Тайландын цагдаа нар Паттая хотын ойролцоох эзгүй газраас хүний мөчилсөн цогцос олсныхоо дараа түүний амийг хөнөөсөн байж болзошгүй Оросын хоёр иргэнийг баривчилжээ.
Энэхүү “аймшигтай” гэмт хэргийг мөрдөгчид өрийн асуудлаас сэдэлтэй гэж сэжиглэж байгаа юм байна.
30 настай хохирогч Михаил Емельяновын биеийн хэсгүүдийг тараан хаясан байсныг цагдаа нар Ням гарагт олжээ.
Улмаар тухайн өдрийн орой нь Бангкокийн нэг зочид буудлаас 35 настай Ярослав Демидов, 38 настай Дмитрий Маскалев нарыг баривчилсан байна.
Тэд одоогоор гэмт хэрэг үйлдсэнээ үгүйсгэж байгаа гэнэ.
Хохирогч хамгийн сүүлд нэгдүгээр сарын эхээр сэжигтнүүдийн нэгтэй цуг мопедоор цогцос олдсон газрын ойролцоох орон сууц руу явж байгаад хяналтын камерт бичигджээ.
Гэвч хохирогч тэр цагаас хойш дахин хэзээ ч харагдаагүй, харин хоёр сэжигтэн энэ хооронд цогцос олдсон газар руу хэд хэдэн удаа мопедоор явж байгаад бичигджээ. Тэднийг цогцсын хэсгүүдийг мопедын суудал дор нууж гаргасан байх гэж үзэж байгаа гэнэ.
“Энэ бол маш жигшүүртэй, олон нийтийг цочирдуулсан аймшигтай хэрэг. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа ч хэргийн шалтгаан өөр зээлийн асуудалтай холбоотой байж магадгүй байна. Талийгаач энд хоёр жил амьдарсан бөгөөд бусдад их хэмжээний өртэй байсан нь тогтоогдсон” гэж Нон Пруе дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, дэслэгч генерал Чатчай Сурачетфонг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Емельяновын ээж $120,000-ын өртэй холбоотой заналхийлэл утсаар хүлээж авсныхаа дараа нэгдүгээр сарын 12-нд Тайландад ирж, сураггүй алга болсон хүүгийнхээ талаар цагдаад мэдээлсэн юм байна.
Удалгүй Нон Пруе дүүргийн оршин суугчид хотхоноос нь 50 метр зайд оршдог орхигдсон газраас эвгүй үнэр гарах болсон тухай цагдаа нарт мэдээлжээ.
Нэг гэрч нохой нь үл мэдэгдэх амьтны том яс зууж гэртээ ирсэн, юуны яс болохыг нь мэдэлгүй гаргаж хаяснаа хэвлэлд ярьсан байна.
“Би түүнийг нь нэг их юм бодолгүй гаргаж хаясан. Энэ бол хуучин төмсний талбай байгаад хаягдсан, одоо эзгүйрч, хэн ч зүглэхээ больсон газар” гэж тухайн гэрч ярьжээ.
Емельяновыг каннабисын наймаа эрхэлдэг байсан гэх мэдээлэл Тайландын зарим хэвлэлүүдэд нийтлэгдсэн байна.
Гэхдээ цагдаагийн удирдлага үүнийг баталж чадаагүй байгаагаа мэдээлжээ.
“Хохирогчийн эрхэлдэг ажил бизнесийн талаар мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч тэрбээр хэд хэдэн хүнтэй янз бүрээр хамтран ажиллахдаа их хэмжээний өр хуримтлуулсан нь мөрдлөгийн явцад тогтоогдсон” гэж генерал Чатчай хэлсэн байна.
Тайланд нь 2022 онд каннабисыг зөвхөн эмчилгээний зориулалтаар тариалах, борлуулахыг зөвшөөрсөн Азийн анхны улс болж байв.
Хэдийгээр ийм хязгаарлалттай ч каннабисыг зугаа цэнгээний зорилгоор хэрэглэх явдал ялангуяа аялал жуулчлалын бүс нутгуудад эрчимтэй нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид төдийгүй гэмт хэрэгтнүүдийн анхаарлыг татах болсон байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!