Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Манчестер Юнайтед 1:1 Байерн Мюнхен: Юнайтедийн найдвар тасраагүй

CSPORTS team
2014 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2-р үеийн 58 дахь минутанд Н.Видичийн оруулсан гоол талбайн эздэд тэргүүллийг авчирсан ч, хэдхэн минутын дараа Б.Швайнштейгер тооны харьцааг тэнцүүлж, тоглолт 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөв.

Гэхдээ Байерн Мюнхен эсрэг багийн талбайд оруулсан гоолтой болсон нь тэднийг дараагийн тоглолтыг фаворитын байр сууринаас эхлүүлэх болно.

Дэвид Мойес гарааны бүрэлдэхүүндээ сүүлийн 2 ч тоглолтонд сайн тоглосон Шинжи Кагаваг гаргаагүй нь олон хүний таамаг эвдсэн зүйл болсон. Япон тоглогч Дортмундад байхдаа Байерныг 4 ч удаа хожиж байсан юм. Торгуультай байгаа П.Эвраг харьцангуй туршлага багатай А.Бютнер орлох болсон бол нөгөө талд нь Ф.Жонс гарсан байв. Тэрчлэн Райн Гиггз 12 улирал дараалан Премьер лигт гараанд гарсан анхны тоглогч болж, нийт 141 дэх тоглолтондоо оролцлоо. 

Байернаас торгуультай байгаа Дантегийн оронд Хави Мартинез төвийн хамгаалалтанд гарсан байлаа. Тэрчлэн төвийн довтлогчийн байрлалд энэ улиралд Бундеслигийг гоолоор тэргүүлж буй Марио Манзукич бус Томас Мюллерийг гаргах шийдвэрийг Пеп Гуардиола хийв. Робберигийг хослол 2 жигүүрт гарч, залуу од М.Гөце сэлгээнд суужээ.
 
Тоглолтын эхний үе 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд Манчестер Юнайтед гаргасан боломжоороо илүүрхсэн нь гэнэтийн зүйл байв. Данни Уэлбекийн оруулсан гоолыг бөмбөг тогтоохдоо гар хүрсэн гэж таамаглан тооцоогүй нь эргэлзээтэй шийдвэр байсан бол үеийн төгсгөлд хаалгачийн эсрэг ганцаарааа гарсан боломжоо тэрээр ашиглаж чадсангүй, М.Нойерт хаалгачихав. Түүний хаалгачийг давуулах гэсэн оролдлого нь энэ үеийн хамгийн том боломж байлаа. Байерны хувьд бөмбөгийг илүүтэй эзэмшиж, тоглолтын хэмнэлийг хянаж байсан ч Манчестерийн хамгаалалтыг сэтэлж чадахгүй л байв. Рио Фердинанд-Неманья Видичийн хослол оргил үеийнх шигээ тоглолтыг гаргаж хэд хэдэн чухал бөмбөг таслалтуудыг сүүлийн үед хийж байсныг онцлох хэрэгтэй. Байерны эцийн дамжуулалт, сүүлийн тогтоолтуудыг чухам энэ хослол байнга зогсоож байсан нь багт итгэл найдвар авчирч байв.

Сөрөг довтолгоо хийх зорилготой талбайд гарсан Манчестер Юнайтед 58 дахь минутанд тоглолтыг тэргүүлж эхлэсэн. Уэйн Рүүнигийн хийсэн булангийн цохилтонд Н.Видич түрүүлж хүрэн, улмаар гоол оруулав. Хамгийн аюул тарих тоглогч нь байх учиртай серби хамгаалагчийг торгуулийн талбайдаа хамгаалах тоглогч Байернаас гарсангүй. Энэхүү анхаарал дутуу хандуулсан боломжийг Видич алдсангүй. Олд Траффорд сэргэж, Манчестер Юнайтед тоглолтыг хошуучилж эхлэсэн нь энэ байв.

Гэвч тэдний тэргүүлэл ердөө 9 минут үргэлжилсэн юм. Гоол алдснаасаа хойш, ялангуяа Марио Манзукич талбайд орж ирснээс хойш Байерны довтолгоо илт сэргэж эхэлсэн. Улмаар Рафиньягийн хийсэн хөндлөн дамжуулалтанд Хорват довтлогч түрүүлж хүрэн, улмаар торгуулийн талбайд Б.Швайнштейгерт бөмбөг хаян, түүнийг нь Герман тоглогч алдсангүй тоог тэнцүүлэв. Д.Де Хеад хаах ямар ч боломж байсангүй.

Тоглолтын төгсгөл хэсэг ч өмнөхийн адил зохиолоор үргэлжилсэн гэж хэлж болно. Гэхдээ сүүлийн минутанд Б.Швайнштейгер У.Рүүни дээр гаргасан алдааныхаа улмаас 2 дахь шар хуудсаа аван талбайг орхисон нь энэ өдрийн онцлох мөчүүдийн нэг байлаа. Түүнээс хэдхэн минутын өмнө Х.Мартинез Чичарито дээр тактикийн ухаалаг алдааг гарган шар хуудас авснаар мөн дараагийн тоглолтыг өнжих болсон юм. Байерн дараагийн тоглолтонд энэ 2 тоглогчгүйгээр тоглох болж байна.  Гэхдээ тэдэнд хангалттай сонголт, нөөц тоглогчид байгааг мартаж болохгүй.

Испани шүүгч К.Кабеллагийн энэ өдрийн шүүлт олон маргаантай шийдвэрээр дүүрэн байлаа. Эхэнд дурьдсан Велбекийн гоолоос гадна Швайнштейгерийн улаан хуудас ч ихээхэн эргэлзээтэй зүйл байв. Мөн А.Валенси Ж.Боатенгийн эсрэг 2 хөлөөрөө жийж орон, хэрэггүй гэмээр алдаа гаргасныг шүүгч өршөөсөн бөгөөд эсрэг тохиолдолд Валенси 2 дахь шар хуудсаа хүртэх байлаа. Мөн Юнайтедын 2 ч тоглогч торгуулийн талбайд гар хүрсэн байж болох тохиолдолд тоглолтыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн билээ.

Тоглолтын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Юнайтедийн фенүүдээс бусад нь өнгөрсөн улирлын аварга Байерныг энэ цувралд итгэл төгс ялалт байгуулах нь гарцаагүй гэж таамаглаж, бичиж байлаа. 7 тойргийн өмнө Германы лигт түрүүлэх болзлоо хангасан Байерн хэдий энэ тоглолтонд 73 хувийн бөмбөг эзэмшиж, олон цохилт, олон дамжуулалт хийж байсан ч ялалт байгуулж чадсангүй. А.Роббен, Ф.Рибери, Т.Мюллер нарын хэн нь ч Юнайтедын бат бөх хамгаалалтаас онцгойрч чадсангүй. Тэд 2012 оны 11-р сараас хойш анх удаа 2 тоглолт дараалан хожил аваагүй тохиолдол нь энэ болж байна. Мөн Б.Швайнштейгер, Х.Мартинез наргүйгээр тэд дараагийн тоглолтонд оролцох болно. П.Гуардиолагийн гараандаа агаарт илүү тоглох чадвартай Марио Манзукичийг гаргаагүй нь олон хүнд асуултын тэмдэг болж үлдсэн байх. 

Юнайтедын хувьд хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө давгүй сайн тоглолтыг гаргаж, Д.Мойест багаараа бахархах боломжийг олголоо. Ялангуяа төвийн хамгаалалтын хослолын итгэлтэй тоглолт багийнхандаа ихээхэн урам зориг өгсөн нь гарцаагүй. Хэдий сөрөг довтолгоог эрхэмлэж, хамгаалах тактиктай талбайд гарсан ч олдсон боломжийнхоо байдлаар тэд Байернаас илүү гарсан уу гэхээс хоцроогүй. Д.Уэлбек эхний үеийн боломжоо ашигласан бол тоглолт огт өөр зохиолоор ч үргэлжлэх боломжтой байх байлаа. Нэг ёсондоо хожигдоогүй гэдэг үзүүлэлтийн дараагаар Юнайтедын фенүүд энэ тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байж болно.

Европын топ клубүүдийн тулаан аргагүй өндөр түвшинд өрнөж, онцгой мөчүүдээр дүүрэн байлаа. Манчестер Юнайтед Аллианз Аренад дараагийн долоо хоногт итгэл найдвар төгс зочлон очих болно. Хэдий давуу байдалтай байсан хэвээр байгаа ч Байернд чиглэх дарамт урд урьдынхаас илүү байх болов уу. 

Энэхүү нийтлэлийг бичсэн А.Ундрал нь CSPORTS.mn сайтыг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 2010 оны 3-р сараас хойш нийтлэл бичиж байгаа юм. Үүнээс гадна тэрээр UBS телевизийг төлөөлөн Лондоны Олимпийн наадам, Гуаньжуогийн Азийн наадамд ажиллаж байсан, Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн. Байерн Мюнхен багийн дэмжигч.