Их Британи улс “Кремлийн бодлогыг дэмжигч” 85 хувь хүн, аж ахуйн нэгжийг хориг арга хэмжээгээр шийтгэлээ

Т.Давааням, ikon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британи улсын засгийн газар гадаад орнууд дахь Кремлийн суртал нэвтрүүлгийг таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Оростой холбоотой 85 хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа Даваа гарагт зарлажээ.

Үүнд Украины хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргаж, Кремлийн үзэл суртлаар хүмүүжүүлэх үйл ажиллагаанд оролцсон 29 хувь хүн, байгууллага багтсан байна.

Их Британийн гадаад хэргийн яамны мэдээлснээр Украинаас 20,000 орчим хүүхдийг ийм зорилгоор Орос болон түүний эзэлсэн нутаг дэвсгэрт шилжүүлсэн гэнэ.

Үүнээс гадна Кремлийн суртал нэвтрүүлгийг гадаад орнуудад түгээх үйл ажиллагаа явуулдаг 56 хувь хүн, байгууллагыг хоригоор шийтгэжээ.

Тус улсын гадаад хэргийн сайд Иветт Купер “Путин гадаад орнуудад худал хуурмаг мэдээлэл, Кремлийн суртал нэвтрүүлгийг тарааж байгааг хараад Их Британи зүгээр суухгүй. Өнөөдрийн хориг арга хэмжээ нь Орос улс Украины хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргаж, боловсруулах замаар Украины ардчилал, ирээдүйг сүйтгэх оролдлогыг илчлэх, таслан зогсоох хүчтэй алхам юм. Украинд үзүүлж буй Их Британийн дэмжлэг гуйвшгүй хэвээр бөгөөд бид холбоотнуудтайгаа хамтран ажиллаж, гэр орноос нь харгис хэрцгийгээр булаан авсан хүүхдүүдийг олж тогтоох, мөрдөх, буцаан авчрах бүхий л хүчин чармайлтыг дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.

Хориг арга хэмжээнд Social Design Agency (SDA) нэртэй байгууллагад ажилладаг 49 хувь хүн багтжээ.

Оросын засгийн газраас санхүүждэг уг байгууллага олон улсад Украины дэмжлэгийг сулруулах сөрөг мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тухайлбал энэ байгууллага Арменийн парламентын сонгуульд нөлөөлөх замаар Оросын талыг баримтлагчдыг эрх мэдэлд хүргэх кампанит ажил төлөвлөж байжээ.

Түүнчлэн энэ удаагийн хоригт Оросын дэмжлэгтэй Украинаас салан тусгаарласан Луганск Ард Улс гэгчийн залуучуудын бодлогын сайд Юлия Сергеевна Величког нэрлэсэн байна.

Тэрбээр Украины хүүхдүүдийг эх орноос нь албадан гаргах, сургах Оросын засгийн газрын хөтөлбөртэй холбоотой хүн гэнэ.

Хоригийн жагсаалтад Украины хүүхдүүдийг сургах зорилготой Залуусын Эх Оронч Боловсрол, Цэрэгжилт Спортын Төв хэмээх байгууллага бас багтжээ.

Хориг арга хэмжээтэй зэрэгцэн Их Британийн засгийн газар Украины хулгайлагдсан хүүхдүүдийг илрүүлэх, буцаах зорилготой Verification Centre and Tracing Mechanism хөтөлбөрт 1.2 сая фунт стерлингийн нэмэлт санхүүжилтийг баталсан байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский авсан хориг арга хэмжээнийх нь төлөө Их Британийн засгийн газарт талархал илэрхийлжээ.

“Бид Украины бүх хүүхдүүдийг гэрт нь авчрах, уг гэмт хэргийн ард байгаа бүх хүмүүст хариуцлага хүлээлгэхийн тулд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press