Ам.долларын ханш 1800-д хүрч, энэ өсөлтийг хазаарлаж чадахгүй, төгрөгийн ханш унасаар байна.
Энэ нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч байна гэхэд болно. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшаас болж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ “тэнгэр”-т хадаад байгаа юм.
Өнөөдөр манай сонин иргэдээс энэ талаархи санал бодлыг нь сонслоо. Тэдний хувьд ам.долларын ханш өссөнтэй холбоотой хамгийн түрүүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гэдгийг хэлж байлаа.
Хан-уул дүүргийн иргэн П.Хандмаа: Үнийн өсөлт хамгийн түрүүнд иргэдэд дарамт болж байна
-Өнөөдрийн нийгэмд бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс дур дураараа үнээ нэмдэг болсон байна. Гэтэл хөгшин бидний тэтгэвэр хаана нь ч хүрэхгүй. Юмны үнэ хоёр дахин өссөн байхад тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн. Иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Өдрөөс өдөрт л хүнд болж байна.
Дээгүүрээ үнийг барьж байна, хязгаарлалаа гэж байгаа ч энэ бол зүгээр элсэнд ус асгахтай л адил болж.
Гэтэл ам.долларын ханш өслөө гээд л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зоргоороо нэмсээр л. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хамгийн түрүүнд иргэдэд л дарамт болж байна. Дээгүүрээ үнийг барьж байна, хязгаарлалаа гэж байгаа ч энэ бол зүгээр элсэнд ус асгахтай л адил болж. Тэтгэврийн бид хэдэн хүүхэддээ дараа болохгүй амьдрах санаатай. Гэвч үнэхээр болохоо больжээ. Хэдэн хүүхдүүдээсээ л тусламж авч амьдарч байна даа.
Сүхбаатар дүүргийн иргэн Э.Жаргалмаа: Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт валютын өсөлттэй холбоотой
-Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн нь амьдралд хэцүү байна. Сая тэтгэвэрийг 20 мянган төгрөгөөр нэмсэн энэ нь хаанаа ч хүрэхгүй юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эмэгтэйчүүдийн хувьд өнөөдөр ихэвчлэн гэр орны идэж уух, өмсөх зүүхийг бэлддэг улс.
Гурил, будаа, элсэн чихэр гээд үнэ нь өсөөгүй бараа алга.
Гэтэл өмнө нь 50 мянган төгрөгтэй байхад хөөрхөн хүнсний зүйл цуглуулдаг байсан бол өнөөдөр тэр мөнгө юу ч биш болжээ. Гурил, будаа, элсэн чихэр гээд үнэ нь өсөөгүй бараа алга. Үүнийгээ худалдаачид юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр валютын ханш өссөнтэй холбоотой гэх юм. Бидний хувьд тэр валют энэ тэрийг сайн мэдэхгүй ч төрөөс үүнийг зохицуулах бүрэн боломж бий.
Сүхбаатар дүүргийн иргэн н.Жамсранжав: Ам.долларын ханшийн өсөлт бидэнд хүнд тусч байна
-Ам.долларын ханш өсч байгаа нь мэдээж хүмүүсийн амьдралд их нөлөөлж, хүндрэлтэй болж байна. Яагаад гэхээр өнөөдөр валютийн үнэ өсч төгрөгийн ханш унаснаас ийм зүйл болж байна. Үүнийг төр засаг зохицуулж байгаа мэтээр ярих ч амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга.
Тэд тэнгэрийн зүйл ярьж, хөрсөнд буух зүйл хийхгүйгээс л өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсээд байна. Үнэхээр ам.долларын ханшийн өсөлт бидэнд хүнд тусч байна. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихөөр бид яах билээ. Ямар өлсч үхэлтэй биш.
Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Бямбадорж: Ам.долларын ханш амьдралд үнэхээр дарамт учруулж байна
-Янз бүрийн аргаар хөлжсөн баячууд дотооддоо Монголбанкинд юмуу монголд байгаа санхүүгийн байгууллагууддаа мөнгө хадгалахгүй байна. Тэд мөнгөө гадагш нь аваачиж хөрөнгө болгоод царцаагаад байна. Үүнээс болж ам.долларын ханш өссөн гэхэд болно.
Ам.долларын ханш өссөнөөр миний амьдралд үнэхээр их нөлөөлж байна. Жишээ нь мөнгө нь ховордож байна. Ажлын хөлс нь бага хүмүүс өдөр тутам ямар хоол хүнс идэж, яаж хувцаслаж амьдрахаа мэдэхгүй хэцүү болж.
Хувиараа бага зэргийн бизнес эрхэлдэг хүмүүс бараа, бүтээгдэхүүн, туслах материалаа урдаас оруулж ирэх гэхээр ам.долларын ханш өссөнөөс болж, төгрөг үнэгүй болоод байна.
Төр засаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг барих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа л гэх юм. Гэтэл саяхан шатахууны үнэ нэмэгдлээ.
Эрх барьж байгаа дарга нар юу гэж ярьсныг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Нэг шатахуун түгээх газар үнээ 10-20 төгрөгөөр нэмэхэд бид хяналт тавихгүй гэх утгатай зүйл хэлсэн. Гэтэл төр үүн дээр л хяналт тавьж, яагаад шатахууны үнэ нэмэх нөхцөл байхгүй байхад үнээ нэмснийг хянах ёстой. Тэгсэн байтал иргэдийг төөрөгдүүлсэн зүйл яриад байна.
Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн Д.Саран: Ам.долларын ханш өсөхөөр бүх зүйлийн ханш дагаад өсч байна
-Яах вэ ам.долларын ханш өссөн ч бидэнд нэг их мэдрэгдэхгүй бол хамаа алга. Гэтэл ам.доллар багаар өссөн ч бидэнд хүнд тусч байна. Хамгийн гол нь ам.долларын ханш өсөхөөр бүх юмны үнэ дагаад өсч байна. Тэгэхээр хүний амьдралд нөлөөлөлгүй яах вэ.
Жишээ нь одоо би л гэхэд тэтгэвэрийн нас болоогүй гээд тэтгэвэрт гараагүй энд юм зараад сууж байна. Бараагаа авах гэхээр юмны үнэ нь өссөн хэцүү л болох жишээтэй. Төрөөс надад ажил олж өг, ажлын байр алга гэж би яриагүй. Өөрийн хүчээр ажиллаж, хөдөлмөрлөж, мөр бүтэн явах гэхээр яах аргагүй хавчилгад ороод байна. Иргэдийн худалдан авах чадвар ч маш муудсан.
Тэгэхээр валютын үнийн өсөлт иргэдэд үнэхээр нөлөөлж байгаа нь харагдаж байна.
Хэнтий аймгийн иргэн Ч.Оюунчимэг: Барааны үнэ хоёр дахин нэмэгдэж байгааг сайн мэдэрч байна
-Эгчийнх нь хувьд орон нутгийн иргэн. Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин нэмэгдэж байгааг сайн мэдэрч байна.
Энэ нь ам.долларын үнийн өсөлттэй холбоотой гэдгийг зурагт, радиогоор ярих юм. Мэдээж энэ үнэний ортой болоод л ингэж ярьж байгаа шүү дээ.
Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эгч нь хөдөөний хүн учраас валютын үнийн өсөлтийг сайн ухаарахгүй ч иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа сайн мэдэж байна.
Бид өнөөдөр шуудай гурилыг доод тал нь 15 мянган төгрөгөөр авдаг байсан бол өнөөдөр 20-50 мянга болж. Үүнийг юу гэж ойлгох вэ.
Сүхбаатар дүүргийн иргэн С.Дэмчиг: Төгрөгийн ханш унаж буйг л биеэрээ мэдэрч сууна
-Валютын ханш өссөнөөс болж, иргэдийн амьдрал доройтож байна гэдэгтэй 100 хувь санал нийлэлгүй яах вэ.
Харин яг нарийн ширийн асуудлуудыг мэдэхгүй ч нэмэгдэхээр төгрөгийн ханш унаж буйг л биеэрээ мэдэрч сууна.
Яах вэ. Миний хувьд гэр орны идэж уух зүйлийг нэг их бэлдээд байдаггүй. Хааяа талх л авна.
Гэтэл гэрийн хүн маань хэдэн төгрөгтөө тааруулаад гайгүй юм авдаг байсан. Одоо тэр цаг ард хоцорчээ гэдгийг л сайн мэдэрч байна.
Сүхбаатар дүүргийн иргэн С.Эрдэнэчимэг: Ард түмэнд их нөлөөлж байна
-Ам.долларын ханш өссөнөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь мэдээж хэрэг ард түмэнд их нөлөөлж байна.
Миний хувьд тэтгэврийн хүн болохоор үүнийгээ хойно урд нь оруулж нэг юм дөнгөж л байна.
Гэхдээ тэтгэврийг нэмлээ гээд яриад байдаг нөгөөх нь шалих ч үгүй, 20 мянгаар хүүхэд хуурч байгаа юм шиг л нэмсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!