Д.Оюунхорол Завханд, М.Сономпил Улаанбаатарт
УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ямар ажил амжуулж байгааг нь сонирхохоор утас цохисон юм. Б.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж, С.Дэмбэрэл нар утасны дуудлагандаа ч хариу өгөх завгүй явсан уу, эсвэл амралтын цагаас нь хумсалж элдэв зүйл асуух нь хэмээн төвөгшөөсөн үү хариу өгсөнгүй.
Харин Увсын хоёр гишүүн Ч.Хурэлбаатар, Б. Чойжилсүрэнгийн аль алиных нь утас салгаатай байхыг бодвол тойрог руугаа явсан байж мэдэх юм. УИХ-ын дэд дарга Л.Цог гадаадад яваа бололтой. Утсаа мессеж роуминг үйлчилгээнд идэвхжүүлсэн байлаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хуралтай завгүй байгаа тул эргээд залгая хэмээн эелдэгхэн мессеж нисгээд таг болсон. Энэ мэтээр олон хүний утас руу залгасан ч Д.Оюунхорол, М.Сономпил нартай л холбогдож чадлаа.
Тойрогтоо ажиллаж байна
-Чуулган завсарласан цаг хугацаанд амжиж тойрогтоо ажиллах нь төрийн түшээ хүний хувьд нэн хариуцлагатай чухал ажил. Сонгогчидтойгоо уулзаад, санал бодлыг нь сонсоод явж байхдаа энэ зон олныг төлөөлөн Их хурлын гишүүнээр ажиллаж байгаагийн утга учраа илүү мэдэрдэг.
Төрийн бодлого тодорхойлолцож яваа хүн түмэн олны санал бодол, амьдрал ахуй дээр л үндэслэж асуудалд ханддаг зарчимтай.
Тиймээс чуулган завсарлахад амраад гадагшаа дотогшоо явах биш, сонгогч олныхоо дунд орж ажиллахыг л эрхэмлэдэг дээ. Тэр ч утгаараа тойрогтоо ажиллаж, нутгийн иргэдийнхээ ажил байдалтай танилцаж байна. Энэ ажлаа дуусгаад, хуулийн төслүүд дээр суухаар төлөвлөсөн. ТУхайлбал, Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл дээр ажиллана. Мөн Гэр бүлийн тухай хууль байна.
Хөдөө ажиллаад ирлээ, удахгүй дахиад явна
-Эрчим хүчний яам 2014 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зарим компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Тухайлбал, ТЭЦ-3, ТЭЦ4 болон “Амгалан” дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан.
Энэ онд “Амгалан” дулааны станцын 300 Гкал/ц, Дулааны III цахилгаан станцын 100, Дулааны IV станцын 188 Гкал/цагийн эх үүсвэрийг ашиглалтад оруулах ёстой.
Тэгэхээр энэ онд нийт 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад орно гэсэн үг.Мөн намрын чуулган завсарласнаас хойш зүүн гурван аймаг болон Увсад ажиллаад ирлээ.
Ирэх долоо хоногт Баянхонгор аймгийн гурван сум эрчим хүчинд холбогдоно. Энэхүү ажлын нээлтэд оролдоно. Түүнээс гадна Засгийн газрын хуралдаандаа суугаад явж байна даа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!