Уншиж байна ...

Өв залгамжлалын өндөр татвар Өмнөд Солонгосыг хамгийн олон саятнаа гадаадад алдаж буй дэлхийн дөрөв дэх улс болгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Henley & Partners зөвлөх компани өчигдөр дэлхийн улс орнуудын баян чинээлэг иргэдийн шилжилт хөдөлгөөний талаар судалгааны тайлангаа танилцуулжээ.

Ингэхэд саятнуудаа хамгийн олноор гадагшаа алдаж буй дэлхийн улс орнуудыг Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос тэргүүлсэн байна.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосоос 2,400 саятан гадаад руу дүрвэсэн нь 2024 оны 1,200-аас хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ.

Бусад улсуудын хувьд улс төрийн болон аюулгүй байдал гадаадад дүрвэх гол шалтгаан болдог бол Өмнөд Солонгосын хувьд өв залгамжлалын өндөр татвар чинээлэг хүмүүсийн зугтах гол шалтгаан болсон байна.

“Солонгосын 60 хүртэл хувийн өв залгамжлалын татвар хөрөнгө гадагшаа урсах гол хүчин зүйл болж байна” гэж Солонгосын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын албан тушаалтан дүгнэжээ.

Тус улсын Үндэсний Ассамблей дэлхийн хамгийн өндөр өв залгамжлалын татварын хэмжээг бууруулах хуулийн төслийг хэлэлцэж байснаа одоо түр зогсоогоод байгаа юм.

Өв залгамжлалын татварын орлогын хэмжээ 2024 оны 9.6 их наяд воноос 2072 онд 35.8 их наяд вон ($25 тэрбум) болж өсөх тооцоог судлаачид гаргасан байна.

Ингэж огцом өсөх тооцоо гарсан нь хүмүүс өндөр наслах болсон, өв залгамжлалтай холбоотой хуулийн шинэчлэл удаа дараа хойшлогдож байгаа зэрэгтэй холбоотой гэнэ.

“Өв залгамжлалын өндөр татвар нь бизнесийн хөрөнгө оруулалтыг сулруулж, хувьцааны ханшийг унагаж, хяналтын багц хувьцаагаа зарахад хүргэж байна” гэж Солонгосын Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын судалгааны хэлтсийн захирал Кан Сог Гү тайлбарлажээ.

Тус байгууллага одоо өв залгамжлагчид татвараа 20 жилийн турш цувуулж төлдөг болгохыг засгийн газартаа уриалж байгаа юм байна.

Одоогоор зөвхөн жижиг, дунд бизнесийн өв залгамжлагчдад ийм хугацаа үйлчилдэг бол том хэмжээний компаниудын өв залгамжлагчид 10 жилийн дотор татвараа төлөх үүрэгтэй байдаг.

Мөн тус байгууллага өв залгамжлалын татварыг олон нийтэд арилжаалагддаг хувьцаагаар төлөх хувилбар нэвтрүүлэхийг засгийн газартаа уриалж байгаа юм байна.

“Төлбөрийн аргыг сонголттой болгох нь татварын орлогын бууралтыг багасгаж, гэр бүлийн бизнесийг хадгалж үлдэхэд тустай юм” гэж танхимаас гаргасан мэдэгдэлд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Korea Times