Мягмар гарагт USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлөгт “түрэмгий” байдлаар ойртож ирсэн Ираны нисгэгчгүй онгоцыг буудаж унагаснаа АНУ-ын армийн албан тушаалтан мэдээлжээ.
Энэ үйл явдал хоёр улс цөмийн яриа хэлэлцээ эхлүүлэх арга замыг хайж байгаа цаг үед тохиож байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп байлдааны хөлгүүдээ Ойрх Дорнодод төвлөрүүлж, тохиролцоонд хүрч чадахгүй бол Иранд довтлохоор сүрдүүлж байгаа.
Ираны Шахед-139 нисгэгчгүй онгоц тэнгисийн тээвэрлэгч хөлөг рүү “зорилго тодорхойгүй” ойртож ирсэн тул F-35 сөнөөгч онгоцноос буудаж унагасныг албаны эх сурвалж мэдээлжээ.
“Abraham Lincoln хөлөг дээрээс хөөрсөн F-35C сөнөөгч нисэх онгоц тээвэрлэгч хөлөг болон түүн дээр байгаа алба хаагчдыг хамгаалах зорилгоор Ираны нисгэгчгүй онгоцыг буудаж унагасан” гэж АНУ-ын цэргийн төв командлалын хэвлэлийн төлөөлөгч, тэнгисийн цэргийн ахмад Тим Хокинс хэлсэн байна.
Энэ үеэр АНУ-ын цэргийн алба хаагч хохироогүй, тоног төхөөрөмж гэмтээгүйг тэр нэмж мэдээлжээ.
НҮБ дахь Ираны төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Ираны Tasnim агентлаг улс дундын тэнгисийн усан дээр нисэж байсан дронтой холбоо тасарсан талаар мэдээлсэн ч шалтгааныг дурдаагүй юм.
Өнгөрсөн сард Тегераны эрх баригчид иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг нухчин дарсны дараа АНУ-ын тэнгисийн флотын Lincoln цохилтын бүлэг Ойрх Дорнодод ирж байрлаад байгаа.
Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Трамп хөндлөнгөөс оролцохоор Ираны эрх баригчдыг сүрдүүлж байсан ч ямар нэг алхам хийгээгүй.
Харин сүүлд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхийг Тегераны эрх баригчдаас шаардаж эхэлсэн юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт энэ талаар Ираны талтай “нухацтай ярьж” байгаагаа мэдэгдсэн бол Тегераны дэглэмийн аюулгүй байдлын өндөр албан тушаалтан Али Ларижани яриа хэлэлцээнд бэлдэж байгааг бас мэдээлсэн байна.
Өчигдөр дрон устгаснаас хойш хэдхэн цагийн дараа Ормузын хоолойд Ираны Хувьсгалт Гвардын хүч АНУ-ын далбаа, америк багийн бүрэлдэхүүнтэй худалдааны хөлөгт дарамт шахалт үзүүлжээ.
“Хувьсгалт Гвардын хоёр завь болон нэг Мохажер дрон M/V Stena Imperative хөлөгт өндөр хурдтай ойртож, олзлохоор сүрдүүлсэн байна” гэж Хокинс энэ талаар мэдээлсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Ираны завинууд хөлгийн багт хөдөлгүүрээ унтрааж, буухад бэлдэх тушаал өгсөн гэнэ. Гэвч хөлөг хурдаа нэмж, аяллаа үргэлжлүүлжээ.
Дараа нь тэнгисийн энэ хэсэгт хөвж байсан АНУ-ын тэнгисийн флотын McFaul байлдааны хөлөг М/V Stena Imperative хөлгийг даган хамгаалж, хоолойгоос гаргасан байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!