Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ БУС АГШИЖ БАЙНА!

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Энэ оны нэгдүгээр сарын гадаад худалдааны алдагдал гайхамшигтай бага гарлаа хэмээн ярьж зарим хэвлэлээр бичиж байна. 

Тийм ээ 16 сая ам.доллар. Энэ үнэхээр бага тоо. Мэдээж экспорт, импорт тэнцвэржиж байвал сайн хэрэг. 

Гэхдээ энэ тоон бүтцийг нь харахаар баярлах зүйл бага байна. Шууд эдийн засгийн эерэг дүн гэхэд хэцүү.  

Гадаад худалдааны алдагдал 2013 оны нэгдүгээр сард 217 сая ам.доллартай тэнцэж байжээ. 

Өөрөөр хэлбэл энэ жилийн алдагдлаас 13 дахин их. 

Үүнд голчлон манай импорт буурсантай холбоотой. Импорт буурч байгаа шалтгаан мэдээж ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор тайлбарлаж байна. Түүнчлэн манай дотоодын эдийн засгийн эрч буурч байгааг илтгэж буйг бид олж харах хэрэгтэй. 

Он гарсаар Монгол төгрөгийн ханш 20 орчим хувиар сулраад байна. 

Өнөөдөр л гэхэд ам.доллар 1780.82 төгрөгтэй тэнцэж түүхэнд хамгийн өндөр ханшийг тогтоолоо.

2013 онд манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 хувиар буурсан үзүүлттэй байгаа. Энэ ч утгаар уул уурхай, үйлдвэрлэлийн шаардлагатай импортын бүтээгдэхүүн огцом буурахад хүргэжээ. 

 

ИМПОРТИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ШУУД 161 САЯ АМ.ДОЛЛАРААР БУУРАХАД ХҮРЧЭЭ

 

Хүснэгтэн дээр дарж томруулан харах боломжтой. 

Импортын барааны гүйцэтгэл (сая ам.доллар)

Хүснэгтээс харвал, нэгдүгээр сарын байдлаар нийт импортын 41 хувийг үйлдвэрлэлийн орц болон нефтийн бүтээгдэхүүн,15 хувийг өргөн хэрэглээ, зургаан хувийг хүнсний бараа, үлдсэн 38 хувийг бусад төрлийн импортын бүтээгдэхүүн эзэлж байна. 

Импорт буурахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь нефтийн импортын хувийн жин 21 нэгж хувиар буурсан байна. Харин өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний эзлэх хувь өмнөх жилийн мөн үеэс тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. 

Импортын 32.3 хувийн бууралтыг ерөнхий ангиллаар задалвал үйлдвэрлэлийн орцын бууралт нь долоон хувийг, нефтийн бүтээгдэхүүний импортын бууралт 27 хувь болсон нь нөлөөлжээ. 

Үйлдвэрлэлийн орц өмнөх оноос 30 хувиар буюу 33 сая ам.доллараар, нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 67 хувиар буюу 132 сая ам.доллараар буурсан нь нийт импортийг 32.3 хувиар буюу 161 сая ам.доллараар буурахад голлон нөлөөлжээ.  

Үүнээс үзвэл Монголчуудын өргөн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх жилээс өссөн нь микро түвшинд одоохондоо эдийн засаг муудаагүй байгааг харуулж байна. Харин нефт, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний импорт буурсан нь манай уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа саарсантай холбож үзэж болох юм. Өөрөөр хэлбэл ЭДИЙН ЗАСАГ АГШИЖ байгааг шууд харж болж байна.  

 

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ. “ОЮУ ТОЛГОЙ” НАЙДВАРЫН ОЧ БОЛЖ БАЙНА

 

Хүснэгтэн дээр дарж томруулан харах боломжтой. 

Экспортын барааны гүйцэтгэл (сая ам.доллар)

Гадаад худалдааны алдагдал багасахад экспортын зарим бүтээгдэхүүний хэмжээ өссөн нь нөлөөлсөнийг дурьдах нь зүйтэй.  

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сард  зэсийн баяжмалын экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Энэ бол шууд “Оюу Толгой”-н ил уурхайн экспорт эрчимжсэнтэй холбоотой. 

Оны өмнө “Оюу Толгой”-н олборлолт болоод экспорт “Эрдэнэт үйлдэр”-ийг давна гэсэн мэдээллийг хийж байлаа. Тэд 2014 онд зэсийн баяжмал 692.3 мян.тн хэмжээтэй байх төсөөлөл хийснээ танилцуулж байсан билээ. Харин энэ тоо “Эрдэнэт”-ийн хувьд 530 мян.тн байна. ОТ-н борлуулалт мөнгөн дүнгээр энэ онд 2,6 тэрбум ам.долларын орлоготой ажиллах ба үүнээс хөрөнгө оруулалт болоод төслийн нийт зардал 1,2 тэрбум ам.доллар байхаар төлөвлөгдөөд байна. Тэгэхээр манай эдийн засагт ОТ-н борлуултаас шууд 1,4 тэрбум орчим ам.доллар орж ирэх таамаглалтай байгаа юм. 

Нүүрсний экспорт буурснаас үл шалтгаалж экспортын зарим нэр төрлийн бүтээгдэхүүний борлуулалт өсч байгаа энэ эерэг үр дүн нь 2014 онд эдийн засаг тогтворжих хандлагын гол хүчин зүйлүүдийн нэг болоод байна. 

Хүснэгт хоёроос харвал ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.2 нэгж хувиар буурч нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байна. 

Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 14.1 хувиар өссөн бөгөөд уг өсөлтийн 10 хувийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлсэн байна. Гол нэрийн бүтээгдэхүүний ангиллаар авч үзвэл зэсийн баяжмал, боловсруулаагүй нефть, мөнгөжөөгүй алтны экспортын өсөлтүүд нь уг бүлгийн өсөлтийн 25 хувийг бүрдүүлжээ. Харин чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар буураад байна. 

 

СЭРГЭЛТ ГЭХ ҮҮ АГШИЛТ ГЭХ ҮҮ

 

Андуурал
Төрөл 1-р сар Өөрчлөлт
2014 2013 2012 2014/2013 2013/2012
Дүн Хувь  Дүн Хувь 
Эргэлт 658.3 779.7 735.2 121.4 -15.60% 44.6 6.10%
Экспорт 321.2 281.6 240.3 39.6 14.10% 41.3 17.20%
Импорт 337.1 498.1 494.9 161.1 -32.30% 3.3 0.70%
Тэнцэл 15.9 216.5 216.5 200.7 -92.70% 38.1 -14.90%

Тэгэхээр манай гадаад худалдааны алдагдал экспорт 14 хувиар өссөн, импорт 32.3 хувиар буурсантай холбоотойгоор 13 дахин буурчээ. 

Нэг талаар импорт буурч байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эерэг талтай ч үүний үр дүн нь өнөө, маргаашдаа мэдрэгдэх зүйл биш. Урт хугацаанд өнөөдрийн тоон мэдээллийг эерэгээр харж болох ч түүнээс өмнө “сөхрөөд унах” салбар бий гэдгийг бодлого тодорхойлогчид маань бодож л суугаа биз ээ. 

Гэхдээ дээр дурьдсанчлан импорт багассан шалтгаан нь үйлдвэрлэлийн орц, нефтийн бүтээгдэхүүний импорт буурсан нь эргээд л манай хөл дээрээ зогсох гэж ядаж байгаа үйлдвэрүүдэд хүнд тусч байгаан илрэл гэлтэй. Тиймээс эдийн засаг сайжрах биш АГШИЖ байгааг бодит тооноос бид харлаа. 

 

Тоон мэдээллийн эх сурвалж:
Монголбанк