УИХ-ын чуулган завсарлаж, гишүүд “амралтаа авлаа”. Завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, хууль сурталчлах уургийг хүлээдэг.
УИХ-ын эрхэм гишүүдэд ээлжийн амралт гэж албан ёсоор байдаггүй учир тэд завсарлагааны дундуур алба амины ажлаа хослуулж амжуулдаг.
Харин энэ намрын чуулганы завсарлагаагаар гишүүд ямар ажил амжуулахаар зорьж байгааг нь сонирхлоо.

Д.Батцогт: Гуравдугаар сард тойрогтоо ажиллана
Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо чуулганы завсарлагаанаар хийх ажлын жагсаалтаа баталсан.
Үүний дагуу хийх ажил их байна.
Тухайлбал, байнгын хорооны харьяа яамд, салбар байгууллагуудтай танилцах, үйл ажиллагаатай танилцах гээд олон ажлын жагсаалт гаргасан.
Гуравдугаар сарын эхээр Ховд аймаг буюу тойрогтоо очиж ажиллахаар төлөвлөсөн.
Тойргийнхоо бүх сумдаар явж ажиллана.
Н.Батцэрэг: Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачилна
Чуулган завсарласан ч ажлын хэсгүүдийн хуралдаан, зарим хуулийн төслүүд дээр ажиллана. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт гаргах, Ухаалаг төр рүү шилжих талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд дэмжин эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээний төсөл боловсруулж байгаа.
Мөн энэ талаар байнгын хорооны 2014 оны жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулах, гурван гишүүнтэй хамтран Монгол хэлний тухай хуулийн төсөл санаачлах гээд олон ажил төлөвлөж байна. Чуулган завсарлагаанаар завгүй л ажиллахаар байна.
Р.Бурмаа: Өргөдлийн байнгын хороо байнга ажиллана
Чуулганы завсарлагаанаар Сонгуулийн тухай нэгдсэн хууль, Улстөрийн санхүүжилтийн тухай хууль, Нээлттэй хэлэлцүүлгийн тухай гэсэн гурван хуульд дээр ажиллаж байна. Дээрээс нь ажлын хэсгийн хуралдаанууд байгаа
Үүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны хэд хэдэн ажлын хэсгийн хуралдаан байгаа. Түүнд оролцоно. Мөн Өргөдлийн байнгын хороо байнгын ажиллагаатай байдаг учраас манай байнгын хорооны ажил үргэлжлээд явна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!