Өнгөрсөн онд Бөөрөлжүүтийн 150 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орж, төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буй. Харин тус станцын II блокийг 2025 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах юм байна.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Өнгөрсөн 2024 онд нийслэл Улаанбаатар хот эрчим хүчний хэд хэдэн салбарт хөрөнгө оруулалт хийсний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Ингэснээр 2024-2025 оны өвлийн ид оргил ачааллын үед эрчим хүчний хязгаарлалтгүй байх нөхцөл бүрдсэн юм. Тус станц 150 МВт-ын эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж байгааг харлаа.
Саяхан ТЭЦ-3-т харамсалтай осол гарч 50 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх турбингенератор бүрэн ажиллагаагүй, 25 МВт-ын долдугаар турбин зогссон, 50 МВт-ын есдүгээр турбин шатсан, Эрдэнэт хотын ДЦС-ын 25 МВт-ын турбин зогссон тухай мэдээллийг авсан.
Нийслэлчүүд ирэх өвлийг хүнд давахаар байгаа. Бидний гол найдвар Бөөрөлжүүтийн дараагийн 150 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх станц. Уг блокийн угсралтын ажил хийгдэж байна. Тус станцын ерөнхий инженерээс асуухад "Арванхоёрдугаар сарын 5-нд тус станц, турбингенераторыг бүрэн ашиглалтад оруулахаар хичээж, ажиллаж байна" гэсэн сайхан мэдээллийг өглөө. Бүтээн байгуулалтын талбайд 1,000 орчим инженер техникийн ажилтан ажиллаж байна.
Бөөрөлжүүтийн 150 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх дараагийн станц ашиглалтад орчихвол ТЭЦ-3-т гарсан ослын улмаас ажиллагаагүй болсон асуудлыг хааж, 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллыг давах найдвар харагдаж байна.
Үргэлжлүүлээд Бөөрөлжүүтийн 3, 4 дүгээр блокийг угсрахад хэрхэн хамтарч ажиллах талаар төслийг хэрэгжүүлж байгаа нэгжийн удирдлагуудтай ярилцаж байна.
Монгол Улс цаашид эрчим хүчний найдвартай хэрэглээгээ хангая гэвэл тус салбарт хөрөнгө оруулалтууд хийх хэрэгтэй" гэж ярилаа.
2024 онд нийслэл хот анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, нийт 350 МВт эрчим хүч үйлдвэрлэлд хөрөнгө оруулсан бол энэ жил Хүннү хотод 300 МВт нарны, 90 МВт-ын батарей станцын хосолсон сэргээгдэх эрчим хүчний төсөөллийн тендерийг зарлажээ.
Харин ТЭЦ-5-ыг барих тендер сонгон шалгаруулалт долдугаар сарын эхээр хаагдах аж.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ДЦС-2 нь 22 МВт, ДЦС-3 100 хүрэхгүй МВт эрчим хүч үйлдвэрлэдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!