ЭМГЭНЭЛ: Хатагин Готовын Аким (1942-2026)
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, дуун хөрвүүлэгч, их гүүш Хатагин Готовын Аким 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, Монголын ном соёлын салбарт хүнд гарз тохиолоо.
Хатагин овогт Готовын Аким 1942 онд Дорнод аймгийн Матад сумын Тэмээт гэдэг газар дунд сургуулийн багш Готовын хүү болж төржээ.
Монголын эрдэм соёлын хүндэт хүмүүн Го.Аким бээр:
- 1961-1966 онд Улсын Багшийн дээд сургуульд суралцан Орос хэл, утга зохиолын ангийг төгсгөж;
- 1966-1969 онд УБДС-д Орос хэлний найруулга зүй, орчуулгын онол, утга зохиолын багш;
- 1969-1990 онд "Энх тайван, социализмын асуудал" сэтгүүлд орчуулагч, ахлах редактор;
- 1990-1991 онд Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сонин сэтгүүлийн ерөнхий эрхлэгч;
- 1991-1999 онд Өөрийн санаачилсан “Ил товчоо” сонины ерөнхий эрхлэгч;
- 2000-2005 онд "Соёл эрдэм" дээд сургуулийн гүйцэтгэх захирал, тэнхимийн эрхлэгч;
- 2004-2010 онд Монголын Үндэсний Номын Сангийн захирал;
- 2011 онд Хятадын Баруун хойд үндэстний их сургуульд зочин профессороор уригдан тус тус ажиллаж байв.
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, орчуулагч хатагин Го.Аким хамгийн сүүлд 2025 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчооны “нууцлагдсан” газар усны товчоон” номынхоо танилцуулгад өөрөө бичсэнээр “Ер бичиж, орчуулсан ном нийтдээ 103 болно” гэжээ. Түүний ном бүтээлээс өгүүлэхэд:
- 1969 он: А.Франс “Ундаассан бурхад” роман (орчуулга)
- 1970 он: А.Толстой “Сайхан хатагтай” тууж (орчуулга)
- 1972 он: А.Толмачев “Калинин” суут хүмүүсийн амьдрал цуврал (орчуулга)
- 1974 он: А.Рыбаков “Корошийн зуны тэмдэглэл” (орчуулга)
- 1982, 1999 он: “Монгол өвөрмөц хэлцийн толь”
- 1983 он: Александр Грин “Аранзал даруулт хөлөг” (орчуулга)
- 1984 он: “Орчуулгын санг уудлахад”
- 1985 он: “Монгол-орос, орос-монгол өвөрмөц хэлцийн толь”
- 1985 он: Ю.Олеша “Гурван бүдүүн” үлгэр роман (орчуулга)
- 1985 он: Э.Бронхёэ “Өшөө авагч” түүхэн туужууд (орчуулга)
- 1987, 1988, 1989 он: “Орчуулах эрдэм”
- 1989 он: Чингиз Айтматов “Цаазын тавцан” (орчуулга)
- 1989, 2007, 2015, 2019 он: Г.Г.Маркес “Зуун жилийн ганцаардал” (орчуулга)
- 1990 он: “Билгүүн номч Бямбын Ринчен” (эмхэтгэл)
- 1991 он: Б.Ринчен “Марк Твений минь махы нь идэж дээ” орчуулгын тухай (эмхэтгэл)
- 1992, 2007 он: Лев Гумилев “Хар домог” (орчуулга)
- 1995 он: “Цэцэн билгийн сувд эрих” англи-монгол, монгол-англи зүйр цэцэн үгийн толь
- 1997 он: “Диваажинд очихын хувь” Зава Дамдины 130 жилийн ойд зориулсан эмхэтгэл
- 1999 он: “Хэлмэгдсэн заяа 12”
- 2000, 2008, 2011, 2019 он: “Тэнгэрийн нохой” роман: Хөх Монголын хөх чонын тухай үнэн ба домог
- 2000 он: Р.А.Рупен “Хорьдугаар зууны монголчууд” (орчуулга)
- 2001 он: “Монгол зүйр цэцэн үгийн тайлбар толь”
- 2001, 2011 он: Жеймс Чемберс “Чингис хаан” (орчуулга)
- 2002 он: “Егүүтгэгдсэн заяа”
- 2003 он: “Бурхны шашны монгол-англи, англи монгол толь”
- 2003 он: “Сэтгэлийн тахилгат уул буюу Хатагины ойллогын арван гурван овоонд өргөсөн арван гурван чулуу хэмээх Оршил, төгсгөл бүхий арван гурван бүлэг нутгийн ном оршвой”
- 2004 он: “Хамбын овооны яс юу өгүүлнэ вэ?”
- 2006 он: Бусад орчуулагчдын хамт “Оксфордын Англи-Монгол толь бичиг” Монсудар
- 2006 он: Бусад орчуулагчдын хамт “Бодь мөрийн зэрэг”
- 2008, 2010 он: “Хөрстөд ганц Чингис хаан буюу Хөх монголчуудын өлзий учрал” Чингис богдын ертөнцийг үзэх үзлийг өгүүлэхүй
- 2010 он: Бусад орчуулагчдын хамт “Англи цагаан толгой”
- 2010 он: “Хагарахаараа мөнхрөхийн гүн ухаан”
- 2012 он: “Туульс хайлдаг уулс I”
- 2013 он: Рашид-Ад-Дин “Шашдирын чуулган I” (орчуулга)
- 2013 он: Рашид-Ад-Дин “Шашдирын чуулган II” (орчуулга)
- 2013 он: Рашид-Ад-Дин “Шашдирын чуулган III” (орчуулга)
- 2015 он: “Авралын орон Эргүнэ гүн үлгэр хэлэв үү, шашдир хүүрнэв үү”
- 2015 он: “Чингисийн билиг” (монгол, англи хэлээр)
- 2015 он: “Эргэсэн хасын нууц буюу Эзэн Чингисийн сүлдний учиг”
- 2015 он: “Атилла хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр” (монгол, англи, мажар хэлээр)
- 2017 он: “Тэмээ эвэртэй байсан уу”
- 2017 он: “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “Тэнгэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй”
- 2018 он: “Зосон зургийн хойноос "жаран" голыг гэтэлсэн аян” түүхийг бүдгэрснийг тодлохуй-5
- 2018 он: “Утга зохиолын судлал шинжлэлийн өгүүллүүд: Дуун хөрвүүлэг”
- 2019 он: “Туульс хайлдаг уулс II”
- 2019 он: “Дархад бөөгийн онгод тэнгэрээс тамлагаан дуудна уу”
- 2019 он: “Хөшөө, хаднаа үлдсэн ханз үсгийн дурсгал”
- 2020 он: “Чулуун “хуудас”-наа мөнхөлсөн Чингисийн игээлт бичиг”
- 2022 он: Б.Содномдаржаагийн хамт “Төрийн тахилгатай уулсын үзэсгэлэн”
- 2022 он: “Янгир бөхтэй байсан уу?”
- 2024 он: “Чингисийн билиг оршивой”
- 2024 он: “Монгол” Н.Нямдоржийн хэвлэгдээгүй шүлгүүд
- 2025 он: “Монголын нууц товчооны "нууцлагдсан" газар усны товчоон” зэрэг олон арван ном бүтээлээс гадна өгүүлэл, нийтлэл туурвин олны хүртээл болгосон юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Б.Ринчений нэрэмжит шагналт, Монголын орчуулагчдын эвлэлийн шагналт, Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн "Утга зохиолын төлөө" шагналтан, АНУ-ын Сан Франциско хотод төвтэй Дэлхийн соёл урлагийн академийн байнгын гишүүн, уг академийн Утга зохиолын доктор (Doctor of Literature) Го.Аким Монголын томоохон сэхээтэн, соён гэгээрүүлэгч, цэцэн билигт гүүш, цогтой эх оронч, цуцалтгүй туурвин бүтээгч байв.
Бичгийн их хүмүүн хатагин Готовын Акимын хурц билиг авьяас, нөхөрсөг цагаан араншин, нөр хичээнгүй үйлс Монголын бичиг ном, эрдэм соёлын ертөнцөд гүн гүнзгий, өргөн уужим орон зайгаа үүрд эзлэн, мөнхрөн үлдэх болно. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, хатагин зон, нутгийн олон, номын садан нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

