Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ян Бреммер: Энэ бол есдүгээр сарын 11-нээс хойшхи хамгийн том геополитикийн доргилт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Украйнтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Еврази Группын Ерөнхийлөгч Ян Бреммерийн үзэл бодлыг толилуулж байна.

ОХУ Украйнд түрэмгийлж, АНУ болон Европ үүнийг нь буруушааж, Украйны арми өндөржүүлсэн бэлэн байдалд орсон зэрэг нь есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас хойш болж байгаа хамгийн том геополитикийн доргилт болж байна.

Асуудлын гол нь Оросын хүч улам суларч байгаа, Барууныхан түүнийг нь алгуурхан унаж дуусахыг хүлээж байгаад оршиж буй.

Гэтэл Украйны хэрэг явдалд Путин маш шийдэмгий хатуу хариу өгч явцыг улам түргэсгэж эхлэв.

Орос Америкийн харилцаа муудсан нь уналтын эхний алхам.

Үүнээс цаашаа гурван гол асуудал тун их сонирхол татаж байна.

Эхнийх нь Барууныхны шууд хариу ямар байх вэ?

Обама Сочид болох "Их 8"-ын уулзалтад оролцохгүй бол хэчнээн өөр удирдагчид цуглалаа ч уулзалт болохгүй. Ингэсэн тохиолдолд "Их 7"-гийн улсууд Оросыг клубээсээ хасах боломжтой.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Би өчигдөр "Их 8" болон бусад улсуудын гадаад хэргийн сайд нартай ярилцаж санаагаа нэгтгэлээ. Ингэснээр бид Оросыг клубээс гаргахад ямар нэг асуудал байхгүй” гэжээ.

Бас НҮБ-ийн Аюулгүй байдлын Зөвлөлийг яаралтай хуралдуулж Оросын түрэмгийллийг буруутгах асуудлаар санал хурааж болно. Мэдээж Оросууд санал өгөх хориотой, харин Хятадууд үүнд ямар байр суурьтай байх нь тун сонирхолтой.

НАТО тодорхой хариу үзүүлж, жишээ нь байлдааны хөлөг онгоцуудаа Хар тэнгис рүү илгээх байх. Харин эдийн засгийн хамааралтай байдлаасаа болоод Европын том гүрнүүд Оростой харилцаагаа муутгахыг хүсэхгүй.

Үнэндээ ноцтой хориг хэмжээ авахад АНУ болон Европ (гол нь Герман) хоорондоо хэр ойлголцож хамтрах бол гэдэг эргэлзээтэй. Товчхондоо буудалт байндаа тусахгүй, харин эдийн засгийг хохироож магадгүй.

Хоёрдугаарт, ОХУ олон улсын харилцаанд ямар өөрчлөлт оруулах бол?

Украйны хэрэг явдал АНУ-ОХУ-ын бүх л харилцаанд хямрал авчирна. Орос Ираны цөмийн зэвсгийг зөвшөөрөхгүй байгаа ч АНУ, Европын Ирантай хийж байгаа хэлэлцээг төдийлөн дэмжихгүй байгаа. Иймээс Оросууд АНУ-ын хэлэлцээрийг бусниулах “гуравдагч” санал гаргаж ирж болзошгүй.

Сирийн асуудал дээр нөгөө “нугаршгүй” Орос маань бүр ч “нугаршгүй” болж химийн зэвсгийн гэрээний асуудал улам хүндэрч магадгүй. Мөн Москва Башар Асадад бүр илүү их зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлж болно. Орос Зүүн Украйныг эзэлж авбал түүгээр дайрдаг хийн хоолой тойрсон өөр нэг асуудал босож ирнэ.

Гуравдугаарт, Украйны хэрэг явдлын үр дүн дэлхий нийтийн геополитикийн бодлогод өөрчлөлт оруулах уу?

Орос энэ явдлыг ашиглан өөрийн зэрэг зиндаагаа Хятадтай ойртуулах гэж оролдоно. Хятадын зүгээс Аюулгүйн Зөвлөл дээр Оросыг ёс төдий дэмжих боловч цаашдаа АНУ-тай харьцаагаа муутгахгүйн тулд Оросыг шууд дэмжиж чадахгүй болно.

Хятадаас гадна Украйнаас болоод Орос өөрийн ойр бусад гуравдагч улсуудтай жишээ нь Беларусь, Армени, Тажикстантай харьцахад түвэгтэй болно.

Гэтэл Конгресс саяхан АНУ-ыг “ядуу буурай оронд” тооцож өөрийгөө бусад холбоотнуудаас тусгаарлаж авч үзэх аминчхан бодлого ярьж эхэлсэн нь Жон Керриг нэлээд бухимдуулсан.

Хэрвээ ингэвэл АНУ-ын гадаад бодлогод итгэх итгэл холбоотнуудын дунд буурч байдал бүр ноцтой болно.

Энэ бүгдийн үр дүнд бид үнэмлэхүй зохицуулагч, лидер гүрнээр дутагдсан аюултай ертөнцөд амьдрах болно.