Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тог тог! ТОГНЫ биш, УСНЫ хязгаарлалт

ikon.mn
2014 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Уул уурхай Монгол Улсын ирээдүй хойчийн хөгжлийг тодорхойлох тулгуур салбар болон түүчээлэн хөгжиж байна. Төр, засгийн зүгээс ч энэ байр суурь бодлогыг баттай баримтлан ажиллаж буй. Монголын газрын хэвлийд наян  төрлийн эрдэс баялаг, ашигт малтмал нуугдаж байгаа нь нэгэнт тодорхой болсон нь юутай сайхан. Энэ арвин баялгийг олзворлон ашиглаж, үсрэнгүй хөгжин дэвших боломжийн талаар дотоод, гадаадад  хуралдаж  чуулах нь олонтаа ч санаа зовоосон  нэг томоохон асуудлыг  орхигдуулах нь бий.

Харин саяхан болсон “Coal Mongolia”-2014 -ийн үеэр тэр асуудлыг цухалзуулж байсан нь сайшаалтай. Тэр бол ус юм. Усгүй бол энэ дэлхийд амьдрал байхгүй. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэл, хөгжил, хөрөнгө оруулалт ярих гэж байгаа бол эхлээд ус ярих ёстой баймаар. Гагцхүү манай сайд, дарга нарын амнаас гардаг хөгжлийн сайхан хөтөлбөрүүдийг хөгжлийн үндэс  болсон устай хэрхэн уяж холбосон байдаг бол.

Ус гэдэг энэ  богинохон үг уул уурхай дээр өнөөдрийг болтол  тун бага яригдсан.  Гэтэл Монголын усгүй  говьд ирээдүйн хөгжлийг тодорхойлох их бүтээн байгуулалт ид өрнөж байдаг.

Дэлхийн нэн ядмаг усны нөөцтэй 22 орны тоонд Монгол уУлс зүй ёсоор ордог 

Өмнийн говийн томоохон хөрөнгө оруулагчидтай Монголын төр хөрөнгө  мөнгө, хувь оролцоо л гэж ярьж, маргаж ирсэн болохоос өнөө болтол  “усаа хэрхэн шийдвэрлэх гэж байна аа” гэж ам ангайсан удаагүй гэхэд хэтрүүлэг болохгүй болов уу. Уг нь бол ашигт малтмалаа арилжиж баян, бар болсон улс  хөрөнгө оруулагчдын ашигт малтмал олборлож, үйлдвэрлэх тухай  анхны саналыг сонсонгуутаа л эхлээд усны асуудлаа шийдвэрлэчих, тэгсний дараа  асуудлыг ярьж шийдвэрлэж, ойлголцож болно гэсэн бодлогоор хөгждөг гэх.

Харин  манайд эсрэгээрээ бусдын хамгийн эхэнд ярьдаг асуудлыг адагт нь дуугарах болчихоод байна. Секундэд  хэдэн тонн ус ховх сордог уул уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийг  хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг өдгөө хариулт нэхсэн асуулт хэвээр. Өдөр хоног өнгөрөх тусам уг асуудал улам бүр хурцдах нь мэдээж. Уул уурхайн усан хангамж чухал ч ирэх цаг хугацаанд  улиг болтол яригдах учраас түүнээс түрүүнд авч үзэх  усны үнэ цэнэ, Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг  энэ удаа хөндөж байна.

Улаанбаатарын цэвэр усны нөөц 2020 онд дуусах нь үнэн үү?

Монгол орон салхиар, малаар, уул талаар баян болохоос усаар баян биш. Дэлхийн нэн ядмаг усны нөөцтэй 22 орны тоонд зүй ёсоор ордог байна. Ядмаг нөөцтэй гэсэн ангилал бий ч нэн ядмаг гэдэгт багтаж байна гээд бод доо. Яагаад гэж үү. Монгол  хуурай хуурайвтар бүс нутагтай Төв Азийн өндөрлөгт оршдог орон. Нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь  гадаргын усны алдагдалтай бөгөөд тал хээр, говийн хуурай бүс нутагт усны нөөцийн 22 хувь нь бүрэлддэг.

Газар нутгийн хувьд аваад үзвэл дэлхийн  усны гурван том ай савд хамаарагдаж байна. Монголын нэг хэсэг гол Хойд мөсөн далайн ай сав руу цутгадаг бол  Онон, Балж, Хэрлэн гээд зүүн талын том голууд Хятадын Далай нуур руу урсаад цаашаагаа Номхон далайн ай сав газар руу талийдаг. Үлдсэн 70 гаруй хувь нь гадагшаа урсацгүй Баруун Монголын мөнх цас, мөсөн голуудаас тэжээлтэй бөгөөд Төв Азийн гадагш урсацгүй ай савд хамаардаг.

Түүнчлэн манай орны нөхөн сэргээгдэх усны нөөцийг бүрдүүлдэг  үндсэн эх үүсвэр нь хур тунадас. Гэтэл хур тунадасны хэмжээ харьцангуй бага. Орсон хур тунадасны дийлэнх хэсэг нь ууршиж, 10 гаруйхан хувь нь нөхөн сэлбэгдэх нөөцийг бий болгодог байна. Өөрөөр хэлбэл, хур тунадасны ууршиц маш өндөр буюу 800-900 мм байдаг аж. Гэтэл олон жилийн дундаж хур тунадасны хэмжээ 230 мм байх жишээтэй. Уул уурхай эрчимтэй хөгжиж, хотжилт, төвлөрөл бий болж, дэлхий даяар  уур амьсгалын дулаарал  явагдаж байгаа энэ үед уул уурхай, хот, суурины усан хангамж, хөдөө аж ахуйн усжуулалтын асуудал хурцадсаар.

Үнэгүй усны үнэ

Улаанбаатар хотын цэвэр  усны нөөц 2017 он гэхэд дуусна. Он нь олон янзаар дурдагддаг. 2016, 2017, 2020, 2050, хамгийн сүүлд хэвлэлээр гарсан мэдээллээр бол 2030 он гэж байх шиг байсан. Ийм мэдээллийг монголчууд хэрэндээ олон жилийн өмнөөс сонссон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улиралдаа нэг  сенсааци болгож бичдэг. Тийм болохоор сүүлдээ сонсохоос ч дургүй хүрч, ёстой нөгөө худлааг 1000 давтвал үнэн болно гэдгийн адилаар  нээрээ л нийслэл хот маань  хэдхэн  жилийн дараанаас цэвэр усны нөөцгүй болох юм байлгүй дээ гэж хэн хүнгүй бодох хэмжээнд хүрч байх шиг. Тийм бодол тээсэн хэрнээ  айдас болгоомжлолд  автсан шинжгүй сууна.

УСУГ-ын удирдаж байгаа нөөцөөс гадна хашаандаа гүний худагтай айл өрх, үйлдвэр, аж ахуйн газар, зуслан нэмэгдсээр байгаа учраас энэ бүгдийг хамруулж хийгдсэн бүрэн дүүрэн судалгаа алга.

Амар амгалан суух нь ч буруугүй байх. Учир нь, эртнээс дуулдсан, олонтаа давтагдсан сенсаацлаг мэдээлэлд наанаа итгэсэн царай гаргах ч цаанаа “Эх сайхан Монгол оронд, их хувь заяатай монголчуудад тийм муу зүйл тохиолдохгүй байлгүй дээ” гэж монгол хүний уужим ухаанаар  хандаж суугаа биз ээ. Тиймээ, би ч нийслэлийн иргэний  хувьд би ч гэсэн  ийм л бодолтой явдаг. Гэхдээ оргүй хоосон биш байх гэж боддог. Тэгээд үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг үнэн худлыг дэнслэх үүрэгтэй сэтгүүлчийнхээ ажлаар  судлаад үзлээ.  Гаднын байгууллагын зарим судалгаагаар Улаанбаатарын гүний цэвэр усны нөөц дуусах тухай дээрх онууд яригддаг нь үнэн.

Гагцхүү хэр үнэн бодитой, өргөн цар хүрээтэй  судалгааны үр дүн бэ гээд ухаад харвал бас учир дутагдалтай юм. Монголын усны нөөцийн эрдэмтэн, судлаачидтай ярилцаад үзэхээр Улаанбаатарт  усны нөөцийн судалгаа хийгдсээр байгаа ч бүрэн дүүрэн хийгдэж чадахгүй байгаа гэдэгтэй санал нэгдэж байна. Яагаад вэ гэвэл, Ус сувгийн удирдах газрын удирдаж байгаа нөөцөөс гадна хашаандаа гүний худагтай айл өрх, үйлдвэр, аж ахуйн газар, зуслан нэмэгдсээр байгаа учраас энэ бүгдийг хамруулж хийгдсэн бүрэн дүүрэн судалгаа алга.

Тухайлбал,  ДЦС IV гэхэд л Биокомбинатын 20-иод  гүний худгаас усныхаа хэрэгцээг хангадаг байх жишээтэй. За тэгээд Долоон буудлын Дондог өвөөгийн хашаанд байгаа худгийг гадаадаас ирсэн мэргэжилтнүүд гадарлах уу. Гэхдээ 2016 оноос Улаанбаатарын гүний усны нөөц дуусна гэдэг оргүй биш, ортойг усны хүмүүс хэлж байна. Учир юу гэвээс хэдийгээр усны нөөцийг бүрн хамарсан даацтай судалгаа үгүйлэгдэж байгаа ч их хотын хөгжил, хүн амын төвлөрөл, үйлдвэр аж ахуйн газрын өсөлтийг хараад үзсэн ч социализмын үед тогтоож байсан гүний усны нөөц өдөр хоногоор дундарсаар байгаа гэдэгтэй санал нийлж байна.

1980-аад оны эхээр тухайн үеийн ЗХУ-ын холбогдох судалгааны институтээс мэргэжилтнүүд ирж, Улаанбаатар хотын ундны усны нөөцийг тогтоож байжээ. Одоо бол дээрх  нөөцийг хэлэхэд учир дутагдалтай ч УСУГ-ын боломжит нөөц гэж байдаг. Мөн Туул гол орчмын сав газрын усны боломжит нөөц гэж ч бий аж. Үүгээр үзэх юм бол улаанбаатарчуудын хэрэгцээнд өдөртөө 273-300 орчим мянган шоо мерт ус аваад байхад боломжийн хэмжээний нөөц байгаа гэнэ. Нөөц дуусах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа ганц гашуун үнэн бол мэрэгжилтнүүдийн хэлж буйгаар нийслэлчүүдийн  усны замбараагүй хэрэглээ. Улаанбаатар хот одоогийн байдлаар өдөрт 160-аад мянган шоо метр ус хэрэглэдэг аж.

Энэ бол бусад хотын цэвэр усны хэрэглээтэй харьцуулахад маш өндөр тоо. Энэ нь зөвхөн төвлөрсөн усан хангамжид холбогдсон айл өрх, албан газруудын хэрэглэж байгаа усны хэмжээ шүү дээ. Дээр нь нэмээд мөнөөх тоог нь хянаж хэлж мэдэхгүй хувийн гүний худгуудыг оруулж тооцох юм бол хэт өндөр хэрэглээг илэрхийлэх тоо хэд болж нэмэгдэхийг  хэн ч хэлж мэдэхгүй. Гэхдээ нийсэлд 1700 гаруй өрх хашаандаа  худагтай гэсэн там тум тоо бий.

Устай холбоотой хууль, хөтөлбөр  цөөнгүй бий ч усны хэрэглээг хэн ч хянадагүйд л хамаг учир бий аж. УСУГ болон бусад холбогдох байгууллагын гаргасан судалгаагаар орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 250-300 литр ус хэрэглэдэг байна. Гэтэл гаднын өндөр хөгжилтэй оронд нэг хүний цэвэр усны  дундаж  хэрэглээ 100-150 литр байх жишээтэй. Харин  усан хангамжийн хувьд санасан цагтаа гараа угаачих эрхгүй гэр хорооллын нэг өрх хоногт дунджаар 8-10 литр ус хэрэглэдэг гэх. Аяга угаасан усаа асгах хайран санагдаж, шалныхаа алчуурыг базаад асгахаа мэддэг тэд зөөврийн устай болоод  ч тэр үү,  усны үнэ цэнийг илүү мэдэрдэг хүмүүс. Усны хэрэглээн дээр орон сууц, гэр хорооллын иргэдийн дунд ийм өдөр шөнө шиг ялгаатай байдал үүгээр дуусахгүй.

“Чандмань эрдэнэ” гэгддэг усыг үнэгүйдүүлж байгаа дараагийн нэг чухал зүйл  бол үнэ тарифийн асуудал. Гэр хорооллын иргэд нэг литр усыг  ямар үнээр авдаг вэ гэвэл манайхан ихэнх нь нэг төгрөг гээд мэддэг. Гэтэл орон сууцны айл санасан цагтаа хананаасаа цэвэр ус авч, хайр найргүй хэрэглэснийхээ төлөө нэг литр усанд хэдэн төгрөг төлдөг бол гэхэд хэн ч  мэдэхгүй шахуу. Мэдэхгүй байхаас ч аргагүй. Тэд  нэг литр цэвэр усанд 32 мөнгө төлдөг байна.

Манайд өнөөдөр зоосон мөнгөөр үнэлэгдэх бараа бүтээгдэхүүн байх нь битгий хэл, аравт, хорьтын дэвсгэрт хог дээр хаягдах нь холгүй болсон цаг. Гэтэл Үндсэн хуульдаа “...Стратегийн үнэт баялаг бол ус мөн...” хэмээн заасан атлаа  цэнхэр сувдаа ийм хямдхан үнэлж иржээ. Орон сууцныхан нэг тонн ус хэрэглэлээ гэхэд 320-хон төгрөг болох нь. Үйлдвэр, аж ахуйн газрууд мөн нэг литр цэвэр усанд 55-хан мөнгө төлдөг. Арьс шир, ноос ноолуур угаах, ундаа, цэвэр ус савладаг үйлдвэрүүдэд 55 мөнгө юу вэ. Крантнаасаа авсан цэвэр усыг 32 мөнгөөр ууж байгаа хэрнээ бид 0,5 литрээр  савласан цэвэр усыг 500 төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг. Худалдаанд байгаа 0,5 литр усны мөнгөөр гэртээ бол 1,5 тонн ус хэрэглэнэ гээд бод.

С.Үнэн: Крантны уснаас зэв амтагдаж байгаагийн тухайд Улаанбаатар хотын  цэвэр усны шугам хоолой 50-60 жилийн насжилттай. Бидний санааг зовоож байгаа нэн тулгамдсан асуудал энэ л байна. 

Крантны усны чанарт бид  эргэлздэг. Ариутгах бодис болон зэв их  амтагдаж байна гэж муулах дуртай. Тэгвэл энэ эргэлзээнд УСУГ-ын дарга С.Үнэн “Крантны  ус чанарын хувьд гадуур зардаг савласан уснаас муудах  зүйл огт байхгүй. Харин ч улаанбаатарчуудыг би хувьдаа Алтан тэвшийн хөндийгөөс газрын гүний хамгийн цэвэр цэнгэг ус ууж байгаа азтай хүмүүс гэж боддог. Бид гүнээс татаж авч байгаа усаа хлоргүйжүүлж, халдваргүйжүүлдэг учраас зарим үед ариутгалын бодис амтагдах нь бий. Тэр бол нэг их гэмтэй хортой зүйл биш, санаа зовох асуудалгүй. Харин зэв амтагдаж байгаагийн тухайд Улаанбаатар хотын  цэвэр усны шугам хоолой 50-60 жилийн насжилттай. Бидний санааг зовоож байгаа нэн тулгамдсан асуудал энэ л байна. Тиймээс өнөөдөр усны үнийг нэмж, алдагдлаасаа гарвал бидний хамгийн түрүүнд хийх ажил шугам хоолойн шинэчлэл байгаа юм” гэв. Үндсэндээ 1990 оноос хойш үнэ тариф нь огт шинэчлэгдээгүй хөсөр хаягдсан ганц бараа, үйлчилгээ нь усны үнэ. Зах зээлийн нийгэмд зоосон мөнгөөр хэмжигддэг бараа бүтээгдэхүүн байхад замбараагүй хэрэглээтэй байхаас ч яах вэ.

О.Магнай дарга аа, та юунд эргэлзэнэ вэ?   

Усны үнэ цэнэ юунд оршиж байна вэ. Үнэгүйдээ гол нь биш, усанд угаасаа үнэ байдаггүй. Усыг үнэлдэггүй. Гэхдээ нийслэлчүүд бидний хүссэн цагтаа хананаасаа авдаг ус голын  уснаас шанагадаж аваад хэрэглэж байгаатай адил ойлголт биш. 1.3 сая хүн амд усан хангамжийн тасралтгүй  баталгаатай  үйлчилгээ үзүүлнэ  гэдэг маш олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан ажил юм. Та бидний цорго нээх төдий хөдөлгөөн хийгээд  авдаг усыг газрын гүнээс олборлож, Улаанбаатар хотыг хөндлөн гулд хэрсэн цэвэр усны 370 км шугам хоолойгоор дамжуулж хүргэдэг нүсэр үйлчилгээ. Иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулах үүднээс бяцхан схем сонирхуулъя.

УСУГ Улаанбаатарын ойролцоох дөрвөн том эх үүсвэрээс ус олборлодог. Олборлоно гэдэг нь маш гүнзгий, том худаг гаргасан байх ёстой. Ийм худаг хотод нийт 174 ширхэг байдаг. Дөрвөн  том эх үүсвэрээсээ усаа соруулж аваад, нийт 10 ширхэг аварга усан санд хуримтлуулна. Хуримтлуулна гэхээр зүгээр усаар дүүргээд орихичих биш, маш том хүчин чадлын насос хөдөлгүүрүүдийг ажиллуулаад, тэнд хлоргүйжүүлж, халдваргүйжүүлэлт, ариутгалын бүх үйл ажиллагаа хийгдэнэ. Энэ бүх шат дамжлага дээр нарийн мэргэжлийн мэргшсэн ажилтнууд сууж, 24 цагийн турш байнгын эрчим хүч хэрэглэж иргэдийн хэрэгцээнд шахаж нийлүүлдэг байна. Ийм үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө УСУГ гэхэд л жилд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байна.

“Хар ус харамладаг болоё”.

Тэднийх гэр хорооллын нэг худагт таван  тоннын цестерн бүхий “Зил 130” машинаар ус аваачихад дунджаар 7950 төгрөгийн зардал гардаг. Гэтэл хүргэсэн уснаасаа 5000 төгрөгийн орлого олдог гэж тооцохоор нэг худгаас л гэхэд 2950 төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Оросын ачааны том тэрэг өгсүүр замд нэг км-т нэг литр бензин идэх нь холгүй  учраас ийм хэмжээний зардал гарах нь аргагүй. Улаанбаатар хотын гэр хорооллын 560 ус түгээх байрт ийм байдлаар өдөр бүр ус хүргэдэг.

Энэ бүхнээс дүгнэхэд  усны үнэ цэнийг монголчууд ойлгох цаг болжээ. Ус шавхагддаг байгалийн баялгуудын нэг учраас өнөөгийн хотын хурдацтай хөгжлийг дагаад  усны нөөц багасаж байгаа нь үйлийн үргүй үнэн тул монголчуудад  усны үнэ цэнийг мэдэрч, хайрлаж гамнах шаардлага тулгарч байна. Товчхоноор хэлбэл “Хар ус харамладаг болоё”.

Эцэст нь хэлэхэд, УСУГ болон Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг мэргэжлийн байгууллагаас жил хагасын өмнөөс усны үнийг нэмэх шаардлагын дагуу  бодит тооцоо судалгаа  хийгээд, үнэ нэмэх санал боловсруулсан юм билээ. Усны үнийн асуудлыг хуулиар ШӨХТГ хянаж, эцсийн шийдвэрийг гаргах ёстой байдаг аж. Усны үнэ тариф нэмэгдүүлэх асуудлыг ШӨХТГ нэлээд удаан хугацаанд судалж танилцаад, сая Цагаан сарын өмнө түр хойшлууллаа гэсэн хариуг усныхан О.Магнай даргаас сонссон байна.

Гол нь усны үнийг  бүх нийтийн эрх ашгийг хөндөх суурь үнэ гэдэг утгаар нь шийдвэр гаргах түвшний хүмүүс болгоомжилж байгаа бололтой. Тийм болохоор Магнай дарга аа, та усны үнэ дээр битгий их болгоомжлол тээж, эргэлзээчээ гэж хэлэх байна. Одоо чинь ард иргэдийн сэтгэлгээ  ерээд оны сүүлч, шинэ мянганы эхэн  үеийнх шиг биш болсон шүү. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш үнийн асуудалтай нүүр тулж, ачааны хүндийг нуруундаа үүрсээр өдгөө бодит шалтгаантай, шалтгаангүй үнийн өсөлтийг ялгахтайгаа болчихсон. Тийм болохоор усны үнийг нэмлээ гээд танай ШӨХТГ болон таныг буруутгаад байхгүй л болов уу.

Учир нь, усны үнийг даруй нэмж, хэрэглээндээ хяналттай хандах жаахан ч гэсэн цочроог өгмөөр байна. Нөгөө талаар усны үнэ нэмэх асуудал дээр УСУГ болон бусад холбогдох мэргэжилтнүүдийн зүгээс ч  зориг  дутаад байх шиг. Яагаад гэвэл, тэдний усны үнийг нэмэгдүүлэх саналыг сонирхлоо. Гэр хорооллын иргэдийн усны үнийг энэ удаа нэмэхгүй юм байна. Тэд харьцангуй өндөр үнээр ус аваад, үнэ цэнийг нь ойлгодог хүмүүс гэж үзжээ. Харин орон сууц болон үйлдвэр, аж ахуйн газрын дээр дурдсан нэг литр усны үнэ дээр 18-хан мөнгө нэмэх тухай л асуудал аж. Тэгээд бодохоор орон сууцны айл 32 мөнгө биш 50 мөнгө, үйлдвэр аж ахуйн газрууд 73 мөнгө төлдөг болох нь л дээ, үнэ нэмэгдсэнээр. Өөрчлөлт байх уу.

Усны үнийг нэгэнт л нэмэх гэж байгаа бол нэг литр усны үнийг ядаж гэр хорооллын иргэдийн хэмжээнд аваачаачээ гэдэг саналыг тавьж байна.

Усны үнэ цэнийг мэдрэх, хайрлаж гамнах хэмжээнд үнийн цочроо өгнө гэж бодохгүй байна. Тийм болохоор манай “Mongolian Economy” сэтгүүлийн зүгээс усны үнийг нэгэнт л нэмэх гэж байгаа бол нэг литр усны үнийг ядаж гэр хорооллын иргэдийн хэмжээнд аваачаачээ гэдэг саналыг энэ нийтлэлээр дэвшүүлэн тавьж байна. Үнэгүй усны үнэ цэнэ ийн ажгуу. Цаг хугацаа өнгөрөх тусам цэнхэр сувд алт  болно. Усны нөөцийг удирддаг газар нь 10 тэрбумын алдагдалтай ажилладаг биш, 10 тэрбумын ашигтай ажиллаж байж ирээдүйд ар араасаа цувах Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх тэнхээтэй болно. 

УСУГ-ын дарга С.Үнэнгийн учирласан нэгэн таагүй мэдээллийг дуулгаад нийтлэлээ дуусгая. “Усны үнэ тарифийн асуудлыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулаад байгаа учраас УСУГ үйл ажиллагаа явуулахад бэрх болж байна. Орон сууцны контор, усны үйлчилгээний компаниуд гээд манайд маш их өр авлагын сүлжээ үүссэн. Тиймээс тогны хязгаарлалт гэдэг шиг усны хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрээд байна.

Уг нь XXI зуунд асуудлыг хүндрүүлэхгүйгээр ярьж ойлголцоод шийдэж болох байх гээд яваад байсан боловч болохгүй юм байна. Тийм болохоор усны хязгаарлалт хийхээс аргагүй болж байна.  Цагаан сарын өмнө Налайх дүүрэгт усны хязгаарлалт хийсэн” гэж тэрбээр учирласан. Хэдэн тонн ус  урсгаад байгаагаа мэдэхгүй усанд булхаж суутал чинь нэг л өдөр усны хязгаарлалт хаалгыг чинь тогших нь байна. Тог тог, тогны биш усны хязгаарлалт гэвэл та бүү гайхаарай. 

И.Отгонжаргал /"Mongolianeconomy" сэтгүүл/