байгаа түүнийг авах баг мундахгүй. Өөрөө сурсан дадсан Премьер лигтээ үлдэхийг хүсч байгаа нь тодорхой ч Италиас том санал хүлээж авсан сурагтай.

САМУЭЛ ЭТОО
Уул нь туршлага, гүйцэтгэж буй үүрэг, чухал гоолууд гээд Самуэл Этоог өмөөрөх шалтаг олон бий. Дээрээс нь Моуриньотой хамт ажиллаж сурсан, гоолын мэдрэмжтэй гэдэг нь давуу тал болно. Гэхдээ л Челси түүнийг явуулахаар бэлтгэж байгаа, шинэ гэрээ санал болгохгүй гэдэг шуум аль эртнээс л гарсаар л байна. Түүний гэрээ энэ зун дуусна.

ФЕРНАНДО ТОРРЕС
1-р сараас хойш Премьер лигт гоолдоогүй байгаа түүний энэ үзүүлэлт нь өмнөхтэй нь харьцуулахад эрс буурсан ч багт үзүүлж байгаа нөлөө, тоглолт унших, хамтрагчдаа дэмжих чадварыг нь Моуриньо үнэлдэг. Тэгээд ч Челси өөрсдийн хүсч буй 20 сая еврогийн санал авлаа ч түүний асар өндөр цалинг буулгахгүйгээр өгч багтаа авах клуб хэр их бол? Интер Милан уу? Бараг л үлдэх байх.
ДАВИД ЛУЙЗ
Яагаад ч юм сүүлийн хэдэн жил багийнхаа гол тоглогчдын нэг байсан Давид Луйзад Моу итгэхгүй л байна. Нэг бол эрт сэлгээнд суулгаж, нэг бол бүр талбайд ч гаргахгүй үлдээж, хааяа гаргахдаа үндсэн байрлалд нь тоглуулахгүй. Яг ийм байдал Х.Матад л давтагдаж байсан. 30 саяас илүүгээр үнэлэгдэж буй түүнийг Барса, Байерн тэргүүтэй томчууд сонирхож буй.

МИКЕЛЬ ЖОН ОБИ
Уул нь Моуриньо өөрөө түүнийг Манчестер Юнайтедтэй гэрээ байгуулчихсан байхад нь заавал авна аа гэж чичирсээр байгаад Юнайтедэд ч давхар мөнгө төлж авчирч байсан юм. Гэвч Н.Матич ирснээс хойш түүнд тоглох боломж олдохгүй, хэрэг нь ч тийм их гарахгүй л байна. Дөнгөж 25 настай түүний оргил үе одоо л ирж байгаа гэмээр. Ирээдүйгээ бодоод энэ зун багаа орхиж болох л юм.

ЭШЛИ КОУЛ
Гэмтэл бэртлийн асуудлаас болж байраа С.Аспиликуэтад алдсан түүний гэрээ энэ зун дуусах ч Моу одоог болтол үлдээх талаар яриа гаргаагүй л байна. Эшли Коул өөрөө ч гарааны эрх нь баталгаагүй байхад кареерынхаа сүүлийн том гэрээг илүү ашигтай нөхцөл, цалинтайгаар хийхийг эргэлзэх байх.

+ РОМЕЛУ ЛУКАКУ, ТИБО КУРТУА!!!
Энэ жагсаалтын хамгийн сонирхолтой бөгөөд маргаантай тоглогчид. Моу тэдэнд итгэж багтаа авчрах болов уу? Ахиад зээллэгээр явуулна гэвэл ийм хурдан өсч дэвжиж буй тоглогчид лав зөвшөөрөхгүй л болов уу. Премьер лигт шилдэг довтлогч байж чадна гэдгээ батласан Лукакуг Тоттенхэм, Эвертон ямар ч үнээр хамаагүй авахыг хүсч, Куртуа аль хэдийн дэлхийн топ хаалгачдын нэг болчихсон байдаг. Мадридын 2 клуб түүний байдлыг их нухацтай ажиглаж байгаа сурагтай.

Үүний дараагаар тэрээр том болон жижиг тоглолтонд хандах зарим тоглогчдынхоо сэтгэл зүйг шүүмжилж, багт үлдэхийг хүсвэл хандлагаа өөрчлөх ёстойг шаардсан билээ.
"Аваргуудын лигт, жишээ нь Парист тоглох тоглолтонд манай багт ямар ч асуудал гарахгүй ээ. Дарамтанд тоглоод сурчихсан, том тоглолтонд амташсан тоглогчдод энэ харин ч нэмэлт хөшүүрэг болдог. Премьер лигт Энфилдэд, Олд Траффордод эсвэл Эмирэйтсд тоглох тоглолт үүнээс ялгаагүй л дээ. Мэдээж Стэмфорд Брижэд хүн бүр л бүхнээ зориулж, хамгаараа хичээж тоглодог. Гэтэл Кристал Палас, Стоук, Норвичтой тоглох үед тэдэнд хожих хүсэл эрмэлзэл, бүхнээ дайчлах тэр хандлага дутагдаж байна. Бидэнд Иванович, Терри, Кэйхиллийг өөрчлөх хэрэг алга. Харин өөрчлөгдөх ёстой бусад тоглогчид байна аа. Тэднийг бага багаар өөрчилсөөр байгаа ч аварга авахад хангалттай биш байна." хэмээн тэрээр их л бухимдангүй ярьсан байх юм.

Энэ үг юу гэсэн үг вэ? Кристал Паласаас амссан ялагдал тэдний энэ улирлын 5 дахь хожигдол нь байв. Хамгийн сонирхолтой нь энэ таван ялагдлаа тэд бүгдийг нь топ 4-өөс өөр багуудаас амссан байх юм. Эвертон, Ньюкасл, Стоук, Астон Вилла тэгээд Кристал Палас. Тэдэнд эсрэг багаа дутуу үнэлэх, басах хандлага ажиглагдаж байна гэж үү? Бүх тоглогчдыг тийм гэж хэлэх нь бас буруу. Кристал Паласд хожигдсон тоглолтын дараа Ж.Терри, Г.Кэйхилл, С.Аспиликуэта нар талбай дээр сөхөрч унан, дэлхийн аваргын цомыг атгаад алдсан мэт гуниж гутарсан мэт харагдаж байв. Үүнийг харсан Жозе өөрийн биеэр талбай дээр гарч ирэн Г.Кэйхиллийг босгож, хамт хувцас солих өрөө лүү алхсан билээ. Тэр түүнд юу гэж хэлсэн бол?
"Би түүнд, чи дээшээ харж хэвтээд, сэтгэлээр унах хүн нь биш ээ. Тэгэх эрхтэй тоглогч нь чи лав биш. Харин ч чи бүх зүрх сэтгэлээрээ, эцсийн мөч хүртэл тэмцсэн дайчин нь байсан. Чи хувцас солих өрөө лүү бахдалтай орох эрхтэй тоглогч нь гэж хэлсэн."

"Манай багт дайчин шинж чанар үгүйлэгдэж байна. Бид аварга авахын тулд тийм л байх ёстой"

Ж.Моуриньогийн 2005, 06 оны баг яг тийм хүчтэй характераар дүүрэн байв. Дидье Дрогба, Михайл Баллак гээд л багийг сэргээх, багийг өдөөх тоглогчид тэдэнд хангалттай байв. Гэтэл яг одоогийн багт тийм тоглогч хэр их байна? Ж.Моуриньогийн энэ зун авчрах тоглогчид нь чухам тийм характертай тоглогчид байх нь гарцаагүй биз ээ. Тэр нь харин хэн байх бол?

Дээр дурьдсан олон асуултын хариуг танд нээлттэй үлдээе. Та өөрийн санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.
Энэхүү нийтлэлийг бичсэн Ч.Алтан-Өлзий нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр 2012 оны Лондоны Олимпийн наадам, 2014 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах тоглолтуудыг UBS телевизийн дэлгэцээр тайлбарлан хүргэж байсан туршлагатай. Челси клубын дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!