Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Эрсдэл тооцоолсон төсөөлөл: ИРЭХ ОНД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 1920 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭНЭ!

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны улсын төсөв батлагдаад хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна.

Төсөвт ирэх онд ам.долларын Монгол төгрөгтэй харьцах ханш 1384 төгрөг байхаар тооцоолоод буй. Үүнийг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргаж ирсэн. Харин Монголбанкны зүгээс ханшийн ямар нэгэн таамаглалыг олон нийтэд зарлах нь зохимжгүй алхам учир энэ талаар мэдээлэл хэлэхээс татгалзаж байгаа.

Өнөөдөр Гадаад харилцааны яаманд “Эрсдлийн удирдлагын форум” болж өнгөрлөө. Компаниудын удирдлага болон эдийн засагчдын чуулсан энэ форумаар Монгол улсын хэмжээнд буюу макро орчинд учрах магадлалтай эрслүүд цаашлаад аж ахуйн нэгжүүдийг ирэх жил ямар эрсдэл хүлээж байгаа талаар мэргэжлийн шинжээчид танилцууллаа.

Энэ форумыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд ганцхан төр, засгийн өгч буй мэдээллээс гадна мэргэжлийн, хөндлөнгийн шинжээчдийн баг Монгол улсын эдийн засгийн эрсдлийн судалгаа, таамаглалыг танилцуулж буйгаараа онцлогтой. 

Форумд Монгол улсын болоод байгууллага, корпорацийн хэмжээнд хийх ёстой эрсдлийн удирдлагын талаар илтгэлүүд тавьсан юм.

Энэ бүхнээс онцлон “2014 оны Мөнгөний урсгал, боломжит эрсдлүүд” гэсэн илтгэлд дурьдагдсан тоо, баримтууд анхаарал татлаа.

Тухайлбал энэ оны валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд 641 тэрбум төгрөгний алдагдал хүлээгээд байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд ханшийн эрсдлийг удирдах аргачлалыг тусд нь танилцуулсан байгаа.

Энэ жилийн хувьд зургадугаар сараас эхэлж өссөн ам.долларын ханш нь олон хүчин зүйлээс хамаараад байна. 

Монгол дахь хөрөнгө оруулалт буурсан, экспортын бүтээгдэхүүний үнэ ханш гадаад зах зээл дээр төдийлөн эерэг үзүүлэлт харуулахгүй байгаа нь ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлж байна.

Ирэх оны инфляцийн түвшин 17,5 хувьтай байна гэсэн таамаглал гарчээ. Харин Монголбанк инфляцийг найман хувьд барихаар тооцоолоод буй.

Түүнчлэн Монгол улсын эдийн засгийн бодлогын хүрээнд хийж буй алхмуудаас үүдэн ханш өсч буй үйлдлийг идэвхжүүлж байгаа аж. Тухайлбал найман хувийн хүүтэй орон сууцны зээл гарснаар иргэд орон сууцаа худалдаалсан мөнгөө валютын хадгаламж болгох хандлага ихэссэн байна.

Тодруулбал, гадаад валютын хадгаламж Монголд 20 хувь өсчээ.

"Эрсдлийн форум" дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа

Эрсдлийн удирдлагын форумд тавигдсан шинжээч Ч.Анхбаяр илтгэлдээ "Монгол улс яг энэ эрчээрээ шинээр ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр бодлогоо үргэлжлүүлвэл Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш эдийн засгийн тооцооллоор ирэх онд 1920 төгрөгт хүрнэ гэсэн үр дүн гарч байна. Мөн ирэх оны инфляцийн түвшин 17,5 хувьтай байна гэсэн дүгнэлтийг гаргалаа" гэсэн юм.  Харин Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогод инфляцийг найман хувьд барих зорилт тавиад буй.

Ирэх жилийн Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 10-12,5 хувьтай байх таамаглал гарч байгаа бол тодорхой эрслүүдийг тооцон өсөлт 10 орчим хувь байх төсөөллийг “Эрсдлийн форум” –ээс дэвшүүлж байна.

ХАНШИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГРАФИКААС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. Та жилээр харах гэдэг хэсэг дээр дарж ханшийн мэдээллийг жилээр үзэх боломжтой.