Ням гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон Дани улсын харьяа Гринланд аралд айлчилжээ.
Энэ үеэрээ тэр тус арлыг өөртөө хүчээр нэгтгэхээр сүрдүүлж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, үйл ажиллагааг шүүмжилсэн байна.
Макрон арлын нийслэл Нүүк хотод үг хэлэхдээ Трампын үйлдлийг “холбоотны хийдэг зүйл биш” гэж дүгнэжээ.
Тэрбээр Трампын сүрдүүлэг эхэлснээс хойш дэлхийн хамгийн том аралд тооцогддог Гринландад хөл тавьсан анхны гадаад улсын төрийн тэргүүн болж байна.
Энэ оны нэгдүгээр сард Цагаан ордонд ирснээсээ хойш Трамп стратегийн өндөр ач холбогдолтой, байгалийн их баялагтай Гринландыг АНУ-д нэгтгэх ёстойг удаа дараа мэдэгдэж, бүр хүч хэрэглэхээс буцахгүйгээ илэрхийлээд байгаа.
Дани улс үүний хариуд Гринландыг бусдад өгөхгүйгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн юм.
Макрон өөрийн айлчлалыг Гринландын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө Франц болон Европын Холбоо эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл гэж тайлбарлажээ.
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен, Гринландын өөртөө засах захиргааны ерөнхий сайд Йенс Фредерик Нилсен нар Макроныг ёслол төгөлдөр угтаж авсан байна.
Макрон энд зургаан цаг саатахдаа Дани болон Гринландын удирдагчидтай ярилцаж, дэлхийн дулаарлын нөлөөг өөрийн нүдээр үзэхийн тулд нэгэн мөсөн голд зочилжээ.
Данийн засгийн газар Макроныг хэрхэн угтаж авсан нь гуравдугаар сард энд айлчилсан АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнстэй яаж харьцсанаас эрс ялгаатай байв.
Вэнсийн айлчлалыг Копенхагены эрх баригчид өдөөн хатгалга хэмээн нэрлэж, албан ёсоор хүлээж авахаас татгалзсан юм. Тиймээс Вэнс тус арал дээр оршдог АНУ-ын цэргийн баазаас өөр газарт хөл тавилгүй буцаж байв.
Гринланд аралд оршдог АНУ-ын цэргийн цорын ганц бааз Питуффик бол Оросоос АНУ-ыг чиглэсэн пуужингийн замд хамгийн ойр байрладаг агаарын довтолгооноос хамгаалах дэд бүтцийн нэг хэсэг юм.
Гринланд арлын 57,000 орчим оршин суугч алс хэтдээ Дани улсаас тусгаар тогтнох хүсэлтэй байдаг ч АНУ-ын нэг хэсэг болохыг эсэргүүцдэг нь олон удаагийн санал асуулгаас харагддаг.
Айлчлалынхаа үеэр Макрон тус арлын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оролцох, эдийн засагт хөрөнгө оруулах боломжийн талаар ярилцжээ.
Тэрбээр Ням гарагийн орой Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Гринландаас Канад улсыг зорьсон байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!