Уншиж байна ...

Оросын эсрэг авсан Илон Маскийн арга хэмжээ бодитой үр дүн харуулж эхэлснийг Украины тал мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Оросын алсын тусгалын нисгэгчгүй онгоцноос Старлинкийн терминал илэрсэн талаар Украины эрх баригчид мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоохыг SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маскаас хүсэж байв.

Ням гарагт Маск сошиал хуудсандаа “Оросын тал Старлинкийг зөвшөөрөлгүй ашиглаж байсныг зогсоох арга хэмжээг бид авсан. Илүү зүйл хэрэгтэй бол бидэнд мэдэгдээрэй” гэж бичсэн юм.

Тэгвэл өчигдөр Украины батлан хамгаалахын сайд Михайло Федоров авсан арга хэмжээ нь бодитой үр дүн харуулж эхэлснийг мэдэгдээд Маскийг “эрх чөлөөний төлөө тэмцэгч, Украины ард түмний жинхэнэ найз нөхөр” хэмээн магтсан байна.

Старлинкийн терминал суурилуулсан Оросын дронууд сүүлийн үеийн хэд хэдэн томоохон халдлагад ашиглагдаж байв. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт ийм дрон зорчигч тээврийн галт тэрэгт халдсаны улмаас зургаан хүн амиа алдсан юм.

Старлинк бол дэлхийн өнцөг булан бүрд тойрог замын хиймэл дагуулаас өндөр хурдны интернэтийн үйлчилгээ үзүүлдэг SpaceX компанийн бүтээгдэхүүн.

2022 онд дайн эхэлсэн цагаас хойш Украины зэвсэгт хүчин Старлинкийг янз бүрийн зориулалтаар ашиглаж байгаа.

Старлинк ашиглан алсын зайнаас удирдагддаг Оросын дронууд нам өндөрт нисдэг тул устгахад маш хэцүү байжээ.

Оросын тал хямд өртөгтэй Молния-2 дроноо Старлинкийн терминалаар тоноглож эхэлснээс хойш тулааны талбарт үзүүлэх үр дүн нь эрс сайжирсныг ISW (Institute of War) судалгааны хүрээлэн нэгдүгээр сарын дундуур анх мэдээлж байв.

Маск, Федоров нарын хэн нь ч SpaceX ямар арга хэмжээ авсан талаар тайлбарлаагүй байна.

Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр Украины нутаг дэвсгэрт ажиллах Старлинкийн терминалын шилжилт хөдөлгөөний дээд хурдыг 75 км/цаг болгон хязгаарласан гэнэ.

“Оросын дронууд маш хурдтай нисдэг тул одоо операторууд нь тэднийг бодит цагийн горимд удирдах боломжгүй болсон” гэж Украины батлан хамгаалахын эх сурвалж тайлбарлажээ.

Украины засгийн газар одоо дээрх хурдны хязгаарлалтад хамаарахгүй Старлинк терминалуудын “цагаан жагсаалт” гаргахаар ажиллаж байгааг өчигдөр Федоров мэдээлсэн байна.

Уг жагсаалтад багтаагүй бүх терминалын хурд хязгаарлагдах гэнэ.

Маскийн авсан арга хэмжээ зөвхөн дроноор хязгаарлагдахгүй, фронтын шугамын харилцаа холбоонд ч сөргөөр нөлөөлж болзошгүйг Оросын цэрэг, дайны блогчид анхааруулан бичсэн байна.

Өчигдөр бас Оросын суртал нэвтрүүлэгчдийн нэг Владимир Соловьев өөрийн нэвтрүүлгээр ярихдаа Маскийн арга хэмжээний хариуд Орос улс сансарт цөмийн бөмбөг дэлбэлж, Старлинкийн хиймэл дагуулуудыг устгах санаа дэвшүүлжээ.

Старлинкийн үйлчилгээ Украины армийн тулааны чадварт чухал нөлөөтэйг Федоров хүлээн зөвшөөрдөг. Өмнө нь дижитал шилжилтийн сайд байсан 35 настай түүнийг өнгөрсөн сард ерөнхийлөгч Зеленский батлан хамгаалахын сайдаар томилсон юм.

Федоров өөрийн батлан хамгаалах системийг орчин үеийн технологитой нягт уялдуулж, датад суурилсан кибер дайны стратегийг хөгжүүлэхээ амлаж байв.

 

Эх сурвалж: BBC