Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөж, 110 МВт-ын Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92 хувьд хүрчээ. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг барих бөгөөд энэ сард багтааж эцсийн гүйцэтгэгчийг шалгаруулах юм байна.
Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус станц нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит станц байх юм.
Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуурын станцыг барина. Оргил ачааллын үед эрчим хүчний ачааллаас хуваалцах тус төслийн гүйцэтгэгчийг энэ сард багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлээр шалгаруулна. 90 МВт батарей хуримтлуурын станцыг Сэргэлэн дэд станцтай холбож, дутагдаж байгаа эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмрээ оруулна” гэж ярив.
Монгол Улсын эрчим хүчний ачаалал жил бүр 11-15 хувиар нэмэгддэг бөгөөд ирэх дөрөвдүгээр сард нийслэл хотод Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!