Лукашенко автомат буу, Ким Жон Ун гоёлын сэлэм харилцан нэг нэгэндээ бэлэглэжээ
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Пёнян хотноо хоёр улсын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үеэрээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд өөрийн үйлдвэрийн автомат бууг бэлэглэсэн байна.
Украины эсрэг Оросын явуулж буй эзлэн түрэмгийлэх дайныг гол дэмжигч хоёр улсын тэргүүн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Өрнөдийн дарамт шахалтын эсрэг хамтран тэмцэхээр тохиролцжээ.
Беларусийн төв хэвлэлийн мэдээлснээр Лукашенко автомат буу бэлэглэхдээ “дайснууд үзэгдвэл хэрэглээрэй” гэж хошигносон байна.
Хариуд нь Ким Жон Ун түүнд гоёлын сэлэм, Лукашенкогийн өөрийнх нь хөрөгтэй ваар бэлэглэжээ.
“Би найз нөхрийн хувьд, энэ дэлхий дээр илүү удаан амьдарч, их зүйл үзсэн хүнийхээ хувьд танд нэг зүйлийг баттай хэлж чадна. Ийм хөдөлмөрч, сахилга баттай ард түмэнтэй танай улсыг аугаа ирээдүй хүлээж байна” гэж Лукашенко хэлснийг Беларусийн төв хэвлэл мэдээлсэн юм.
“Олон улсын эрх зүйн хэм хэмжээг их гүрнүүд илт үл тоомсорлож, зөрчиж байгаа энэ үед улс орнууд бүрэн эрхээ хамгаалах, иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангахын тулд хамтран ажиллах шаардлагатай” гэж тэр цааш нь хэлжээ.
Лукашенко, Ким Жон Ун нар хөдөө аж ахуйгаас эхлээд хэвлэл мэдээлэл, нийтийн эрүүл мэнд гээд олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсоныг Умард Солонгосын төв хэвлэл мэдээлсэн байна.
Хоёр улсын аль аль нь хүний суурь эрхийг зөрчдөг, Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайныг дэмждэг үндэслэлээр Өрнөдийн орнуудын хатуу хориг арга хэмжээгээр шийтгүүлээд байгаа.
Үүнээс гадна Умард Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хориг арга хэмжээгээр шийтгүүлж байв.
Тус улс 10,000 гаруй цэргээ Оросын талд тулалдуулахаар илгээснээс гадна их хэмжээний зэр зэвсэг нийлүүлсэн гэгдэж байгаа.
Беларусь улс өөрийн нутаг дэвсгэрийг Украины эсрэг дайнд ашиглуулдаг хэмээн буруутгагддаг юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

