Япон улс Ойрх Дорнодын дайнтай холбоотой эрчим хүчний хямралыг намжаахын тулд нүүрсний хоригоо түр цуцална
Япон улс Ойрх Дорнодын дайнтай холбоотой үүссэн эрчим хүчний хямралыг намжаахын тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хязгаарлалтыг түр цуцлахаар төлөвлөж байгааг Токиогийн албаны эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ.
“Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдал түлшний үнэ ханшид нөлөөлж байгаагийн улмаас шингэрүүлсэн байгалийн хийн цаашдын нийлүүлэлтэд тодорхойгүй байдал үүсээд байна. Тиймээс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын үйл ажиллагааг нэмэгдүүлэх замаар хангамжийн найдвартай байдлыг хангах шаардлагатай гэж бид үзсэн” гэж тус улсын аж үйлдвэрийн яамны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Байгаль орчныг бохирдуулдаг шалтгаанаар Япон улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг хүчин чадлынх нь 50 хувиас хэтрүүлэхгүй байх шаардлага хэрэгжүүлж байсан юм.
Тэгвэл шинэ төлөвлөгөөний дагуу ирэх сараас буюу шинэ санхүүгийн жилээс эхлэн хуучин станцуудаа нэг жилийн хугацаанд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахаар болжээ.
Япон улс нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 орчим хувийг дулааны станцуудаар үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийн 30 орчим хувийг нүүрсээр ажиллуулдаг.
Өөр нэг 30 хувийг шингэрүүлсэн байгалийн хийгээр, долоон хувийг газрын тосоор ажиллуулдаг байна.
Нүүрсний хэрэглээг нэмэгдүүлснээр 500,000 тонн шингэрүүлсэн хий хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.
Гэхдээ нөгөө талаар 2030 он хүртэл үр ашиггүй нүүрсний цахилгаан станцуудаа аажмаар хаах Японы засгийн газрын төлөвлөгөө биелэхгүй болох эрсдэл нэмэгдэж байна.
Ойрх Дорнодын дайны улмаас Иран улс Ормузын хоолойг хаасан нь Азийн олон орны эдийн засагт хүнд цохилт болоод байгаа.
Өмнөд Солонгосын засгийн газар бас нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудынхаа хязгаарлалтыг цуцалж, цөмийн цахилгаан станцуудынхаа үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсон.
Филиппин улс мөн ижил арга хэмжээ авах төлөвлөгөөг зарласан юм.
Япон улс газрын тосны дэлхийн тав дахь том импортлогч бөгөөд үүнийхээ 90 гаруй хувийг Ойрх Дорнодоос авдаг.
Шингэрүүлсэн хийн импортын 10 орчим хувь нь мөн тус бүс нутгаас нийлүүлэгддэг байна.
Япон улс нүүрсний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг Австрали, Индонез улсуудаас авдаг. Тус улс газрын тосны нийлүүлэлтэд бэрхшээл тулгарсантай холбогдуулан стратегийн нөөцөөсөө гаргах шийдвэрийг Пүрэв гарагт зарласан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

