Исландын ард иргэд Европын Холбоонд нэгдэх эсэхээ санал хураалтаар шийдэх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Исланд улсын ард иргэд 13 жилийн өмнө зогссон Европын Холбоонд гишүүнээр элсэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээ бүх нийтийн санал асуулгаар шийдэх гэж байна.

Сүүлийн үеийн судалгаанууд “Тийм”, “Үгүй” гэсэн сонголтууд тун ойролцоо хувьтай байгааг харуулсан. Тухайлбал хамгийн сүүлийн судалгаагаар “Үгүй” буюу эсэргүүцэгчид 51.6 хувийг эзэлж байсан бол өмнөх судалгаагаар “Тийм” буюу дэмжигчид илүү хувьтай гарч байв.

Санал хураалт Бямба гарагийн 09:00-22:00 цагийн хооронд явагдах бөгөөд үр дүн нь Ням гарагийн өглөө гарах төлөвтэй байна.

Санал хураалтын хуудсанд “Исланд улс Европын Холбоонд элсэх ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?” гэсэн ганц асуулт бий.

400,000 хүрэхгүй хүн амтай тус улс олон жилийн өмнө Европын Холбоонд элсэх үйл явцыг эхлүүлж, зах зээлээ нээж, Шенгений гэрээнд нэгдсэн ч жинхэнэ гишүүн болж амжилгүй 2013 онд завсарласан юм.

Үүнд тохиролцох ёстой 35 асуудлаас 27-ынх нь яриа хэлэлцээ эхэлсэн, 11 нь үндсэндээ дууссан байгаа.

Хэрвээ санал хураалтаар “Тийм” хөдөлгөөн ялалт байгуулбал уг яриа хэлэлцээ үргэлжлэх ёстой. Дараа нь бүрэн тохиролцсон гэрээг батлах эсэх асуудлаар дахин нэг бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдана. Үүний дараа парламент нь баталж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм.

Эдгээрийн дараа Европын Холбооны гишүүн 27 улсын бүрэн дэмжлэгээр Исланд улс шинэ гишүүн болох ёстой.

Исландын хувьд 1944 онд Дани улсаас салж, тусгаар тогтнож байсан. Загас агнуур, далай тэнгисийн үйлдвэрлэл нийт экспортынх нь 40 орчим хувийг бүрдүүлдэг.

Эсэргүүцэгчид Исланд улс өөрийн арлын орчмын усанд загас агнуур явуулах эрхээ бусад орнуудад алдахаас болгоомжилж байгаа.

Европын Холбоонд элсэхэд тулгарч буй гол саад бэрхшээл нь энэ юм.

Нөгөө талаар нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог ч 5.6 хувьд хүрсэн инфляц, үнийн өсөлт тус улсын эдийн засгийг боомилж буй тул Европын Холбоонд нэгдэх шаардлага байгаа.

Бас Трампын засаг захиргаа хөрш Гринланд арлыг булаахаар заналхийлэх болсон нь Исландын ард иргэдийн санааг зовоож байгаа юм.

 

Эх сурвалж: BBC