Сүүлийн саруудад Орос, Беларусь улсуудад төмсний хомсдол үүсээд байгаа.
Тэгвэл уг хомсдолыг даван гарахын тулд төмсний хэрэглээгээ багасгахыг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ард иргэддээ уриалжээ. Тэрбээр саяхан өөрийн улсын Волковыск мужид зочлохдоо “Долоо хоногт нэг удаа, дээд тал нь хоёр удаа төмсийг жигнэж, нухаж хэрэглэх хэрэгтэй” гэж ярьсныг тус улсын төрийн БелТА агентлаг өчигдөр мэдээлсэн байна.
Лукашенко ингэхдээ төмс хэт их идвэл таргалах аюултайг сануулжээ.
“Хэрвээ бид ТикТок дээр үзүүлсэн шиг их төмс идвэл туранхай байх боломжгүй” гэж тэр хэлсэн байна.
Лукашенко бас төмсний хомсдолд уг бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортолж, ашгийн хойноос хөөцөлдөж буй тариаланчдыг буруутгажээ.
“Зарим хүмүүс мөнгө олохыг хүсэж байна. Тариаланчид, фермерүүд бүгд экспортолж байгаа. Нөгөө талаар энэ нь хорлон сүйтгэх ажиллагааны нэг хэлбэр юм” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ Лукашенко нөхцөл байдал аажмаар сайжирч, дэлгүүрүүд төмстэй болж эхэлснийг энэ үеэр баталжээ.
Беларусийн төмсний хомсдол бүр хоёрдугаар сард эхэлсэн юм. Лукашенко тавдугаар сарын 8-ны өдөр л анх удаа төмсний хомсдол үүссэнийг хүлээн зөвшөөрч байв.
Ингэхдээ тэр тариаланчид дотоод зах зээлд нийлүүлдгээсээ өндөр үнээр зарахын тулд ОХУ-д экспортолж байгааг шүүмжилж байжээ.
Дараа нь тэр дотоодын болон Оросын зах зээлийг зэрэг хангахуйц хэмжээний төмс тариалах даалгаврыг холбогдох албаныханд өгч байв.
Улмаар тавдугаар сарын 27-ны өдөр тэр Европын Холбооны орнуудаас төмс импортлоход тавиад байсан хоригоо цуцалсан байна.
Саяхан Лукашенко төмсний хомсдолын талаар бас нэг шинэ онол дэвшүүлж байв. Тухайлбал тэр үүнийг Беларусийн эрх баригчдын эсрэг хуйвалдсан тодорхой бүлэг хүмүүсийн ажиллагааны үр дүн гэж тайлбарласан ч тодорхой нэр дурдаагүй юм.
Гэхдээ мэргэжилтнүүд уг хомсдолыг ган гачгийн улмаас ургац алдсантай холбон тайлбарлаж байгаа.
Эх сурвалж: BelTA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!