Английн Премьер лигийн сүүлийн 2 жилийн аваргуудын тулаан Олд Траффордод өнгөрч, Манчестерийн төлөөх тулаанд Сити илт илүүрхэв.
Манчестер Сити энэ тоглолтын турш, бүр тодруулбал 89 минутын турш илүүрхэж, 3:0-ийн харьцаатайгаар итгэлтэй ялалт байгууллаа.
Манчестер Юнайтедын бүтэлгүй улирал үргэлжилсээр, дасгалжуулагч Дэвид Мойест ирэх дарамт энэ тоглолтын дараагаар улам нэмэгдэх нь гарцаагүй.
Аваргуудын лигт Олимпиакосыг итгэл төгс буулган авч, Вест Хэмийн талбайд ч хамаагүй үзүүштэй тоглолтыг гаргаж байсан Манчестер Юнайтед энэ өдөр Ситид бүх талаараа бүрэн төгс ялагдлаа. Талбайн төвд Маруне Феллиани илт дээрэлхүүлж, 1-р үеийн төгсгөлийн мөчүүдийг эс тооцвол довтлогчид нь ч учраа олсонгүй. Мойесийн амжилтын хариулт гэгдэж байсан Хуан Мата болон Шинжи Кагава нар талбайн төвд яахаа мэдэхгүй мэт бөмбөгөө туусаар хойшоо дамжуулах нь энэ тоглолтын хэвийн нэг үзэгдэл мэт байлаа.

Тоглолт эхлээд 1 минут ч өнгөрөөгүй байхад Сити тоглолтын тэргүүллийг гартаа авсан. Самир Насригийн цохилт хаалганы шон ойн гарч ирэхэд Эдин Жеко түүнийг нь нэмэн эхний довтолгоогоороо зочид тэргүүлж эхлэсэн юм. Хаалгач Давид Де Хеад хаах, бүр хөдлөх ч боломж гарсангүй.
Эдин Жеко тоглолтын 2-р үеийн 10 дахь минутанд Юнайтедын бүх хамгаалагчдын урдуур хөндлөн гүйж, улмаар булангийн цохилтоос ирсэн бөмбөгөнд тун ухаалаг, мөн тайван хүрэн 2 дахь гоолоо оруулсан юм.
Тоглолтын сүүлийн минутанд энэ тоглолтонд маш сайн тоглолтыг үзүүлж, хүссэнээрээ бөмбөгөө туун, тоглолтын хэмнэлийг удирдаж байсан Яя Туре тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Энэ гоол түүний энэ улирлын 17 дахь гоол нь байлаа.

"Сонгогдсон нэгэн" гэгдэх Дэвид Мойесийн Олд Траффорд дахь ирээдүй улам бүр бүрхэг болсоор байна. Түүний багийн тоглолтыг үзсэн ямар ч хүн тактикийн болон тоглогчдын сонголтууд нь тийм ч сайн биш байгааг харахаар байгааг мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм. Эвертоноос түүнийг даган ирсэн энэ зуны хамгийн том наймаа нь болох Маруне Феллиани талбай дээр өнгөрүүлсэн нэг цагийн хугацаандаа бүрэн утгаараа "МУУ" тоглолтыг гаргалаа.
Тэрээр Юнайтедын хамгийн сайн боломжийг чулуу болгож чадалгүй алдсны дээр 30 дахь минутанд Пабло Забалетаг "тохойдон" бүдүүлэг алдаа гаргаж, шар хуудсаар торгуулсан юм.
Үнэндээ санаатай ч гэж хэлж болох энэ алдаанд нь Манчестерийн дерби биш байсан бол шүүгч шууд улаан хуудас өгөх байсан биз ээ. Феллиани тоглолтын турш талбайн төвд бөмбөгний төлөөх тэмцэлдээнд ялагдаж, бухимдалтай байсаар талбайгаас гарсан юм. Ер нь Юнайтедаас энэ өдөр талбай дээр гялалзаж байсан тоглогч байсангүй.
Ситигийн тухайд Пеллегринигийн бэлдсэн гэрийн даалгаврууд бүрэн утгаараа биеллээ оллоо. Тоглолтыг эрчтэй эхлүүлж, тэсрэлттэй довтолгоогоороо амжилтанд хүрч чадсан. Дээрээс нь булангийн цохилт бүр нь аюул тарьж, Юнайтедын хамгаалагчдыг сандаргаж байв. Я.Туре тоглолтын хэмнэлийг бүрэн удирдаж, талбайн төвд Фернандиньо бөмбөгийг маш сайн барьж байв. Давид Сильва ч хурдтай, эрчтэй тоглолтоороо байнга аюул үүсгэн, 2 жигүүрээр С.Насри болон И.Навас нар сайн гүйлтүүд хийж байлаа. Хамгийн санаа зовоож байсан М.Демичелис тэргүүтэй хамгаалалтын шугам нь ч тийм их асуудал үүсгэсэнгүй. /Эсвэл Юнайтедынхан үүсгэж чадсангүй./

Сити Юнайтедаас 15 онооны зөрүүтэй болсон нь 1937 оноос хойш Английн хөлбөмбөгт тохиолдоогүй хол зөрүү болж байна. Энэ улиралд болсон 2 дербид нийлбэр дүнгээр Манчестер Сити 7:1-ийн харьцаатайгаар илүүрхлээ. Сити дутуу байгаа тоглолтуудаа амжилттай хийвэл лигийн тэргүүн байранд бичигдэх боломжоо хадгалж үлдсэн бол Манчестер Юнайтедын Европын эрхийн төлөөх дайралт том цохилтонд "ахин нэг" удаа өртөв.

Манчестерийн дербид цэнхэрүүд давамгайлж, Манчестер хот цэнхэрээр бүрхэгдэв. Эдин Жекогийн дубль, Яя Турегийн ноёрхол, Мойесийн мөн Юнайтедын бүтэлгүйтэл! Юнайтед 0, Сити 3.

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!