Дональд Трамп долларын дэвсгэрт дээр гарын үсгээ хэвлүүлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч болох гэж байна
АНУ-ын сангийн яам шинээр хэвлэгдэх бүх долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсгийг хэвлэх гэж байгаагаа өчигдөр зарлажээ.
Долларын дэвсгэрт дээр зөвхөн сангийн сайдын гарын үсэг хэвлэгддэг уламжлалыг Трамп ийнхүү эвдэж, АНУ-ын түүхэнд анхны ингэсэн ерөнхийлөгч болж байна.
Түүхэнд нэрээ мөнхлөм үлдээх гэсэн Трампын олон оролдлогын сүүлийнх нь энэ юм.
Тэрбээр өмнө нь АНУ-ын Энх Тайвны Хүрээлэн, Кеннедийн соёл урлагийн төвийг өөрийн нэрээр нэрлэснээс гадна байлдааны хөлөг онгоцны шинэ ангилалд бас өөрийн нэрийг шингээж байв.
Энэ сарын эхээр холбооны урлагийн зөвлөл Трампын дүртэй 24 каратын дурсгалын алтан зоосны загварыг баталсан. Уг зоос ирэх долдугаар сарын 4-ний өдөр тохиох Америкийн 250 жилийн ойд зориулагдах юм.
Шинэ дэвсгэртүүд дээр Трампын гарын үсгийг хэвлэх төлөвлөгөө нь бас 250 жилийн түүхт ойг тохиолдуулсан шийдвэр болохыг сангийн яам тайлбарлажээ.
Трампын гарын үсэгтэй зэрэгцэн сангийн сайд Скотт Бессентийн гарын үсэг хэвлэгдэх юм байна.
“Манай аугаа улсын түүхэн ололт амжилтыг хүлээн зөвшөөрөх үүнээс илүү дээр арга байхгүй” гэж Бессент гаргасан шийдвэрээ тайлбарлажээ.
Ардчилсан Намынхан америкчуудын амьжиргааны өртөг нэмэгдэж, бензин шатахууны үнэ өсөж байгаа хүнд үед ийм шийдвэр гаргасныг шүүмжилж байна.
Тухайлбал тус намын Конгрессын гишүүн Шонтел Браун дээрх төлөвлөгөөг “ёс зүйгүй, Америк бус” гэж дүгнээд “гэхдээ энэ нь ядаж бензин шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн хариуцлагыг хэнээс нэхэхийг бидэнд сануулж байх ач холбогдолтой юм” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

