Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Банкаар үйлчлүүлэгч хүн бүхний мэдэх ёстой ХОЁР зүйл

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"Банкны салбар бол урагш алхаж хөгжсөн цөөхөн салбарын нэг" гэж "Голомт"-ын Д.Баясгалан захирал хэлсэн байсан. Энэ бол яах аргагүй үнэн. 

Арилжааны банкууд зээл, хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн гаргасан талаараа бараг л өдөр бүр уралдан зарладаг. Харин өрсөлдөөнийг илүү бодит, бас эрүүл болгох үүднээс Монголбанкнаас "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам" -ыг шинээр гаргажээ. 

Энэхүү журмыг арилжааны банкууд 2014 оноос мөрдөж эхлээд байна.

Харин одоо зээлдэгч, хадгаламж эзэмшигч буюу банкаар үйлчлүүлэгч хэн бүхний мэдэх ёстой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Та банкнаас зээл авах гэж байна уу, эсвэл хадгаламж нээлгэх байна уу. Үгүй бол аль эрт эдгээр үйлчилгээг авчихсан байж байна уу. Аль нь ч байсан танд энэхүү шинэ журам үйлчлэх ёстой. 

Харин одоо энэхүү журамтай холбоотой зээлдэгч, хадгаламж эзэмшигч буюу банкаар үйлчлүүлэгч хэн бүхний мэдэх ёстой мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. 

Хэрэглэгчийн мэдэх ёстой хоёр төрлийн банкны бүтээгдэхүүнийн тухай мэдээлэл:

НЭГ: ЗЭЭЛ - Зээлийн бодит өртөг гэж юу вэ?

Та банкнаас зээл авахаар очихдоо хамгийн түрүүнд тухайн банкны зарласан хүүг харна. Өөрөөр хэлбэл нийтэд ил тод байгаа тухайн зээлийн хүүний мэдээллийг харан тооцоогоо хийж харьцуулалтаа хийдэг. 

Харин бид одоо нэг шинэ мэдээллийг банкнаас авах эрхтэй боллоо. Энэ нь зээлийн бодит өртгийг тухайн банкаар тооцуулан авах боломжтой. 

Гарчигт дурьдсанаар бид жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан ч бодит байдал дээр 8,2 хувийн хүү төлж байхыг үгүйсгэхгүй юм. 

Гэхдээ заавал ийм тоо гарах ёстой гэсэн үг биш. 

Зээлийн бодит өртөг гэдэгт:

  • Зээл олгосны шимтгэл, өргөдлийн хураамж, зээлийн эрсдлийн шимтгэл
  • Санхүүгийн түрээсийн зээлийн хувьд нийлүүлэгчээс авч буй шимтгэл, хураамж,
  • Зээлдүүлэгчийн шаардлагын дагуу хийгдэх барьцаа хөрөнгийн бүх төрлийн даатгалын шимтгэл, хураамж
  • Тухайн зээлтэй холбоотой зээлдүүлэгчээс шаардаж буй аливаа нэмэлт үйлчилгээний зардал, шимтгэл, хураамж зэргийг тооцон таны төлж байгаа хүү дээр нэмэхийг зээлийн бодит өртөг гэнэ. 

Тэгэхээр зээлдэгч Та арилжааны банк болгоны олон төрлийн шимтгэл, хураамжийн зардлыг зээлийн бодит өртөг гэх мэдээллээс харах боломжтой болж байна. 

Жишээ авахад, "А", "Б" банк хоёулаа жилийн найман хувийн хүүтэй зээл зарлалаа гэхэд Та тухайн банкуудын зээлийн бодит өртгийг тооцуулахад "А" нь 8.17 хувь, Б нь 8.2 хувь гарахыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэрэглэгч Та илүү сайн сонголт хийх боломжтой боллоо гэсэн үг. 

Жишээ 1

Зээлийн бодит өртөгт банкны дотоод бодлогод харгалзалгүйгээр дараах зардлуудыг тооцохгүйг анхаарна уу.

Үүнд:

  • Улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж
  • Зээл барьцааны гэрээ баталгаажуулахтай холбоотой нотариатын шимтгэл, хураамж
  • Зээлдэгчийн амь нас, гэнэтийн ослын даатгалтай холбоотой шимтгэл, хураамж
  • Зээл, барьцааны гэрээнд өөрчөлт оруулахтай холбоотой шимтгэл, хураамж
  • Зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх зардал, шимтгэл, хураамж зэргийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зээлийн бодит өртөгт оруулахгүй юм. 

Мөн зээлийн бодит өртгийг нэг жилд харгалзах хувиар илэрхийлэх ёстойг анхаарна уу. Учир нь сараар, жилээр янз бүрээр банкууд гаргах нь хэрэглэгчийг төөрөлдүүлэх эрсдэлтэй аж. Тиймээс та арилжааны банкнаас зээл авахдаа зээлийн бодит өртгийг нь нэг жилээр нь харьцуулах боломжтой болж байна. 

ХОЁР. ХАДГАЛАМЖ - Бодит үйлчилж буй хүү гэж юу вэ?

Хэрэглэгч та дурын арилжааны банкин дээр хадгаламж нээлгэхдээ тухайн банкны зарласан хүүтэй мэдээж танилцана. Үүний хажуугаар тухайн банк хүүгээ хэрхэн тооцох аргачлал буюу бодит үйлчилж буй хүүний талаар мэдээлэл авснаар сонголтоо илүү зөв хийх боломжтой болно. 

Бодит үйлчилж буй хүү гэдэгт зарласан хүүнд хүү тооцох давтамжийн нөлөөг оруулсны дараах танд төлж буй хүүний өгөөжийг мэдэх боломжтой. 

Жишээ нь, "А" банкны жилийн зарласан хүү 14,1 хувь, "Б" банкны жилийн зарласан хүү 15 хувь. Хүү тооцох давтамж "А" банк сар бүр тооцож хадгаламжийн дүнг нэмэгдүүлдэг. Харин "Б" банк жилийн эцэст нэг удаа хүү бодож төлдөг бол "А" банкны бодит үйлчилж буй хүү 15 хувь, "Б" банкны жилийн бодит үйлчилж буй хүү 15 хувь буюу адилхан байх жишээтэй. 

Жишээ 2

Хадгаламжинд тооцох хүүний давтамжийг арилжааны банкууд өөрийн дотоод журмын дагуу янз бүрээр бодох сонголттой. 

Тодруулбал, банк хадгаламжийн хүүг жилийн эцэст, сар бүр, өдөр бүр, хүүг үргэлжлүүлэн тооцох буюу хүү нэмэгдсэн тохиолдолд минут, сек, өдөр тутам тооцдог байх сонголттой. 

Тухайлбал тухайн банк хадгаламжийн жилийн хүүгээ 18 хувь гэж зарласан гэж бодоход дээрх хувилбаруудаас шалтгаалан хүү 18, 19.56, 19.71, 19.72 хувийн хүү болж нэмэгдэх магадлалтай. Мэдээж хамгийн ашигтай хувилбар нь хүүгээ үргэлжлүүлэн тооцох буюу хүү нэмэгдсэн тохиолдол бүр өдөр, цагаар таны хадгаламжинд нэмэгдэж байвал сайн гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа банкуудын хүүнээс хүү бодож байгаа аргачлалыг л та мэдэх хэрэгтэй гэсэн үг. 

Одоогоор манай арилжааны банкуудад хадгаламжинд л гэхэд хүүгээс хүү тооцож байгаа жишээ ганц, хоёрхон газарт хэрэгжиж байна.

ТА ОДОО ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Хэрвээ та зээл авах гэж байгаа бол тухайн банкнаас зээлийн бодит өртгийн мэдээллийг давхар авах эрхтэй. Харин хадгаламж нээлгэх гэж байгаа бол мөн л зарласан хүүгээс гадна бодит үйлчилж байгаа хүүгийн мэдээллийг аваарай. 

Одоогоор манай арилжааны банкуудад хадгаламжинд л гэхэд хүүгээс хүү тооцож байгаа жишээ ганц, хоёрхон газарт хэрэгжиж байна. Тэгэхээр Монголбанкнаас гаргасан энэхүү журам нь арилжаааны банкуудын хэрэглэгчийн эрх ашиг, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүний үйлчилгээгээ сайжруулах боломж, нөхцөлийг нэмэгдүүлж байна. 

Та сонголтоо зөв хийнэ үү. 

"Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам" -тай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.