Израилийн арми Ливанд халдсаны улмаас Иран улс Ормузын хоолойг дахин хааж, гал зогсоох тохиролцоонд аюул тулгарав
Израилийн арми Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг томоохон агаарын цохилт явуулсны улмаас Иран улс өчигдөр Ормузын хоолойг дахин хаажээ.
Ингэснээр нэг сар гаруй хугацаанд үргэлжилсэн дайны галыг зогсоох АНУ, Ираны тохиролцоо үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж байна.
Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп арван дөрөв хоног гал зогсоох тохиролцоонд хүрсэн тул Иран улс Ормузын хоолойг нээхээр болсныг зарласан билээ.
Харин Израилийн эрх баригчид энэ тохиролцоонд Ливанд явуулж буй байлдааны ажиллагаа нь хамаарахгүй гэж үзэж байна.
“Ливанд халдах нь Иранд халдсанаас ялгаагүй” гэж Ираны Хувьсгалт Гвардын агаарын хүчний командлагч, генерал Сейед Мажид Мусави сошиал хуудсаараа мэдэгдээд Израилийн эсрэг хүчтэй хариу арга хэмжээ авахаар бэлдэж байгаагаа анхааруулжээ.
Хэдийгээр дайтагч талууд тохиролцоонд хүрсэн гэж байгаа ч өгч буй мэдээлэл нь хоорондоо нэлээд зөрүүтэй байна.
Тухайлбал Пентагоны тэргүүн Пит Хэгсэт энэ дайнд АНУ, Израиль улсууд ялалт байгуулсан, Иран улс дахин АНУ болон бүс нутгийн орнуудад аюул занал учруулахаа больсон гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ираны тал өөрийн санал болгосон нөхцөлийг АНУ, Израилийн талуудаар албадан хүлээн зөвшөөрүүлснээ зарласан байна.
Бас Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудаас төлбөр хураамж авах шинэ практикийг албан ёсны болгож байгааг мэдэгджээ.
Талуудын хооронд зуучилсан Пакистаны эрх баригчид гал зогсоох тохиролцоонд Ливанд явуулж буй Израилийн байлдааны ажиллагаа хамаарахыг мэдэгдсэн ч ийнхүү хэдхэн цагийн дараа зөрчигдсөн байна.
Трамп бас Ираны баяжуулсан ураныг хураахаар тохиролцсоныг зарласан ч Тегераны эрх баригчид үүнийг нь батлаагүй юм.
Гал зогсоох шийдвэрийг зарласны дараа Тегераны гудамжинд Ираны дэглэмийг дэмжигчид “Америкт үхэл, Израильд үхэл, буулт хийгчдэд үхэл!” хэмээн хашхирч, АНУ, Израилийн далбаануудыг шатааж байлаа.
Эндээс харвал хатуу чиг шугам баримтлагчид дайныг зогсоох тохиролцоонд хүрснийг эсэргүүцэж байгаа бололтой.
Пакистаны эрх баригчид дайныг бүрмөсөн зогсоох яриа хэлэлцээ Баасан гарагт Исламабад хотод эхлэхийг мэдэгджээ. Уг уулзалтад оролцох АНУ-ын төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ахлах сурагтай байна.
Ямартай ч гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай мэдээ дэлхий даяар хөрөнгийн зах зээлүүдийг сэргээж, баррель түүхийн газрын тосны үнийг $90 хүртэл унагасан юм.
Дайны турш 1,900 гаруй хүн амь үрэгдсэнийг Ираны эрх баригчид гуравдугаар сарын сүүлээр мэдээлснээсээ хойш энэ тоог дахин шинэчлээгүй байна.
Ираны холбоотон Хезболла зэвсэгт бүлэглэлийг орогнуулдаг Ливан улсад 1,500 гаруй хүн амиа алдаж, нэг сая орчим хүн орон гэрээсээ дүрвэжээ. Хезболлагийн хариу цохилт болон Ираны халдлагад Израилийн армийн 11 цэрэг амь үрэгдсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Персийн булангийн орнууд болон Израильд эзлэгдсэн Палестины нутаг Баруун Эрэгт нийтдээ хорь гаруй хүний амь үрэгдсэн бол АНУ-ын зэвсэгт хүчин 13 алба хаагчаа алджээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
