УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд ямар ажил хийхээр төлөвлөснийг хүргэе.
Х.Болорчулуун: Гуравдугаар cap хүртэл тойрогтоо ажиллана
Би тойрогтоо ажиллаж эхэлж байна. Ер нь ирэх cap хүртэл Дорнодод ажиллана. Ингэхдээ аймгийнхаа бүх сумаар орж иргэд сонгогчидтойгоо уулзана. Иргэдийн саналыг сонсохын зэрэгцээ, УИХ-аар батлагдсан хуулийн төслүүдийн талаархи мэдээллийг өгнө.
Би Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байгаа. Энэ хуулийг намрын чуулганаар батлах байсан ч амжаагүй.
Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийг батлахад бэлэн болгосон. Ээлжит бус чуулганаар батлах уу, эсвэл хаврын чуулганаар хамгийн эхний асуудал болгож хэлэлцэх үү гэдэг нь УИХ-ын асуудал юм.
А.Бакей: Ажлын хэсгийн шугамаар Испани явна
Миний хувьд хийх ажил их байна даа. Юун түрүүнд Эрүүл мэндийн болон боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалгаа хийж байна.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гарсан Шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын баримт, хуулийн төслийн хэрэгжилтийн талаархи ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Энэ хүрээнд зарим ШУА-ийн хүрээлэнгийн ажилтай танилцсан.
Малын индексжүүлсэн даатгалын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ ажлын хэсгийг бас ахлан ажиллаж байна. Ажлын хэсгийн хүрээнд энэ сарын 20-нд Испани улсад ажиллаж, малын давхар даатгалын төслийн талаар судалгааны ажилтай танилцана. Үүний дараа гуравдугаар сарын 5-нд “Бүргэдийн баяр” болно.
Үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс гуравдугаар сарын 3-нд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ ажлуудаа дуусгаад, Баян-Өлгий аймаг руу тойрогтоо очиж ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!