Улаанбаатар хотод сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар болоод буй.
Энэ тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотын хэмжээнд жилд найман удаа их цэвэрлэгээг зохион байгуулж, хотын өнгө үзэмж, цэвэр цэмцгэр орчныг сайжруулахад анхаарч ажилладаг.
Сар шинийн баярын өмнө буюу хоёрдугаар сарын 10-15-ны хооронд эхний удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Ингэснээр сар шинийн баярын өдрүүдэд хот цэвэр цэмцгэр байх боломж бүрдэнэ.
Их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд шуурхай тээвэрлэж, дүүргүүдийн 300-500 орчим машин, техник бэлэн байдалд ажиллана. Хог хаягдлыг цаг алдалгүй тээвэрлэх зорилгоор шөнийн уртасгасан тээвэрлэлт хийх чиглэлийг дүүргүүдэд өгч байна. Иймд дүүрэг, хороод, ААН байгууллага, иргэдийг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах үүрэгтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!