ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Валютын ханш буурна гэж найдах хэрэггүй

М.Уянга, Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 7
Өдрийн шуудан
Зураг зураг
Валютын ханш буурна гэж найдах хэрэггүй

Cap шинийн өмнөх хэдэн өдөр хэсэг бужигнаж байгаад нам гүм болдог газруудын нэг нь валют арилжааны цэгүүд. Хэвшил болсон энэ үзэгдэл өнөө жил арай өөрөөр ажиглагдлаа. Өчигдөр 11:00 цагийн үед “Найман шарга” валют арилжааны төвд очиход, валют арилжааны цэгүүд хэдийнэ үүдээ нээж, ханшаа шинэчилсэн байв. Валют арилжааны цэг бүрээс ханш сонирхсон. Валют худалдаж авах, зарах гэсэн хүмүүс орж гарч байлаа.

Нэг арилжааны цэгт орж хэсэг ажиглалаа. Ам.доллар, юань, рубль асуусан хүмүүс л ихэвчлэн орж ирэв. Тэд ханшийг нь сонсоод л гараад явчихаж байлаа.

Учир нь бүх төрлийн валютын ханш сүүлийн хэд хоногийн өмнөхөөс эрчимтэй өсчээ. Цагаан сарын өмнөх буюу битүүний өдөр ам.долларыг 1725-аар худалдан авч, 1730 төгрөгөөр зарж байжээ. Гэтэл баярын гурван өдөр амарчихаад шинийн 4-нд ажил цугласнаас хойш худалдан авах үнэ долоон төгрөгөөр, зарах үнэ есөн төгрөгөөр өсчээ. Худалдан авах нь 1732, зарах нь 1734 төгрөг болсныг ханшийн самбараас харсан хүмүүс хэд хоногтоо больё доо гэсээр гарч явж байлаа.

Харин ченжүүд “Уг нь валют худалдан авъя гэсэн хүмүүс цөөнгүй л ирэх юм. Даанч валют ховор байна. Бид одоо бараг зарах валютгүй, худалдаж аваад л сууж байна шүү дээ. Монголбанк валютын дуудлага худалдаанд оролцохгүй байна. Зах зээлд эрэлт нь байгаа ч нийлүүлэлт нь алга. Уг нь жил бүрийн цагаан сараар эрэлт буурчихдаг. Энэ жил харин гайгүй байна. Гэвч хясч байгаа юм шиг бидэнд зарах валют нь алга байна шүү дээ” хэмээн халаглаж байв. Зарим нь бүр “Монголбанк зах зээлд валют нийлүүлж байна л гэдэг. Тэр нь бидэнд бараг мэдрэгддэггүй.

Тэдний нийлүүлсэн валют арилжааны банкуудын эрэлт нийлүүлэлтийг л тэнцвэржүүлдэг байх. Яагаад гэвэл, арилжааны банкууд Монголбанкнаас худалдан авсан валютаа өөрсдөө худалддаг. Тэдний худалддаг үнэ биднийхээс нэг их дутахгүй учраас бид тэндээс худалдаж авна гэдэг үлгэр. Монголбанкнаас арилжааны банкууд руу, арилжааны банкнаас иргэнд, иргэний гараас хил дав-даг. Ийм л зарчим валютын зах зээлд хэрэгжээд байна” гэж байв. Нээрээ ч хэсэг хугацаанд ажиглаж зогсоход, их хэмжээний рубль, ам.доллар асуусан хүмүүс орж ирэхэд тийм ихээрээ байхгүй төд л байна гэсээр үйлчлүүлэгчээ гаргаж алдаж байлаа. Харин ченжүүд “Одоо ханш буурна гэж хүлээх хэрэггүй л болов уу. Цаашид өсөх хандлага ажиглагдаж байгаа. Нийлүүлэлт муу байгаа учраас” хэмээн тайлбарлаж байв.

Б.Ганцэцэг: Валютын ханш нэлээн өсчээ

Тэнд үйлчлүүлж явсан Б.Ганцэцэгээс цөөн зүйл сонирхсон юм.

-Та түрүүнээс хойш энэ хэдэн мухлагаар бүгдээр нь бараг орлоо. Валют худалдан авах гэж байгаа бололтой?

-Тийм ээ. АНУ-д суралцаж байгаа хүүхэд маань саяхан аав болсон юм аа. Хүүхэд нь тэнд төрсөн. Хүний нутагт нялх хүүхэдтэй, оюутан улсуудад мөнгө хэрэгтэй л байгаа байлгүй гэж бодоод хэдэн ам.доллар авч явуулах гэсэн юм.

-Та хэдэн төгрөгөөр ам.доллар худалдаж авах гэж байгаа юм. Ханш нь ямархуу байна?

-Нэг их биш ээ. 1.5 сая төгрөг солиулах гэсэн юм. Ханш нь их өссөн байна. Би хүү рүүгээ байсхийгээд л хэдэн ам.доллар явуулдаг. Сүүлд хэзээ ирлээ дээ. Тэр үеийнхээс нэлээн өсчээ. Нэг ирэхэд л нэлээн хэдэн төгрөгөөр өсчихсөн байх юм. Бууна гэж үгүй юм шив дээ.

-Яагаад өсөөд байгаа гэж бодож байна?

-Мэргэжлийн хүн биш учраас нарийн зүйлийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ нийлүүлэлт муу байгаа юм шиг санагдлаа. Би хоёр ч газраар орлоо. Байхгүй л гээд байна. Гурав дахь мухлагт нь азаар байлаа. Нийлүүлэлт нь ийм муу байхаар эд ч бас валютын үнээ өсгөх нь аргагүй биз дээ. Онцын шаардлагагүй бол хэдэн өдөр харзанамаар л байлаа. Даанч яаралтай явуулах хэрэг гарчихаад солиулчихлаа.

Шинэ жилээс хойш буурахаасаа илүү өсөж их байлаа

Урд хөрш руу бараандаа явахаар юань худалдан авч буй Б.Цэцэгмаагаас ханш хэрхэн хэлбэлзэж буйг сонирхлоо. Тэрбээр сард нэг удаа урдаас бараагаа татдаг учраас юанийн хэлбэлзлийг сайн мэдэх аж.

-Та хэр их юань авах гэж байгаа юм. Юань байна уу?

-Ойролцоогоор 4.6 сая төгрөгөөр юань авах бодолтой байна. Бусад валют хомсдолтой л байх шиг байна. Юань бол байна. Гэхдээ ид өсдөг цагаан сарын өмнөх үеийнхээс ч илүү үнэтэй байна.

-Та хэр давтамжтайгаар энүүгээр үйлчлүүлдэг вэ?

-Ер нь сардаа нэг удаа ирнэ. Цагаан сараас нэлээн хэд хоногийн өмнө бараагаа татчихсан чинь одоо зах нээгдэхээр лангуу маань хоосон болчихоод байна. Зах нээгдэхээс өмнө бараагаа татахгүй бол лангуу хоосрох тусмаа орлого зогсчихдог юм.

-Ер нь юанийн үнийн өсөлт хэдийгээс эрчимтэй өсч байна. Танд хэрхэн мэдрэгдэж байна?

-Угаасаа ам.долларын ханш өссөн тэр цагаас хойш л юань өссөн. Гэхдээ шинэ жилээс хойш эрс мэдрэгдэж байна. Олон баяр ёслол ойр ойрхон тохиохоор валютын ханшийг яах аргагүй хөөрөгдчихдөг юм. Гэхдээ өсч байсан ч баяр өнгөрөөд буучихдаг. Тэр тусмаа цагаан сарын дараа нэлээн буурдаг шүү дээ. Гэтэл энэ жил улам л өсөөд байх шинжтэй.

Зураг