Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Арман Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 12 дахь удаагаа шинэчиллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 16
IKON.MN
Зураг зураг

Хөнгөн Атлетикийн элит тамирчдын цуврал тэмцээн болох Алмаазан лиг (Diamond League)-ийн ээлжит тэмцээн Шведэд боллоо.

Тус тэмцээний тулгууртай харайлтын төрөлд Шведийн нэрт тамирчин Арман Дюплантис дэлхийн дээд амжилтыг 12 дахь удаагаа шинэчилж, 6 метр, 28 сантиметрт хүргэв. 

Украины домогт тамирчин Сергей Бубкагийн 26 жил эвдэгдээгүй амжилтыг 2020 онд шинэчилсэн швед эр нутагтаа болсон тэмцээнд анх удаа дэлхийн рекорд эвдэж буй нь энэ юм.

Өдгөө 25 настай "Мондо" хочит эр АНУ-д төрсөн ч ээжийнхээ төрөлх нутаг болох Шведээр овоглодог билээ. 

Олимпын хошой аварга (2020, 2024), Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хос алт (2022, 2023), нэг мөнгөтэй (2019) А.Дюплантис дээд амжилтынхаа дараа "Би анх энэ цэнгэлдэхэд 11 настайдаа тэмцээнд оролцож байлаа. Бороотой, хүйтэн өдөр байсныг санаж байна. Тэгээд дөрвөн метр хүрэхгүй үсэрсэн. Харин одоо гэр бүлийнхнийхээ өмнө рекорд тогтоосондоо баяртай байна" гэж ярив.

Сонирхуулахад Олон Улсын Хөнгөн Атлетик (IAAF)-ийн холбооноос дэлхийн дээд амжилт тус бүрийг $100,000-гаар урамшуулдаг уламжлалтай.    

Мондо дЮплантисын тогтоосон дээд амжилтууд

  • 2020 оны II.08 - 6.17 метр
  • 2020 оны II.15 - 6.18 метр
  • 2022 оны III.07 - 6.19 метр
  • 2022 оны III.20 - 6.20 метр
  • 2022 оны VII.24 - 6.21 метр
  • 2022 оны IX.25 - 6.22 метр
  • 2023 оны IX.17 - 6.23 метр
  • 2024 оны IV.21 - 6.24 метр
  • 2024 оны VIII.05 - 6.25 метр
  • 2024 оны VIII.25 - 6.26 метр
  • 2025 оны II.28 - 6.27 метр
  • 2025 оны VI.15 - 6.28 метр