Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын албан ханш нэг өдрийн дотор 30 төгрөгөөр нэмэгдлээ

Ч.Болортуяа
2014 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Америк долларын албан ханш өнгөрсөн оны тавдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тасралтгүй өссөөр 1752 төгрөгтэй тэнцэж рекорд тогтоосон билээ. 

Харин энэ үед хар зах дээр ам.доллар 1760 төгрөгийг давж байсан. 

Арваннэгдүгээр сарын 17-нд Монголбанкны зарласан албан ханш 1752,48 төгрөгтэй тэнцэж энэ өдрөөс ам.долларын ханш эргээд суларч эхэлсэн. 

Ерөнхий сайд ч тухайн үед сэтгүүлчдэд баяр дөхсөн энэ саруудад ханш өөрөө өсдөг зүйл шүү дээ гэж байв. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж ам.долларын ханш бууж эхэлсэн билээ. 

Засгийн газрын хоёр сайдыг огцруулах бичгийг МАН-ын бүлгээс УИХ-д тавьсан. Харин тэдний асуудлыг хэлэлцэх үеэр ам.доллар бүр ч эрчтэй буурч байсан тухай олон нийтийн сүлжээгээр хүмүүс ярьсаар байгаа юм.

Гэтэл баярын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн валютын ханш эргээд өсч эхэллээ. Ханшийн савалгаа эргэн давтагдаж төгрөг суларсаар доллар өнөөдөр 1721,16 төгрөгтэй тэнцлээ. 

Валютын ханшийн график:

Жилээр харах сонголтыг дарж үзэх боломжтой. 

Хамгийн хачирхалтай нь өнгөрсөн өдрүүдэд ам.доллар 8-20 орчим төгрөгөөр эрчимтэй нэмэгдэж байна. 

Хоёр өдрийн өмнөх хаалтын ханш 1693 төгрөг байсан ч өчигдрийн хаалтын ханш 30 төгрөгөөр огцом нэмэгдэж 1721,16 төгрөгтэй тэнцлээ. 

Харин хар зах дээр өнөөдөр ам.долларыг 1730 төгрөгөөр авч, 1737 төгрөгөөр зарж эхэлж байна. 

Монголбанк 90 жилийн ойтойгоо золгож байгаа мэдээлэл өчигдөр гарсан. 90 жилийн ойн баяраараа ийнхүү ханшийн огцом өсөлтийг зарласан нь үнэхээр сюрприз байлаа.

Жил жилийн 12, 1, 2-р саруудад баяр болон оны төгсгөл таарч гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд долларыг гадагшлуулснаар ханш өсдөг. Дээрээс нь энэ жил манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2013 оны эхний гурван улирлын байдлаар 51,7 хувьд хүртэл буураад байгаа таагүй нөхцөл байдал үүсээд байгаа. 

Угаасаа суларч байсан төгрөгийн ханш он гарсаар эрчимтэй уруудаж байгаа нь арванхоёрдугаар сард ханшийг хүчээр барьж байсан юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.