Баянгол дүүргийн долдугаар хорооны “Эрхэмжаргалан” өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна.
Харин “Эрхэмжаргалан” ӨЭМТ-ийг шинэ өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга руу шилжүүлжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин байрыг гар утас худалдааны төвд дамлан түрээсэлж сард 20 сая төгрөгийн ашиг олдог боловч нийслэлд 3.7 саяыг төвлөрүүлж байсан этгээд мөн 5 жил түрээсэлсэн. Гэвч түрээслэх хугацаандаа тус байрыг нэг ч удаа ашиглаж, тордоогүй эвдэрч сүйдээд байна.
Тухайн орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс балгас болсон тус барилгыг акталж нурааж, ногоон байгууламж болгохоор шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа нар хэллээ.
Түүнчлэн энэ онд өмч хувьчлалын жагсаалтад 28 барилга байгууламж орсон. Үүнээс өнгөрсөн тавдугаар сарын 2-ны Өмч хувьчлалын комиссын хурлаар 13 объектыг өмч хувьчлалын жагсаалтаас хасаж нураан, нийтийн эзэмшлийн талбай болгохоор шийдвэрлээд байна. Улаанбаатар хотын удирдлагын зүгээс өмчийн дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй, ил тод явуулах зарчмыг баримталж ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!