Ватиканы засаг захиргаа Ням гарагт Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын гаалийн ажилтан агсныг католик шашны гэгээнтэнд өргөмжилжээ.
Ватиканы гэгээнтэн тодруулах албаны тэргүүн, кардинал Марчелло Семераро өчигдөр Гэгээн Паулын цогчин дуганд болсон энэхүү ёслолын арга хэмжээг удирдан явуулсан байна.
Ромын пап Лео XIV үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу Даваа гарагт Конгын мөргөлчдөд тусгайлан ном айлдах ажээ.
Гэгээнтэнд өргөмжлөгдсөн Флориберт Бвана Чуи Бин Косити нь Конгын зүүн хилийн Гома боомтоор хөрш Руанда улсаас муудсан будаа оруулах гэж байсан хүмүүсээс авлига авахаас татгалзсаныхаа төлөө 2007 онд хулгайлагдаж, алагдсан юм.
Гаалийн чанарын хяналтын албаны ажилтан байсан 26 настай тэрбээр санал болгосон хээл хахуулиас татгалзвал юу болохыг сайн мэдэж байсан ч хүмүүсийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж зүрхлээгүй юм байна.
“Тэр өдөр мафийнхан бурхны нэрийн өмнөөс “Үгүй” гэж хэлсэн залуутай тулгарсан юм. Флорибертыг би бүх залуу хүмүүсийн үлгэр дуурайл гэж боддог” хэмээн түүний найз Алине Манани ярьжээ.
Ромын пап агсан Францис өнгөрсөн оны сүүлээр Коситийг итгэл үнэмшлийн золиос болсныг хүлээн зөвшөөрч, Конго улсаас төрсөн католик шашны анхны гэгээнтэн болох замыг зассан юм.
Конгын Гома хотын хамба Вилли Нгумби өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа “Манай улс авлигын дэлхийн аваргын алтан медалийг эзэмшдэг гэж хэлэхэд бараг болно. Энд авлига үнэхээр тахлын хэмжээнд хүрсэн. Тиймээс бид ядаж энэ хүүгийн амьдралаас авлигатай тэмцэх ёстойг ойлгож авбал маш чухал юм гэж би бодож байна” хэмээн ярьжээ.
Транспарэнси Интернэйшнл байгууллага өнгөрсөн онд Конго улсыг авлигын индексээр дэлхийн 180 орноос 163 дугаарт эрэмбэлж байв.
Ингэхдээ 0-ээс 100-ын хооронд оноогоор үнэлэхдээ 20 оноо өгч байжээ.
Гэгээнтэн тодорсон нь иргэний дайны хөлд гүн нэрвэгдсэн Конгын Гома хотын оршин суугчдад баяр хөөр авчирч байгаа юм.
Сүүлийн саруудад Конгын засгийн газрын арми болон хөрш Руанда улсын дэмжлэгтэй M23 босогчдын зэвсэгт бүлгийн хооронд ширүүн дайн өрнөж, олон мянган хүн алагдаад байгаа.
Энэ дайны явцад босогчид Гома хотыг эзлэн авсан юм.
Талийгаач пап Францис 2023 онд 100 гаруй сая хүн амтай Ардчилсан Конго улсад айлчилж байв.
Нийслэл Киншаса хотын цэнгэлдэх хүрээлэнд үг хэлэхдээ тэр Коситийг “түүний хувьд нүдээ аниад өнгөрөх нь амархан байсан. Үүнийг хэн ч мэдэхгүй өнгөрч болох байсан. Бүр үүнийхээ төлөө ахиж дэвшиж ч болох байсан. Гэхдээ тэр Христэд итгэгч байсан тул хүмүүсийн төлөө авлигын бузар булайг үл тоомсорлосон юм” хэмээн магтаж байжээ.
Гома хотын нэг ерөнхий боловсролын сургуулийг Коситигийн нэрэмжит болгосон байдаг.
Тус сургуулийн захирал Чарльз Калимба “Энэ бол өнөө болон хойч үеийнхэнд, ер нь бүх хүмүүст сургамж болох түүх. Флорибетын амьдрал бол Конго үндэстэнд үлгэр жишээ болсон эерэг үзэгдэл юм. Бид авлига, хээл хахуулийг бараг албан ёсны болгосон улсад амьдарч байна. Энэ бол шийдвэрлэх ёстой сорилт юм” гэж ярьжээ.
Ватикан хэн нэгнийг гэгээнтэнд өргөмжлөхөөсөө өмнө үүнийг батлах ямар нэг гайхамшигтай үйл явдал болсон байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Коситигийн хувьд энэ шаардлагаас чөлөөлж, үйл явцыг товчилсон байна.
Гэхдээ Ватикан гайхамшигт үйл явдлыг нөхөж батлах ёстой бөгөөд үүнд олон жилийн хугацаа шаардагдаж магадгүй гэнэ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!