“Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх: Монгол Улс ба Япон Улс” сэдэвт зургаа дахь удаагийн хамтарсан семинар Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр зохион байгуулагдав.
Энэ үеэр “Япон улсын гэр бүлийн шүүхийн байгууллагын бүтэц ба үйл ажиллагааны онцлог” сэдвийн хүрээнд Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газрын профессор Рю Хигүчи дараах илтгэлийг танилцуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ "Манай улсад гэр бүлийн харилцаатай холбоотой хэргийг арбитр болон эвлэрүүлэн зуучлалын хэрэг гэж хоёр ялгаатай ажиллагаагаар явуулдаг.
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлалын систем Монгол Улсад ч бий.
Эвлэрүүлэн зуучлал нь харилцан тохиролцсоны үндсэнд маргааныг хэлэлцүүлгийн журмаар шийдвэрлэхийг зорьдог. Жишээлбэл салалтын хэргийг авч үзвэл Японд харилцан тохиролцоод эвлэрүүлэн зуучлалаар салах боломжтой. Эхний салалт нь эвлэрүүлэн зуучлалаар явдаг учраас шүүхээр шийдвэрлэдэггүй.
Гэхдээ нийт салалтын хэргийн 10 хүрэхгүй хувьд нь талууд эвлэрүүлэн зуучлалын тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд шүүхэд шилждэг.
Гэр бүлийн салалтын хэргээр шүүхэд шууд нэхэмжлэл гаргах боломжгүй. Дор хаяж нэг удаа гэр бүлийн зуучлалаар дамжих ёстой. Зуучлалын журмаар нэг шүүгч, эвлэрүүлэн зуучлах комиссын нэг шүүгч, хувийн хэвшлээс сонгогдсон хоёр ба түүнээс дээш зуучлагчдаас бүрдсэн Зуучлалын хороо ажилладаг.
Улмаар хоёр талын нөхцөл байдал санал бодлыг сайтар сонсоод аль алинд нь сэтгэл ханамжтай байдлаар шийдвэрлэхэд нь зөвлөгөө зуучлал үзүүлдэг" хэмээн хэллээ.
Мөн "Эвлэрүүлэн зуучлах тохиролцоонд хүрч чадахгүйгээр зуучлал амжилтгүй болбол гэр бүлийн шүүх зуучлалын оронд шийдвэр гаргаж болдог.
Талуудын ирүүлсэн материалыг үндэслээд нотлох баримтыг үндэслэн шүүгч шийдвэрээ гаргана.
Шийдвэр гаргаснаас хойш хэрэг хоёр долоо хоногийн дотор аль нэг талд нь давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болно. Хэрэв хоёр долоо хоногийн дотор давж заалдах шийдвэр, эсэргүүцэл гомдол гаргавал шийдвэр нь хүчин төгөлдөр болохгүй гэсэн үг. Энэ тохиолдолд гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тал нь шүүхэд шинээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж болдог.
Гэр бүлийн хэрэг дотор салалтаас бусад заавал эвлэрүүлэн зуучлал шаарддаггүй хэргүүд бий. Үрчлэлтийг зөвхөн шүүхийн шийдвэр гаргах журмаар шийдвэрлэнэ. Мөн бусад гэр бүлийн эрх зүйн хэргүүд байдаг.
Тухайлбал хүүхдийг нь хэн асран хамгаалах, хүүхдийн тэтгэмжийг хэр их төлөхийг тодорхойлох зэрэгт заавал зуучлал шаардахгүй" хэмээв.
Профессор Рю Хигүчи "Японд 18 нас хүрвэл Иргэний хуулийн дагуу насанд хүрсэн гэж үзнэ. Харин Эрүүгийн хэргийг 20 нас хүртэл гэр бүлийн шүүхээр хянан шийдвэрлэдэг буюу 20 нас хүртэл нь насанд хүрээгүй гэж үздэг.
Насанд хүрээгүй хүнийг тодорхойлоход насны доод хязгаар гэж байхгүй. Гэхдээ Эрүүгийн хуулийн дагуу 14 нас хүрээгүй хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээдэггүй учраас Эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл хийсэн ч гэмт хэрэгт тооцогддоггүй. Өөрөөр хэлбэл хэрэг хариуцах чадваргүй гэж үздэг.
Гэр бүлийн шүүхээс 18 нас хүрээгүй хүний хэргийг зөвхөн гэмт хэрэг үйлдэх эрсдэл өндөр байгаа үед хянан шийдвэрлэнэ. Эдгээрийг болзошгүй гэмт хэрэг гэж нэрлэдэг" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!